Шинэ мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө2-р сарын 16"Шалгах тусам" Т.Баясгалангийн Эрүүгийн хэрэг нь замхарчихсан уу?2-р сарын 16Засгийн газрын жанжин шугам нь “Алсын хараа-2050” хөтөлбөр2-р сарын 16Ч.Даваадаш: Эрдмийн болоод эвийн хүчээр чинээлэг амьдрах боломж бидэнд бий2-р сарын 11Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...2-р сарын 10Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг хамтран хийнэ2-р сарын 5Ихэнх нутгаар 1-14 хэмээр хүйтний эрч суларсан байна2-р сарын 5А.Мэнд-Орших: Төр тендер завшдаг учраас бид гадаад зах зээлд гарч чадахгүй байна2-р сарын 5Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: УОК-ын хийж чадахгүй байгаа ажлыг аймагтаа зохион байгуулъя л гэсэн юм2-р сарын 5ШҮҮХ: Сайд Х.Нямбаатар шүүх, шүүгчийн нэр төрд халдаж, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг мэдэгдэж байна2-р сарын 5С.Амарсайхан: Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахгүй2-р сарын 5Орон нутаг руу зорчих үнэ 300 мянган төгрөг болж өсчээ2-р сарын 5Шүүх “Туркойз Хилл Ресурс”-ын талд шийдвэр гаргав2-р сарын 5

Монгол орон ядарсан орон биш ээ

2021 оны 2-р сарын 16  -  13 цаг 30 минут

Бид улс орныхоо хөгжилд сэтгэл дундуур байдаг. Эдийн засаг нь ганцхан уул уурхайгаас хараат байна, төсөв үргэлж алдагдалтай байх боллоо, өр зээлэнд баригдчихлаа гэж халагладаг. Мөнхийн хөрш болсон хоёр том гүрэнтэйгээ харилцаж чадахгүй, хэтэрхий нунж дорой байснаасаа болж татварт дарлуулж суугаагаа гайхдаг.

Цаашлаад улстөрчид нь авлигад идэгдчихлээ, төрийн түшээд гэж ард түмнийхээ тархийг угаахаас өөрийг чадахгүй амьтад байх юм гэж орилцгоодог. Бид цаг үргэлж л Монгол Улсад болж бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга гэцгээж, салбар бүрийнхээ алдаа мадгийг ам уралдан ярьцгаадаг. Энэ улс хэзээ мөдгүй дампуурч, тусгаар тогтнолоо алдах нь гэж сүржигнэдэг хүмүүс ч цөөнгүй байдаг нь үнэн.

Гэвч цар тахал гарсан энэ хоёр жилд бид тийм ч ядарч зүдэрсэн, яадгаа алдсан орон биш гэдгээ мэдэрлээ. Цар тахлаас болж анх удаа хөл хориход бид дээр дооргүй сандралдсан даа. Гурил, будаа, элсэн чихрээ хэдэн арван кг-аар нөөцөлж, ерөөсөө нэг оройд бужигнацгаагаад л нийслэлийн зах, дэлгүүрүүдийн лангууг хоосолчихсон. Одоо л хүнсээ нөөцөлж авахгүй бол дахиад олдохгүй, манай улс хэзээ ч хүнсээ татаж чадаа билээ ядаж л өлбөрч үхэхгүй байх минь гэсэн сэтгэхүйгээр байгаа бүх мөнгөө шавхаад хүнсээ цуглуулсан нь энэ. Одоо ингээд л өлсгөлөн нүүрлэх юм бодоцгоосон.

Ингэж бужигнаснаас хойш дариу нэг жил өнгөрчээ. Энэ удаад Цагаан сарыг угтаж улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, мөн л хатуу хөл хорио тогтоолоо. Өнөөх бужигнасан олон дахин айж мэгдэж, шуудай шуудайгаар нь гурил, будаагаа нөөцлөх болов уу гэтэл ер тийм зүйл ажиглагдсангүй. Ёсыг бодож хэдэн хэвийн боов, тавгийн ааруул, чихрээ л цуглуулав бололтой. Жилийн өмнө л өвчин тусахаасаа бус өлбөрч үхэх вий гэдгээсээ айж суусан монголчууд энэ удаад тэс өөр ааш аяг гаргасан нь яалт ч үгүй төрдөө, улс орондоо итгэж байгааг харууллаа. Монгол Улс ядруу орон биш гэдгийг иргэдийн энэ хандлага бүрэн дүүрэн илэрхийллээ. Очоод авчих юмтай хүмүүс юундаа ч сандрах билээ.

Үнэхээр л бүтэн жилийн турш хил хаалттай байлаа. Бид бүтэн жил “цоожтой” гэрт сууцгаасан. Энэ хугацаанд бид яг л өөрсдийнхөө нөөц бололцоогоор амьдарлаа. Ард түмнээ гурил, будаа, элсэн чихрээр лав тасалсангүй. Махаар тасрахгүй нь ч ойлгомжтой. Дотоодын үйлдвэрүүд маань чадах хэмжээндээ өндгөө түгээсээр байгаа. Нарийн ногоог эс тооцвол төмс, манжин, лууван дэлгүүрийн лангуунд өрөөтэй байж л байна. Тоо ширхэг нь эрс цөөрсөн бүтээгдэхүүн гэвэл виски л байх шив дээ. Дэлхий даяар цар тахал тархаж, хаа хаанаа амь амиа бодож байгаа энэ цаг үед виски зэрэг ч тансаг хэрэглээнд орох нь мэдээж. Бид хэтэрхий тансаг хэрэглээнд дасчихаад түүгээрээ нөхцөл байдлыг хэмжиж, хэцүү болгож хараад байж болохгүй л дээ.

Хоёр нийгэм солигдож, Орос хилээ хаасан тэр цаг үед бид картын бараанд орсон. Дэлгүүрийн лангуу бүрэн утгаараа хоосорч, бүх нийтээрээ гурилаа граммлаж авч идэж байлаа. Ийм хүнд хэцүү үеийг тахлын энэ үетэй харьцуулашгүй байна аа. Саяхан “Картаа хаячихаад хоногийн хоолгүй боллоо гэж уйлж зогссон цаг саяхан даа, тэр үеийг бодоход цаг сайхан болжээ” гэж хижээл насны эмэгтэй ярьж зогссоныг тод санаж байна. Тэр үетэй харьцуулахад бид өнөөдөр чадалтай орон болжээ. Иргэд анхны хөл хорио тогтооход яг тэр картын үеийн хүнд хэцүү цаг санаанд нь бууж бүгд дэлгүүр хоосолсон. Гэвч маргааш нь дэлгүүрт ороод урьд өдрөөсөө ч их бараатай болчихсон дэлгүүрийн эзэн дахиад хэдийг авах уу гээд малилзаад угтах үед л хүмүүс өөрсдийгөө арчаагаа алдсан оронд амьдарч байгаа биш ээ гэдгээ ойлгосон байх. Хэнээс ч, хаанаас ч хараат бусаар ард түмнээ гэдэс цатгалан байлгаж чадаж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн энэ 30 жилд ямар ч бэрхшээл тулгарсан гурван сая иргэнээ хүнсээр таслахгүй байх хэмжээний чадавхтай болж. Иргэдэд ч эх орноо ийм хэмжээнд хүрч чаджээ гэх итгэл гүн бат төрсөн байна. Өөрсдийгөө дутуу үнэлж голдог цаг нэгэнт ард хоцрох болжээ.

Гэхдээ бид үүнд ханаж болохгүй. Цаашид бидэнд анхаарч, төвлөрөх олон зүйл байна. Одоо бид дараагийн шатанд гарах хэрэгтэй. Хүнсээр төдийгүй бараа таваар, нэн шаардлагатай үед хэрэгтэй эм, эмнэлгийн хэрэгслээр өөрсдийгөө хангах хэмжээнд хүрэх ёстой. Иймийн тулд бид шинжлэх ухааны салбараа чухалчилмаар байна. Бид өнгөрсөн 30 жилд шинжлэх ухаан гээч хөгжлийн түүчээ болох ёстой салбараа ор тас мартчихсан. Ямар сайндаа улсын төсвийн 0.2 хувийг л шинжлэх ухаанд зориулаад байж байхав. Уг нь бидэнд энэ салбараа хөгжүүлээд аваад явах боломж бүрэн бий. Тэр болгон ойшоож тоодоггүй болохоос манай улсад эрдэм мэдлэгээрээ дэлхийн энд хүрсэн эрдэмтэн ч олон доо. Бүр гадныханд чаддаг, мэддэгээ зааж сургаж яваа нь цөөнгүй юм билээ.

Үүний тод жишээ бол цар тахал гарсны дараахан монгол эрдэмтэн коронавирус яаж ч мутацид орсон бай оношлох боломжтой оношлуур бүтээснээ зарласан явдал. Гэсэн ч төр засаг хэнэггүй зан гаргаж тэрхүү эрдэмтнийг нэг нүдээрээ ч тоож хараагүй. Ер нь цар тахал гарлаа гэхэд бид гадныхан хэзээ вакцин үйлдвэрлэх бол гэж амьсгаа даран чагнаснаас манай шинжлэх ухааны салбарт ямар нөөц боломж байгаа билээ гэдгийг тогтож хараагүй. Уг нь бид малын гоц халдварт өвчин болох шүлхийг дардаг вакциныг өөрсдөө хийж чаддаг шүү дээ. Бидэнд вакцин үйлдвэрлэх дадлага, туршлага, үйлдвэр байсан гэсэн үг.

Харин бид эрдэмтдээ сонсож, итгэл үзүүлье гэсэнгүй. Эрдэмтдээ “яаж чадах вэ дээ” гээд үл тоогоод орхичихсон. Энэ цаг үед улс орон болгон өөрийн гэсэн вакциныг гаргачихсан байж байна. Угтаа бид эрдэмтдэд бүхий л нөөц боломжоо дайчлаад үзэх итгэл хүлээлгэж, багахан төсөв мөнгө гаргаад өгсөн бол өнөөдөр сайн мэдээтэй л суугаа. Лав л монголчууд өөрсдийн гэсэн вакцинтай болчихсон, иргэд нь эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр тариулахаар болчихсон байх байсан биз. Эрдэмтдийн маань чадвар, чансаа вакцин хийж чадах хэмжээнд байсан учраас өнөөдөр энд халаглаад байгаа хэрэг л дээ. Бид вакцин хийж чадах байсан юм. Энэ мэтчилэнгээр бид шинжлэх ухаанаа үнэлэхгүй, дэмжихгүй байснаараа олон зүйлээс хоцорчээ. Харин одоо л шинжлэх ухаанаараа бамбай хийж хамт урагшилмаар байна.

Шинжлэх ухааны салбартай хаяа нийлүүлэн авч явах ёстой салбар бол мэдээж боловсрол. Хатуухан хэлэхэд, Ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдэд уншиж, бичиж, тоолохыг л зааж сургадаг газар болжээ. Бие хүн болж төлөвшиж байгаа тэр үнэтэй цаг хугацаанд ядаж л сууж сурах, цагаа зөв зүйтэй төлөвлөхийг зааж, зорилго мөрөөдлөө тодорхойлж хэн болохоо шийдэхэд нь чиглүүлж чадахгүй байна. Их, дээд сургууль ч мөн ялгаагүй үүргээ биелүүлж чадахгүй байна. Жил жилийн диплом өвөртлөгчдөд мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгодог, эзэн болж чадах хүн нь хэд байгаа бол. Бодох л асуудал болсон. Одоо бид энэ салбараа өндийлгөх цаг болжээ. Багш нарын чадвар чансааг дээшлүүлэхэд анхаарах цаг нь ч болсон. Ерөнхий сайдын хэлж байгаачлан англи хэлийг хоёр дахь хэлээ болгох нь ч зөв. Үүнийг бүгд дуу нэгтэй дэмжих хэрэгтэй. Барууны боловсролыг нутагшуулъя гэж ярьж байгааг ч анхаарч үзэх нь зүйтэй. Боловсролын салбарт ямх ямхаар биш ингэж уг углуургаар нь өөрчлөлт хиймээр байна. Ингэж байж л ирээдүй хойч маань энэ техник технологийн эрэн зуунд бусадтай хөл нийлүүлж, цаашлаад түрүүлж алхана.

Өнгөрсөн хугацаанд бид хаа хаанаа хоногийн хоолоор тасрахгүйг хичээсэн. Тэр нь ч үнэхээр үр дүнд хүрснийг бид харлаа. Бид өнөөдөр ямар ч байдалд орлоо гэсэн бултаараа хоосон хонохооргүй болж. Одоо дараагийн шатанд гарахын тулд дээр дурдсанчлан шинжлэх ухаан, боловсрол цаашлаад үйлдвэрлэлийн салбартаа анхаарах хэрэгтэй байна. Хүн болгон шоргоолж шиг хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ бид дараагийн 30 жилд өнгөрсөн 30 жилийнхээсээ ч илүү үсрэнгүй хөгжиж чадна.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN