Шинэ мэдээ

ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЛЭЭР ЭХЭЛСЭН У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГЫН ШИНЭ ЖИШИГ ТОГТООЛОО1-р сарын 21Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ1-р сарын 21“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-р сарын 21Баруун 4 зам, 100 айл орчмын агаар хамгийн их бохирдолтой байна1-р сарын 21Иргэн Н.Хишигсүрэн: Коронавирусийн халдвар авснаа мэдэлгүй өрхийн эмчийн бичсэн эмийг ууж гэртээ зургаа хоног халуурч хэвтсэн1-р сарын 21НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар ажлаасаа чөлөөлөгдлөө1-р сарын 21Энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна1-р сарын 21Ч.Чинбат: Тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавируст халдвар тархаагүй1-р сарын 21ХӨСҮТ: Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1584 боллоо1-р сарын 21Хойд соронзон туйл Cибирт “аялж” байна1-р сарын 20Д.Ихбаяр: Үйлчилгээний газарт хандсан иргэдийн QR бүртгэлжүүлэлт хангалтгүй байна1-р сарын 20Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хүн амын 60 хүртэл хувийг вакцинжуулахад зарцуулна1-р сарын 20ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх сарын 1-нээс эхэлнэ1-р сарын 20Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна1-р сарын 20Монгол Улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа1-р сарын 20Маршал Х.Чойбалсангийн гоёмсог хантааз1-р сарын 20ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсчээ1-р сарын 20“Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал ирэх сарын 1-нд болно1-р сарын 20ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1568 боллоо1-р сарын 20С.Ганбаатар: "Үнэг, шаазгай хоёрын үлгэр"-т цэг тавих цаг болсон1-р сарын 20Х.Баттулга Оюутолгойг, У.Хүрэлсүх төмөр замыг "ухаад" эхэллээ1-р сарын 20Нэгдүгээр төрөх эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг Гурван гал, Амгалан болон Өргөө амаржих газарт түр шилжүүлжээ1-р сарын 20Л.Оюун-Эрдэнэ л юм байна1-р сарын 20Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ1-р сарын 20​Шуурхай: 'Эх нялхас'-т коронавирусийн халдвар илэрлээ1-р сарын 19Нэгдүгээр төв эмнэлэг хоногт 6,000-8,000 хүнд шинжилгээ хийх 24 цагийн PCR лабораторитой боллоо1-р сарын 19Б.Батдавааг ҮСХ-ны даргаар томилохыг МАН-ын бүлэг дэмжжээ1-р сарын 19БНЭУ-аас ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцин нийлүүлнэ1-р сарын 19З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан1-р сарын 19Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо1-р сарын 18

Н.Отгонтогос: Алтжингийн дүрд Сүххуягтай өвөртөө ороход эрчүүд илүү ичимхийг мэдэрсэн

2021 оны 1-р сарын 8  -  14 цаг 44 минут

Мандухай цэцэн хатан”  киноны  үзэсгэлэнт Алтжин хатны  дүрийг хорин хоёрхон насандаа амилуулж, өнөө хир нь тэр дүрээрээ олондоо дуудагдаж яваа хатагтай Н.Отгонтогосыг “Эрхэмсэг хатагтай” буландаа зочноор урилаа. Жүжигчин болохын төлөө  цэвэрлэгчийн хувин, шүүрээс  ч шантраагүй Дарханы унаган охин тэрбээр өдгөө тавь шахам кинонд тоглож урлагтаа зүрх сэтгэлээ харамгүй  өгсөн нэгэн. Айлын есөн хүүхдийн отгон нь болж мэндэлсэн алдарт “Алтжинг” Орос эмч эх барихдаа Тогос хэмээн өхөөрдөн нэрлэжээ. Цаг үргэлж нэг тийш яарч байх СТА, жүжигчин Н.Отгонтогосын тайз дэлгэцийн олон бүтээлүүдээс Монголчууд хаа ч явсан Алтжингийн дүрийг нь онцолдог ч өөрөө бол сайн дүр гэж үнэлдэггүй даруухан хатагтай. Хагас мянган охидоос  гоо үзэсгэлэн, ур чадвараараа  Монгол киноны алтан үеийн архагуудын нүдэнд эрхгүй торж чадсан тэрбээр залуу насаа ч мэдрэх сөхөөгүй сүрдэж зогссон гэдэг. Түүнтэй уулзахаар гэрт нь очиход их урлаг тийш хязгааргүй хөтөлсөн гэх Орос киног шимтэн харангаа “Жүжигчдийнх нь тоглолтоос их юм хардаг юм” хэмээгээд, эрх байрын бяцхан нохойгоо хооллож суув. МУГЖ, кино найруулагч И.Нямгаваагийн хамт “Хязгааргүй” хэмээх кинонд хамтран ажилласан энэ хатагтайтай ярилцсанаа хүргэхэд таатай байна.

– Таньтай  цаг товлосоор удаан хугацаа өнгөрчээ. Цаг нартай уралдаж явдаг таны хувьд уран бүтээлийн олз омог арвин байгаа бололтой?

– Би жилд хоёроос гурван кинонд жүжигчнээр ажиллаж, нэг, хоёрдугаар найруулагчийн ажлын зэрэгцээ  зургийн дарга хийдэг. Сүүлийн гурван жилийн уран бүтээлийн хувьд Б.Батбаяр гуайн ”Богд хаан” кинонд нэгдүгээр найруулагчаар ажилласан. Үүний дараа өнгөрсөн жил арван есөн богино хэмжээний кино хийгдсэн. Энэ киноны найруулагчийн багт орж ажилласан. МҮОНТ-ийн “Огцом эргэлт” кинонд хуульч Батчимэг бүсгүйн дүрд тоглосон. Хамгийн сүүлд 2013 онд “Хязгааргүй” уран сайхны кинонд жүжигчин хариуцсан найруулагч, гүйцэтгэх продюссерын ажлыг хийлээ. Энэ киноны зураг авалтыг 2 сар орчим Дархан-Уул аймагт авсан. “Хязгааргүй” уран сайхны кино 2 сард нээлтээ хийнэ. Уг киноны ерөнхий найруулагчаар И.Нямгаваа найруулагч шавь нарынхаа урилгаар ажилласан юм. Хязгааргүй гэхээр хүмүүс гайхаж болох юм. Амьдралд хүсэл мөрөөдөл, хайр дурлалаас эхлээд бүх юм хязгааргүй.Сэтгүүлч та нарын тухай ч энэ кинонд гардаг. Сэтгүүлч хүн ямар байх вэ, яаж ажиллах ёстой вэ, зарим  сэтгүүлчид бусдад туслахын тулд, үнэн мөнийг олохын төлөө яаж өөрийгөө зольж буйг энэ бүтээл хөндөнө. Энэ кинонд дандаа залуучууд оролцсон. Мөн манай ард түмний танил болсон Бямбацогт, Драмын театрын жүжигчин Цэрэнболд, Дарханы театрын жүжигчин Батмөнх, би өөрөө багахан дүрд  нь орлоо. Дорждэрэм продюссер сайдын дүрд, TV Cocktail-ын жүжигчин Цэнд-Аюуш гол дүрийн эмэгтэйн дүрд тоглосон. Гарамханд, Дөлбадрах, Пүүжээ эдгээр залуучууд арав гаруй жил тус тусдаа уран бүтээлээ хийж байсан.Гэхдээ хамтдаа нийлж энэ удаагийнх шиг уран бүтээл хийж байгаагүй. Одоо “Гэрэлт медиа” гэсэн груп байгуулж, анхныхаа уран бүтээлээ хийж  байна. Анхных гэхэд  их нэгдмэл   сайхан хамт олон дунд орж би ажиллалаа.Бие биедээ урам өгч, нэг нэгэндээ хүч өгсөн сайхан залуучуудтай хамт ажилласан.

– И.Нямгаваа найруулагчийн баргийн хүнтэй гар нийлэхээргүй, адармаатай занг хүмүүс андахгүй. Танд итгэл хүлээлгээд, хамтарч ажиллаад байдгийн шалгуур нь зан зангаа эртнээс мэддэгийнх үү?

–  Би кино драмын анги төгсөж ирээд “Хүүхэд залуучууд”-ын театрт орсон. Тэр үед И.Нямгаваа найруулагч “Гарын таван хуруу”, “Би чамд хайртай” зэрэг кинонууд хийсэн байсан. Намайг ажилд ороход “Бой” гээд кино хийж байсан. Энэ кинонд нь би туслах найруулагчаар ажиллаж байлаа. Эргээд бодоход Гаваа найруулагчийн зургаа, долоон кинонд туслах найруулагч хийж байсан байна. Өөрөө яагаад намайг сонгодог гэдгийг би мэдэхгүй байна. Тэр хүн урлагийн гал тогоонд сенсацитай хүн. Манай уран бүтээлчид  хатуу үгийг нь даагаад сурсан хүмүүс байдаг. Уран бүтээл дээр ажиллаж байхдаа түүнээс ихийг суралцаж байдаг. Би хувьдаа маш их юм сурсан. Зохиол уншаад батлахад энэ хүний арга барил нь ямар байна гээд л суралцаад эхэлдэг. Цаг барьж,аливааг яг цагт нь хийдэг. Нямгаваа найруулагч нэг санаа бодсон байхаараа маргааш нь зураг авалтаа монтажаар хөөгөөд  энэ дүр ингэх ёстой, энийг нь өөрчлөнө, ийм л юм хэрэгтэй гээд алхам бүрийг төлөвлөсөн байдаг. Миний хувьд  арга барилыг нь мэддэг, үгийг нь дааж чаддаг болсон. Нямгавааг хүмүүс ааштай гэж их ярьдаг. Тэр хүн уран бүтээлийнхээ төлөө аашилдаг, шаналдаг. Яг кинон дээр хамтраад ажиллахаар Нямгаваа найруулагч шиг хөгжилтэй, онигоо ярьдаг, хүмүүсээ сайн ажиллуулж чаддаг, загнах үедээ загнадаг, алдаа оноог нь хэлж өгдөг хүн ховор. Олон жил хамтран ажилласаар  бид хоёр зан зангаа авалцсан. Нямгаваа найруулагч киноны хаалтан дээр “би өөрийнхөө багийг бүрдүүлнэ. Тогосоог авчрахгүй бол би ажиллахгүй” гэсэн шаардлага тавьж байсан.Тогосоо байгаагүй бол бид  энэ их ажлын ард  гараа ч уу, үгүй ч үү. Танк шиг ажиллаж байсан Тогосоодоо баярлалаа” гэхэд догдлохгүй байхын арга байгаагүй. Яагаад гэвэл би Нямгаваагийн долоо, найман кинонд ажиллаж байхдаа нэг удаа ч магтуулж байгаагүй. Би загнуулж байснаас магтуулж явж байсангүй. Анх удаа л ийм үг сонссон. Зарим уран бүтээлчид над руу утсаар яриад, яагаад Гаваатай хамтарч ажиллаад байгаа юм бэ гэж асууж байсан. Надад бол нэгдүгээрт бүтээл нь гол байна, хоёрдугаарт тэр хүн надад итгэл өгч байна.Бид нарт уран бүтээлээс болоод муудалцах үе зөндөө байдаг. Муудалцаад, ам зөрөөд, бүр зодолдож байсан ч үе бий. Гэхдээ өнөөдөр  бүгдийг мартаад уран бүтээлийн төлөө нэгдээд, кино зохиолоо уншаад энийг яаж задлах вэ гээд  дөрвөн удаа задаргаа хийсэн. Найруулагч өглөө орж ирээд Тогосоо энийг яах вэ гээд зарим текстийг өөрөө бичиж энэ киноны төлөө амьдарсан. Би угаасаа ч шүүслүүлж амьдраад сурчихсан хүн.Тэрэндээ өөрөө ч дассан байна. Энийг хараад Нямгаваа гомдох байх. Сүүлийн үеийн найруулагч нар жүжигчинтэйгээ ажиллахгүй текстэйгээ ажилладаг болсон.  Энэ бол маш том эмгэнэл. Тексттэй жүжигчин өөрөө ажилладаг болохоос найруулагч ажилладаггүй. Жүжигчин гол цөмөө зөв авч явж байна уу гэдгийг найруулагч eрөнхийд нь харж байх ёстой байдаг. Эд нар өөрсдөө тоглох юм чинь гэсэн хандлагатай найруулагч нар их болсон. Энэ бол бид нарыг нэг ёсондоо алж байна гэсэн үг. Хүн бүхэн алдаа гаргадаг, тэрийг харж хэлж өгөх хүн бол найруулагч байдаг.

– И.Нямгаваа найруулагчийн эхнэр, таны дотны найз, жүжигчин Долгор та хоёрыг залуу байхад хүмүүс андуурдаг тохиолдол гардаг байсан. Зарим нь бүр аль нь Алтжин бэ гээд мөрийцөөд ирдэг байсан гэл үү?

– Долгор бид хоёр 1974 онд Драмын театрт цэвэрлэгчээр орж байлаа. Долгор намайг бодвол нэг шатаар дээгүүр үйлчлэгч байсан. Цэвэрлэгч 280 төгрөгний цалин авдаг байхад Долгор 300 төрөгний цалин авдаг. Үйлчлэгч гэдэг нь хүмүүсийг орж ирэхэд хувцсыг нь өлгөж, үүдэн дээр зогсож байдаг. Үйлчлэгч нар тусдаа өрөөтэй, цэвэрлэгч нар тусдаа өрөөтэй. Би цэвэрлэгч байсан. Улсын “хүүхэлдэйн театр”-т1985 онд дагалдан жүжигчин шалгаруулж авч байсан. Тэр үед кино драмын ангид гурван жилд нэг удаа шалгаруулж авдаг байлаа.  Долгор, Зандармаа гээд одоо гадаадад амьдарч байгаа найзтайгаа бид гурав нөхөрлөөд гучин жил болж байна. Хар багын найзууд гэдэг шалгарч үлддэг. Өөр зөндөө найзууд байгаа тэд нарыгаа муу хэлэхгүй. Манай найзууд нэг нэгнийхээ төлөө , ямар нэгэн хов жив байхгүй , бие биедээ гомдсон бол гомдлоо хэлдэг, шүүмжилвэл түс тас  хэлдэг нөхдүүд байгаа. Хар багын найзууд бүгдээрээ л урлагт  хайртай, хүсэл сонирхолдоо хөтлөгдөж анх нөхөрлөсөн.  Одоо ч гэсэн Долгор бид хоёрыг хүмүүс андуурдаг. Намайг “Сайн байна уу, Нямгаваа гуай сайн уу” гээд байхаар би гайхаад байдаг (инээв). Энэ кинонд хамт ажилласан хүүхдүүд Долгор эгч та хоёрын яриа ямар адилхан юм бэ гээд байсан. Ерөнхийдөө найзууд хоорондоо адилхан болдог. “Мандухай”-д тоглосны дараа бид хоёрыг Баянголд хоол идээд сууж байхад хоёр залуу ирээд “бид хоёр нэг шил архиар мөрийцсөн юм. Та хоёрын хэн нь Алтжинд тоглосон бэ” гэж асууж байсан (инээв).   Тэгээд хариуг нь хэлэхэд нөгөө хоёр “за, чи одоо надад архиа өгөх нь байна шүү” гээд явж байсан. Хүмүүс адилхан л гээд байдаг болохоос бид хоёр хоорондоо адилгүй л юм шиг санагддаг.

 – Та есөн хүүхэдтэй айлын отгон охин болохоор нандигнаж,  дэгжин нэр өгсөн байх. Хүмүүс сонирхож асуудаг байв уу?

– Манай аавыг Намсрай гэдэг.  Насаараа худалдаа үйлчилгээний трестэд нярав, нягтлан дарга хийж байсан. Намайг дөрөвдүгээр ангид байхад бурхан болсон.Ээж минь Жамбаа гэж насаараа цэцэрлэгт ажилласан тогооч мэргэжилтэй хүн байсан. Би зургаан эгч, хоёр ахтай айлын бага нь байсан. Анх Дархан хот байгуулагдаж байхад унаган иргэн нь болж төрсөн.  Намайг орос эмч эх барьж аваад Тогос гэж нэр өгсөн юм билээ. Манай аав, ээж хоёр Отгон гэдгийг нэмээд Отгонтогос гэж нэр өгсөн. Хүүхэд байхдаа энэ нэрнээсээ их ичдэг байлаа. Хөгшчүүд нэрээ бүтэн хэлж бай гэж хэлдэг. Намайг Отгонтогосоор маань мэддэггүй,  “Мандухай” киноны Алтжингийн дүрээр хүмүүс их мэддэг. Одоо би Etv телевизийн хорин ангит кинонд Тогосоо  нэрээрээ тоглож байгаа. Тэр характерист хийж орж ирсэн дүр л дээ.  Инээдтэй нь 50 орчим насны, гэр бүл тогтвортой, улаанаар уруул, хумсаа буддаг, тод өнгөнд сонирхолтой гэдэг нь надтай адилхан, Дархан хотод бүрэн дунд сургуулийг төгссөн гэж бичсэн байсан. Энэ киноны зохиолыг Наранжаргал эгч тэдний багийн гурав, дөрвөн залуучууд бичсэн. “Хангай ба түүний нөхдүүд” нэртэй киноны эдийн засгийн шинжээч бүсгүйн дүрийг надад зориулж  бичсэн. “Хайрын эрэлд” гээд кино одоогоос гурван жилийн өмнө “Боловсрол” телевизээр гарч байсан. Дуурийн театрын дарга Мөнхзул Улаалзгана Sonnie гэдэг дүрийг надад зориулж бичээд та ирж тоглож өгөөч гэж урьсан. Энэ дүрээр намайг хүмүүс их таньдаг  болсон. Би одоо тоглох кинондоо нэрээ солихгүй Тогосоо гэдэг нэрээрээ тоглоно гэж бодож байгаа. Эцэг эхийнхээ өгсөн энэ сайхан нэрийг хугалахгүй явна гэдэг маш том хариуцлага, хоёрт гэвэл хүний сайхан юм бол дотоод сэтгэл. Хүн муу юм ярихад зөв талаас нь бодож байх хэрэгтэй гэж би боддог. Хов хэлэх юм бол ховыг нь зөв талаас нь эргүүлж бодох хэрэгтэй гэж боддог. Энэ бол сэтгэл зөв байхын хамгийн наад захын жишээ гэж бодож байна.Сайхан хүүхэн гээд ааш муутай байх юм бол хэрэггүй. Сайн хүн болох гэсэн худлаа зан хүнд хэрэггүй. Тийм болохоор бүх юмыг гэгээлэг, зөв талаас нь боддог байх нь хамгийн чухал гэж боддог. Би худлаа ярихыг үзэн яддаг, худлаа ярьж байгаа хүнийг харахаар миний уур хүрээд байдаг. Худлаа ярьж байгаа хүн мэдэгддэг. Кино драмын ангид байхад хичээл таслах, худлаа хэлэх үе гарна. Тэр бол хорон юм биш. Хорон хүн гэдэг шал өөр юм байна. Сэтгэл зөв байвал заяа зөв гэж их гоё үг. Яагаад гэвэд монголчууд зүйр цэцэн үгийг маш оновчтой хэлж байсан. Тэр утгаараа би хүмүүсийг ном их унш гээд л ярьдаг. Уншихгүй байгаа хүмүүс ядаж зүйр цэцэн үг цээжлээсэй гэж боддог. Тэгвэл ядаж өөрсдөө зөв явах юм даа.

– Цэвэрлэгчийн ажлаас зүтгэсээр жүжигчний ангид орж байсан тэр хүсэл сонирхлыг та чухам юунаас олж авсан хэрэг вэ?

– Хүүхдийн театрт хоёр жил дагалдангаар ажиллаад дараа нь шалгалт өгдөг байсан. Тэр үеийн шалгуурууд тийм байсан даа.Эмч нар болно гэсэн хүмүүс сувилагч хийгээд, асрагч хийгээд явдаг байсан. Тэр бол их гоё, хүнийг нэг юмандаа үнэнч байхад сургаж байсан. Шүүлтүүр нь их нарийн байсан. Ингэж жүжигчин болох юмсан гэсэн хүсэл сонирхлыг минь өдөөж өгсөн зүйл гэвэл Оросын кино. Кино жүжигчний зураг их цуглуулдаг. Хүүхэд байхын жүжигчин болох хүсэл сонирхолтой байсан. Уг нь би арван жилээ төгсөөд  дээд сургуулийн хуваарь авсан.  Тэр үед дээд сургуулиа болиод цэвэрлэгч болоод явдаг над шиг солиотой хүн байгаагүй. Манай арван жилийн нэгээс аравдугаар анги хүртэл хамт сурч байсан хүүхдүүд одоо хэр нь байдаг. Бид нар их онц сурдаг, их өрсөлдөөнтэй, шартай хүүхдүүд байсан. Гучин жил өнгөрсөн байхад манай арван жилийнхэн одоо болтол бүгд нэгдмэл дандаа уулзаж, учирдаг. Энэ бүх зохион байгуулалтыг би өөрөө ч хийдэг. Бага ангид байхад юманд тууштай байхыг бид нарт төлөвшүүлж өгсөн байна. Энэ бол их нөлөөлсөн гэж бодогддог. Хүүхэд багадаа ямар хүмүүжлээр хүмүүжиж байна тэндээс нь их юм хамаардаг. Ер нь бол хүний амьдрал дандаа сонголт байдаг. Жишээ нь нэгдүгээр ангид орлоо сурах сонголт, арав төгслөө ямар сургуульд орох вэ сонголт, нөхөрт гарлаа сонголт, ажил хийнэ сонголт, мэргэжил эзэмшинэ сонголт тийм болохоор энэ сонголтыг л зөв хийх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Би өөрийгөө зөв сонголт хийсэн гэж боддог.

– “Мандухай” киноны Алтжингийн дүрд хагас мянган эмэгтэйчүүд  өрсөлдөж байсан гэдэг.  Ямар өрсөлдөөн, сэтгэл зүйн даваануудыг даван туулж, таныг хэрхэн сорьж байж ирсэн дүр вэ?

– 1985 онд Жигжид найруулагч “Мандухай” киног хийх гээд шалгаруулалт явагдаж байна гэж их сонсогдож байсан. Тэр үед би жаахан хүүхэд байлаа. Сувдаа эгч анх намайг  “Хүүхэлдэйн театрт ийм нэг дагалдан жүжигчин охин байна. Тэрийг нэг үзээдхээч” гэж санал болгож байсан байдаг. Гадаа нэг их бороо ороод л, би үдэшлэгт орох гээд үсээ буржийлгачихсан байсан тэр өдрийг их сайн санадаг юм. Уртнасан гээд Кино үйлдвэрийн найруулагч байсан, туслах найруулагч Уртаа эгч ирээд  “Отгонтогос гэж байна уу? За  одоо пробонд орно” гэсэн чинь би  хамгийн түрүүнд “Бороонд миний үс муухай болчихно доо” гэж хэлж байсан. Одоо бодоход би их тэнэг байж. Зөвхөн үдэшлэг л бодогдоод үсээ л гоё байлгах гээд байснаас тэр кино ерөөсөө сонин биш байсан. Тэр үед би айхтар овжиндуу байсан бол “өө тэгье” гээд л үсрээд очих байж. Намайг бараг албан хүчээр 69 машинд суулгаад л аваад явсан. Тэгээд очиход хувцасны эрхлэгч ”Миний охин чи яг тэнцэнэ. Чи ёстой гоё охин байна. Яг жинхэнэ Алтжингийн хувцсыг нь өмсүүлье” гээд л,  нүүрийг нь гоё будна аа  гээд л киноны арын хүмүүс нь намайг маш сайнаар ерөөж угтсан.Тэр нь надад одоо ч их сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Надад тэр хүмүүс “Манай Алтжин бол улаан номонд орсон дүр шүү. Тав зургаан зуун охидуудыг үзлээ. Миний охин энэ шалгаруулалтанд ороод үз, амжилт хүсье” гэж байсан. Би тэгэхэд анх удаа пробонд орж үзлээ Жигжид гуай өөрөө мониторын ард суугаад Баяжихын Пүрэвээ багш проб өгч байсан. Дараа нь шалгуулсан хүмүүсийн пробыг бүгдийг нь үзүүлэх болоход өөрийгөө харах гэсэн ичээд болдоггүй ээ. Хүн өөрөө өөрийгөө харахаар сонин харагдаад, өөр охидууд гоё харагдаад байсан.  Тэндээс гарч яваад Монгол киноны  мундаг найруулагч Бунтар гуайн “Ирж яваа цаг” кинонд нь шалгуулж байсан. “За чи хэний цэрэг вэ” гэхэд нь би “Чойсан гуайн цэрэг” гэж хариулж байлаа. Чойсан гуай гэж МУГЗ,  хүүхэлдэйн театрын дарга байлаа. Би ер нь их азтай. Миний анхны кино Мандухай биш “Ирж яваа цаг” кино байсан. Би хөдөөний тухай мэдэхгүй, ямар ч мал дээр өсөөгүй яг жинхэнэ хотын охин кинонд тоглохоор очсон .Өвөрхангайн Бүрдэнд зураг авч байхад Бунтар гуай “Мандухай” киног Балжинням  найруулагч найруулахаар болсон. Чи очиж уулзаарай” гэж хэлсэн. Би тэгэхэд нь Балжинням гэдэг хүн дээр нь очоод л “Би яасан бэ,  тэнцсэн үү” гэж асуух  ичмээр санагдаад байсан. Тэр үед Мандухайн дүрүүдийг бүгдийг нь сольж байсан. Ичээд дуугүй л яваад байлаа. Намар нь Бунтар гуай “Чи Балжинням найруулагчтай уулзсан уу” гэхэд “би уулзаагүй , би юу гэж уулзах юм бэ? Би тэнцсэн үү” гэж асуух юм уу, ичээд байна” гэхэд “Юу гэсэн үг вэ, чи чинь одоо болтол энэ асуудлаа яриагүй байгаа юм уу? гээд дуу хийгээд байж байсан. Дараахан нь Кино үйлдвэрийн хүндэт самбарын хажууд Балжинням гуайтай таартал намайг ар зооноос нэвт ширтээд байгаа нь мэдэгдээд би нүүр будагч нарын өрөөнд гүйгээд орчихлоо. Гарч чаддаггүй. Тэгсэн манай туслах найруулагч Чимэддорж “Отгонтогос хааччихав аа, дуугаа хийхгүй, аальгүйтээд алга болчихлоо” гээд намайг Балжинням гуайн хажууд муулж гарсан. Би ичсэн, айсан гэж жигтэйхэн. Тэгээд яваад очсон чинь Балжинням гуай намайг “Сайн байна уу” гэхээр нь хариу мэндэлсэн. Чи “Мандухай” кинонд тоглох сонирхолтой юу, чи гэхдээ тэнцээгүй гэж байна. Тэгэхээр нь “Тэнцээгүй юм бол яах гэж намайг дуудсан юм гэж хэлээд би яваад өгсөн. Дараа нь дуу хийх гэсэн би дуугаа хийж чаддаггүй. Уртаа эгч ороод ирлээ. Их том нүдтэй эгч “Отгонтогос байна уу?  Балжинням найруулагч дуудаж байна.” гэдэг юм байна. Тэгээд Балжинням гуайн өрөөнд орсон талхан дээр хиам, помидор, огурци тавьчихсан, намайг кофе уух уу, цай уух уу? Наад талхнаасаа ид” гээд дуугүй суугаад л байсан. Чи энэ зохиолыг аваад яв гэхэд нь би “Хэний дүрийг унших уу” гэхэд шивэгчин Саймочийн дүрийг гэхээр нь би буцаагаад өгчихсөн. Тэгсэн ”Чи хатан болохоор нь тоглоод, шивэгчин болохоор нь тоглодоггүй юм уу” гээд инээж билээ. Уран сайхны зөвлөл хэлэлцээд чамайг Алтжинд авахаар болсон гэхэд нь дотор уужирсан.

– Алтжингийн дүр эмэгтэй хүн болон жүжигчин хүний тань хувьд таны амьдралд юу өгсөн бэ? Одоо эргэн харахад хүмүүсээс ирж буй нөлөөлөл, таньд хандаж байгаа хүндэтгэл хандлага гээд яривал?

– Би их азтай. Нэгдүгээрт би  намайг ийм сайхан төрүүлж өсгөсөн эцэг эхдээ баярлаж байна. Хоёрдугаарт намайг энэ кинонд авч тоглуулсан Балжинням найруулагч, хамтарч ажилласан бүх хүмүүстээ,  Алтжингийн дүрд анх санал тавьсан Сувдаа эгчдээ баярлаж явдаг. Хамтран ажилласан уран бүтээлчдээсээ би маш их юм сурсан. Кино урлаг гэдэг хүн харахад бол их сайхан ажил байдаг. Гэтэл бид дотогшоогоо их зовж, шаналж, тарчилдаг. Алтжинд тоглуулсан нь намайг олон түмний танил болгосон, ард түмэн намайг хайрладаг  мэддэг болсон. Тийм болохоор өөрийгөө би их азтай хүн гэж боддог. Хүн болгон жүжигчин болохгүй, эмэгтэй хүн бүр Алтжингийн дүрд тоглохгүй. Гараа сайн бол бариа сайн гэж ярьдаг. Миний анхны гараа “Ирж яваа цаг”, “Мандухай цэцэн хатан” киногоор эхэлсэн. Би их олон түүхэн кинонд тоглосон.  Би саяхан уран бүтээлийнхээ жагсаалтыг гаргаж бичлээ. Надад 43 кино байна. Энэ кинонуудын ихэнх нь түүхэн кинонууд байсан. Дор хаяж арваад кино нь түүхэн кино байгаа. Тэр үед намайг Алтжинд тоглох гэж байгаа гэхэд бусад найруулагч нар нь миний дүрийг бүдэгдүү гаргаж, Алтжинд  тод гаргах гэж бодлогын чанартай ажиллаж байсан. Би тухайн үедээ Сэлэнгэсүрэн найруулагчид гомдоод л “Намайг нэг муу нарийн бичиг болгоод л, нэг бол хүний нөхрийн хажууд хагас гаргаад л” гэж бодож байсан. “Ирэх хаврын цэцэг” кинонд нарийн бичиг болж тоглож байсан. Дамдин найруулагч “Амьдралын нахиа” кинондоо шар цүнхтэй ганган хүүхэн тод гаргахгүй гэхэд нь  намайг Алтжинд тоглуулахын тулд ингэж байгаа юм байна гэдгийг сүүлд ойлгосон. Тухайн үедээ би гомдоод л кинонд орно гэдэг азны юм гэж бодож байсан. Дүр бүтээнэ гэдэг маш нарийн юм байдаг.

-Алтжингийн дүр танд залуу насныхаа гоо үзэсгэлэнг мэдрэх боломж өгсөн биз дээ? “Цогт тайж” киноны Түвдийн хатанд Цогзолмаа гуай тоглосон нь үзэгчдийн сэтгэлд одоо ч хадаатай явдаг. Дараа нь та Мандухай сэцэн хатны Алтжингийн дүрд түүхэн кинонд эротик хэсэгт тоглоход багагүй зориг гаргасан байх?

– Тэр үед гоё сайхан харагдах гээчийг ерөөсөө боддоггүй байсан. Жаахан ч гэсэн жүжигчний уран чадварын зах зухыг ойлгосон. Театрт жүжиглэж байгаа бүх процессыг цэвэрлэгч байхдаа харж байсан. Жүжигчин яаж ажилладаг юм бэ гэдгийг мэдэрсэн байлаа. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гантөмөр гуайн “Байцаагч түшмэл” гээд жүжиг тавьж байхад би үгийг нь хэлж өгөөд суудаг, хэвлэлтэнд гүйдэг байлаа. Уран бүтээлийг яаж хийдэг вэ гэж зах зухыг нь  ойлгосон байсан. Хүүхэлдэйн театр  жүжигчин болоход хүнд их үр өгөөжөө өгдөг газар гэж боддог. Хичнээн хүүхэлдэйгээр тоглуулж байгаа ч гэсэн хүн дотроосоо амьдарч хүүхэлдэйгээр дамжуулж ярьж байгаа нь маш их уран чадвар шаарддаг. Хүүхэлдэйн жүжигчдийг хүмүүс хараад ойлгодоггүй. Яг үнэндээ хамгийн нарийн, хамгийн хэцүү зүйл хүүхэлдэй байдаг. Тэгж зах зухыг нь амссан байсан учраас тэр дүрийг яаж бүтээх вэ гэж бодож байснаас биш энд сайхан байх юмсан, гоё харагдах юмсан гэж ерөөсөө бодож байгаагүй.

 – Сүххуяг жүжигчинтэй энгэр задгайлдаг хэсэгт найруулагчдаа зэмлүүлэх үе байв уу?

 – Сүххуяг бид хоёр нүцгэлээд л өвөртөө ороход эрэгтэй хүмүүс нь ичимхий байдаг гэдгийг мэдсэн. Анх л зохиол дээрээс “Би ингээд нүцгэлээд орох юм уу “гэхэд “үгүй наадахыг чинь киноны аргаар авна” гээд найруулагч намайг хуурсан. Сүүлд нь  надад худлаа хэллээ гээд би уйлж байсан. Одоо санахад Балжинням гуай баавгай, туулай ч билүү амьтны онигоо үлгэр билүү юм ярьж намайг тайвшруулж байсан. Миний ам руу нархамба хийгээд л тэгж байж зураг авсан. Яг цагаа тулах юм бол эрэгтэй хүмүүс өөрөө биеэ бариад байдаг. Сүүлдээ  энэ Сүххуяг ах хөнжил бөгсөн доогуураа хийчихлээ стоп стоп гээд л зурагаа авхуулж дуусгасан. Тэгээд  бүгдээрээ цайсан. Эхэндээ ичээд л бие бие руугаа ойртож чадахгүй байсан. Манай Сүххуяг  их сайн жүжигчин, хамт кинонд ажиллах , хамтарч ажиллаж байхад маш их дотортой, үнэн нүдтэй жүжигчин. Тиймдээ ч бид хоёр зургийн талбайд хүн шоолж байгаад хамт хөөгдөж гарч байсан. Балжинням гуайгаас яаж уучлал гуйж орох вэ гээд ариун цэврийн өрөөнд үг зохиогоод зогсож байсан. Залуу байсан болохоор жүжиглэлт нь болохгүй  байгаа  бусдыгаа шоолохоор Балжинням найруулагч нервтээд “Гарцгаа, зайлцгаа. Та  муу хоёр  хөтөлцөөд зайл” гэнэ. Хоёулаа гарчихаад элгээ хөштөл инээгээд л байдаг.Юундаа ч тэгж инээдэг байсан юм. Энэ л бид хоёрыг хооронд маань их нэгтгэж өгсөн. Одоо ч гэсэн бидний харилцаа сайхан байдаг.

 -Алтжинд тоглосны дараа хэсэгтээ эрчүүдийг хуйлруулсан уу?

-Захиа зөндөө ирдэг байсан. Тэр болгонд хариулна гэж байхгүй. Киноны уулзалт гэж зөндөө явдөг байсан. Дорнодод Дамчаа гуай  манай хэд явж “Мандухай” киноны нээлтийг хийсэн. Тэгээд яг тэр нүцгэн гардаг хэсэг дээр нь  камерийнх нь урд талыг гараараа таглачихдаг байсан гэсэн. Хөдөөнийхөнд ийм юм үзүүлж болохгүй гээд. Тэрийг сонсоод бид нар инээлдэж л байсан. Тэр үедээ бол кинонд тэгж нүцгэн гарч байгаагүй. Хамгийн анхных нь би (инээв). Тэрийгээ би тэр үед гоё дүр бүтээсэн гэж боддоггүй байсан. Хүмүүст хүрэх нь хүрсэн. Тэрнээс би энэ дүрийг бүтээчихлээ гэж хэлж чадахгүй. Дүр гэдэг шал өөр юм байдаг.

-Та тэр үедээ ханьтайгаа суусан байсан уу?

-Суусан байсан.  Манай нөхөр МУГЖ бүжигчин  Батжаргал гэдэг хүн байдаг. Бүжгийн хүн сүүлийн үед найруулагч болсон. “Мандухай сэцэн хатан”киноны нээлт болоход миний хамгийн анхны шүүмжлэгч манай нөхөр байсан. Гэртээ ирэхэд надад их гоё ширээ засаад шампанск хоёр хундага тавиад “за үнэхээр сайхан кино болжээ, “Цогт тайж”-ийн дараа орох кино болсон байна. Хоёрт гэвэл Сүххуяг та хоёр эр эм хоёр нэг оронд орохдоо хөнжлөө булаацалддаг юм уу” гэж хамгийн анх шүүмжилж байсан. Тэрэнд бол аймаар ноцтой юм байгаагүй. Уран бүтээлч хүн болохоор шал өөр хандлагаар хандаж өөрөөр харж хүлээж авсан.

 -Та их даруухан тодорхойлолт хэлж байна. Та нарын үеийнхний даруулга, хүмүүжил одоогийнхтой харьцуулшгүй л дээ?

– Би чинь хорь дугаар зууны хүн. Одоо хорин нэгдүгээр зуун. Одоо үед өөрсдийгөө од гээд байгаа хүмүүс өөрсдөө тэгээд баясаад яваг. Надад бол тэд нар од биш.  Хатуухан хэлэхэд ганц, хоёр кинонд тоглочихоод өөрсдийгөө од боллоо гээд дээд жүжигчин болгоод байдаг. Брэндийн юм байхгүй бол хүн биш болсон гэдэг ч юм уу энэ бол нийгэм үе, хөгжлөө дагаад л ингэж байна. Тэрнээс биш яг үнэндээ манайд од гэдэг их ховорхон авъяастай хүмүүс маань манай алтан үеийнхэн гэж боддог. Орчин үеийн од гэж  яриад байгаа хүмүүсийн өмнөөс би ичдэг. Ер нь намайг манай найз нөхдүүд  чи сонин хэвлэлд ярилцлага өгдөггүй гэж шүүмжилдэг. Үүндээ гол нь биш, би дуугүйхан шиг амьдрахыг хүсдэг. Нийгэмд өөрийгөө гаргаж ирэх гэж хүн тэмүүлэх нь  бас нэг их буруу биш. Гэхдээ – Анх аав ээж болж байсан амьдралынхаа сайхан мөчүүдээс хуваалцвал? – Бид хоёр 1984 онд танилцаад, гэр бүл болсон. Нэг хүүтэй. Энийг ярина гэвэл маш том түүх болно. Намайг цэвэрлэгч байхад л бид хоёр танилцаад, найзлаад, үерхээд л Хүүхэлдэйн театрын амьдрал, кино драмын анги төгсөх, анхны хүүхэд гээд яривал түүх хөвөрнө. Бид хоёр хожуу хүүхдээ гаргасан. Тэр үед хүүхэд гаргаж болохгүй, үсээ тайрч болохгүй, таргалж болохгүй гэдэг үе байлаа. Тэр шаардлага бол зөв байсан. Одоо бол хүмүүс өөрсдөө нэрд гарахын тулд таргалж болохгүй,  үсээ яаж ч янзалж болно. Яаж хүнийг татах вэ гэдэг болсон байна. Тэр үеийн цензур тавьдаг найруулагч нар мундаг байж. Тэр үед би  олон найруулагч нартай хамтарч ажиллаж байсан. Сэлэнгэсүрэн, Дамдин, Нямгаваа найруулагч гээд бүгдтэй нь ажиллаж үзсэн. Би ганцхан Жигжидсүрэн найруулагчтай л ажиллаж үзээгүй. Тэр үед цензур тавьж байсан нь бид нарын гэр бүлийн амьдралд их нөлөөлж байсан. Бид хоёр жилийн зургаан сар нь хамт байдаггүй байсан. Манай хүн гадагшаа тоглолтоор яваад өгнө, би ирэхэд нь кинонд явна. Ингэж л ажиллаж, амьдарч байсан. Сая гэхэд л 50 хоног ажлаар яваад ирэхэд манай хүн зэрэгцээд л явсан. Бид нар хөдөлмөрлөх л хэрэгтэй. Өглөө эрт босоод би гэрээ цэвэрлээд гардаг гэхэд хүн итгэхгүй. Би шөнийн бор хоногтоо орж ирнэ, эсвэл өглөө үүрээр, заримдаа гэртээ хоол хийж идэх ч завгүй байдаг. Тийм болохоор бидний амьдрал ийм болсонд нь дассан байна. Өнгөрсөн зун л би нөхөр, хүүхэдтэйгээ монгол орноо тойрч аялж үзсэн. Зун болохоор л кинонд гараад явдаг. Ингэж явснаас хойш гэр бүлтэйгээ 14 хоногт ядаж нэг удаа агаар салхинд гарч юм уу гадагшаа явж байх ёстой юм байна гэж бодсон. Урьдах амьдрал яаж яваад болоод байсан юм бол гэж гайхсан. Манай хүүхэд одоо 22 настай, хуульч мэргэжилтэй энэ жил сургуулиа төгсөж байгаа. Ажил гайгүй болоод гэртээ гурвуулаа байх их дуртай. Яг агаар салхинд гараад явахаар их сайхан байсан учраас бид нар ярилцаж заавал ингэж амарч, зугаалж байя гэж тохирсон.

– Тод өнгийн хувцас танд зориулж бичсэн дүр шиг таны бас нэгэн илэрхийлэл юм даа?

– Үнэтэй хувцсандаа гол биш өөрт  зохисон хувцас өмсөхийг боддог. Өнгөний сонголт гэвэл хар өнгийг хассан. Улаан, цагаан, чернилэн ягаан, хөх, ягаан тод өнгийн хувцас өмсөж байгаа. Чернилэн ягаан өнгө бол энергийн өнгө тэр утгаараа их гоё санагддаг. Нил ягаан өнгийн цамц өмслөө гэхэд өмдийг нь хосоор нь өмсдөг. Гутал муут гуравын ард гэдэг гутал сайхан байх хэрэгтэй, цүнх, түрхэж байгаа үнэртэй ус сайхан ус байх хэрэгтэй. Би Монголоос хувцас авч үзээгүй. Манай нөхөр гадаад яваад ирэхээрээ надад хувцас аваад ирдэг. Сүүлийн үед найзууд маань Тогосоо чиний өмсдөг стилийн хувцас байна авах уу гэхээр нь аваад ир гээд л авдаг. Би өөрөө дэлгүүр хэсэх дургүй.Ер нь бол хувцас хунарт  их ач холбогдол өгдөггүй. Гол нь толгойдоо л юм хийх хэрэгтэй. Манай ажил маш их судалгаа шаардсан, маш их юм унших хэрэгтэй тийм мэргэжил. Адаглаад нэг кино үзсэн ч тэр киноны жүжигчний тоглолтыг харах жишээний иймэрхүү юм л бодож байдаг. Зөв л амьдрах хэрэгтэй.

– Та их эртэч бололтой. Бага үд болж байхад ихийг амжуулжээ?

 –      Би нөхрийнхөө урдуур  орж хийсээр байгаад бүх юмны буруутан нь  болдог. Манай эгч нар чи нөхрийгөө эрхлүүлээд байна гэж хэлдэг. Заримдаа би гэр орноо цэвэрлэх завгүй ажилтай байвал эгч нарыгаа гуйдаг. Завтай үедээ өөрөө юм аа хийгээд гэртээ байх дуртай. Хөргөгч хоосон байх, юм гэрт байх байхгүй бүгд надаас шалтгаалж байдаг. Манай хүн хоол их сайхан хийдэг. Гадаа гарч эр, дотор орж эм гэдэг шиг манай уран бүтээлч хүүхнүүд ер нь ийм нийтлэг. Бүх юмыг амжуулаад сурсан байдаг. Дандаа тэгээд амжуулаад явахаар нөхрүүд нь давардаг. Манай Долгор , манай жүжигчин Сараа байна. Бид нарын санаанд таарч байгаа юм гэж байхгүй. Эсвэл манай нөхрийн хийж байгаа юм надад таалагдахгүй санал зөрдөг. Богд хаан киноны үеэр 7 хоногт багтаж гэртээ засвар хийсэн. Манай нөхөр ирээд айл андуурчихлаа гээд гарах гэж байсан гэж ярьсан. Гэр бүл зөрчилдөөн дээр амьдардаг.

-Урлагийнхан байнга олны нүдэн дээр байдаг учраас зүс гундуу харагдах эрхгүй гэж ярьцгаадаг. Миний харснаар бол танд ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй харагдаж байна?

– Надад тийм юм байхгүй. Нас ахиад ирэхээр нүдний доогуур үрчлээ суудаг. Би бодохдоо энэ буруу юм биш. Сайн чанарын бүтээгдэхүүн нүүрэндээ авч хэрэглэх хэрэгтэй.Зөв хооллолт бол зайлшгүй. Үүнийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрч, зөв хооллож сурцгааж байна. Гурилан идэх юм идэхгүй, чихэр идэхгүй бас мах  их идээд байдаггүй. Хөнгөн хоол иддэг. Давхраа хийлгэсэн, нүдээ томруулсан хүмүүсийн харц өөрчлөгддөг. Би тийм юмнаас эмзэглэдэг. Энэ буруу гэсэндээ биш. Тэр тусмаа киноны уран бүтээлч хүний хувьд харц маш чухал байдаг. Хамар бол хамгийн аюултай. Хамартаа өөрийн юм шиг хүрч болохгүй, хиймэл юм хийлгэсэн хүн амьд харагддагүй. Тэрний оронд үрчлээгээ нэмэхгүй арга хэмжээ авах хэрэгтэй. Нүдний харцны өөрчлөлт гэдэг хүнийг амьд биш болгодог. Татуулсан нүүрний арьс эргээд хоёр дахин үрчийдэг. Сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн авч хэрэглэх хэрэгтэй. Сүү таргаар байнгын массаж, бигнүүр тавих хэрэгтэй. Би өөрийгөө үеийхэн дундаа харьцангуй үрчлээ багатай гэж боддог. Зүгээр телевиз үзээд сууж байхдаа хүн тавхан цэгэн дээр дарж чадахгүй байна гэж байхгүй. Би хуурай арьстай нүүрэндээ бага үрчлээтэй байгаагийн нууц нь гэвэл би өрмөөр массаж хийдэг. Хүйтэн сүүгээр бигнүүр тавьдаг. Дээрээс нь ходоод гэдэс эрүүл байна гэхээр хүний нүүрэнд ямар нэгэн нөсөө, толбо гарахгүй байдаг. Би турдаг эм уугаад турж болно. Тэгж би өөрийгөө өвчтэй болгоод яах юм бэ. Тэрний оронд тарган хэрнээ эрүүл байя.

 – Сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?

 – Би айлын бага, дээрээ зургаан эгчтэй. Нэг ах Францад байгаа. Ачаа хараагүй байгаа учраас манайх цагаан сар хийдэггүй. Зүгээр ёс болгож бууз, идээ тавьдаг. Ээлжилж эгч нарындаа очиж буузыг нь хийлцэж өгдөг. Зарим нь тэднийхийг гоё хийчихээд манайхыг муухай хийлээ гэнэ. Миний эгч нар их сайн эгч нар байдаг. Бүгдээрээ эвтэй найртай, бүгдээрээ бие биедээ тустай дэмтэй сайхан байдаг. Би эгч нартаа их хайртай. Миний хадам аав, ээж гэж 80 хол гарсан хүмүүс байдаг. Миний найз нарын  ээжүүд байна. Манай жүжигчин Ча Долгор гуай байна. 90 нас гарсан хүн байдаг. Тэднийхээрээ очдог. Ерөнхийдөө хүү, нөхөр бид гурав гэхэд шинийн 7 гэхэд золголт дуусаагүй байдаг. Маш их хөгшчүүлээрээ очдог. Очсоор байгаад сурсан очихгүй болохоор гомддог. Цагаан сар гэдэг монголчуудын бэлэг дэмбэрэлтэй баяр тэр жилдээ сар шинээ сайхан гаргавал тэр жилдээ өнгөтэй өөдтэй явдаг. Цагаан сараар маш их ажилтай байдаг. Амралтын хоног нь олон байх тусмаа би баярладаг.  Жүжигчин Эрдэнэбатын ээж гэхэд 101 настай Дуламжав гээд хөгшин байдаг. Ийм сайхан буурлуудаа баярлуулна гэдэг чинь бид нар өөрсдөө сайн явна. Айлд очихыг зовлон гэж бодоод байдаг. Би тэрийг ойлгодоггүй. Бүх юмыг сайхнаар бодвол бүх юм сайхан болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN