Шинэ мэдээ

ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЛЭЭР ЭХЭЛСЭН У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГЫН ШИНЭ ЖИШИГ ТОГТООЛОО1-р сарын 21Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ1-р сарын 21“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-р сарын 21Баруун 4 зам, 100 айл орчмын агаар хамгийн их бохирдолтой байна1-р сарын 21Иргэн Н.Хишигсүрэн: Коронавирусийн халдвар авснаа мэдэлгүй өрхийн эмчийн бичсэн эмийг ууж гэртээ зургаа хоног халуурч хэвтсэн1-р сарын 21НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар ажлаасаа чөлөөлөгдлөө1-р сарын 21Энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна1-р сарын 21Ч.Чинбат: Тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавируст халдвар тархаагүй1-р сарын 21ХӨСҮТ: Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1584 боллоо1-р сарын 21Хойд соронзон туйл Cибирт “аялж” байна1-р сарын 20Д.Ихбаяр: Үйлчилгээний газарт хандсан иргэдийн QR бүртгэлжүүлэлт хангалтгүй байна1-р сарын 20Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хүн амын 60 хүртэл хувийг вакцинжуулахад зарцуулна1-р сарын 20ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх сарын 1-нээс эхэлнэ1-р сарын 20Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна1-р сарын 20Монгол Улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа1-р сарын 20Маршал Х.Чойбалсангийн гоёмсог хантааз1-р сарын 20ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсчээ1-р сарын 20“Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал ирэх сарын 1-нд болно1-р сарын 20ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1568 боллоо1-р сарын 20С.Ганбаатар: "Үнэг, шаазгай хоёрын үлгэр"-т цэг тавих цаг болсон1-р сарын 20Х.Баттулга Оюутолгойг, У.Хүрэлсүх төмөр замыг "ухаад" эхэллээ1-р сарын 20Нэгдүгээр төрөх эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг Гурван гал, Амгалан болон Өргөө амаржих газарт түр шилжүүлжээ1-р сарын 20Л.Оюун-Эрдэнэ л юм байна1-р сарын 20Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ1-р сарын 20​Шуурхай: 'Эх нялхас'-т коронавирусийн халдвар илэрлээ1-р сарын 19Нэгдүгээр төв эмнэлэг хоногт 6,000-8,000 хүнд шинжилгээ хийх 24 цагийн PCR лабораторитой боллоо1-р сарын 19Б.Батдавааг ҮСХ-ны даргаар томилохыг МАН-ын бүлэг дэмжжээ1-р сарын 19БНЭУ-аас ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцин нийлүүлнэ1-р сарын 19З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан1-р сарын 19Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо1-р сарын 18

Г.Дамдинням: Концессын гэрээ нэртэй луйврыг тухайн үеийн эрх мэдэлтнүүд хийчихжээ

2021 оны 1-р сарын 5  -  11 цаг 40 минут

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.

 

-УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаргийн хурлаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, шийдвэр гаргасан гэсэн. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлүүлэх үү?

-Энэ үйлдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр албан ёсоор мэдээлэл сонслоо. 2010 оны есдүгээр сарын 29-нд “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Кью Эс Си” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Улмаар Дархан-Сэлэнгийн бүсэд Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны дөрөвдүгээр сард Эдийн засгийн хөгжлийн яам (хуучнаар) болон “Кью Эс Си” ХХК-ийн хооронд Концессын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан. 

Төслийн эцсийн зорилго нь 2018 оны дөрөвдүгээр сард жилд 300 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр байгуулж, дотоодын зах зээлийг хангах гээд их гоё томъёололтой. Ний нуугүй хэлэхэд энэ гэрээг луйврын гэрээ гээд хэлчихэд буруудахгүй байх. Нэг хүн өөрөө өөртэйгөө хийчихсэн мэт уншигддаг гэрээ байдаг. Концессээр авсан тал ямар ч хариуцлага хүлээхгүй шахуу, тэгсэн хэр нь хэрэв Монгол Улсын Засгийн газар гэрээг дүгнэх, цуцлах асуудал тавьбал тус гэрээгээр ирээдүйд олох бүх ашгийг нь концесс эзэмшигчид төлөх заалт оруулчихсан гэх мэт хүн итгэхэд бэрх заалт олон бий.

Тус гэрээгээр бол “Кью Эс Си” компани 2018 оны дөрөвдүгээр сар гэхэд Металлургийн цогцолборыг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулна гэсэн үүрэгтэй байдаг. Гэтэл 1,000 гаруй хүн ажилладаг, төмөрлөгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан энэ үйлдвэр үйлдвэрлэлээ зогсоогоод одоо уул уурхайн компани болоод хувирчихсан. 

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, долоон сая тонн хүдэр зарсан байна. Нэг их наяд төгрөгийн борлуулалт хийсэн хэрнээ 2016 оноос хойш татварын өртэй, хуримтлуулж явсаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсад төлөх 45.5 тэрбум төгрөгийн татварын өртэй байна.

Юун үйлдвэр барих битгий хэл улсад төлөх татвараа төлөхгүй яваа. Өрөө ч төлдөггүй, татвараа ч төлдөггүй, тэгээд баялагийг нь зараад ашиг хийгээд зувчуулаад байдаг. Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Төмөр толгой, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн орд газраас хүдэр олборлоод өдөр шөнөгүй урагш нь зөөж байна. 

Нэг нь 25 сая гаруй, нөгөө нь 230 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй ордууд л даа. Мөн бас 12.6 сая тонн нөөцтэй Хуст Уулын ордыг эзэмшдэг юм. Гэрээгээр хүлээсэн Металлургийн цогцолбор нь баригдах битгий хэл сураггүй байхад Төмөр толгойн уурхайн нөөц дуусаж байгаа, тун удахгүй хаагдана. Дахин хэлэхэд, үндсэндээ концессын гэрээ нэртэй энэ луйврыг тэр үеийн эрх мэдэлтнүүд концесс авсан хүмүүстэй хамтраад хийчихсэн юм байна. Эндээс хэд хэдэн зүйл анхаарал татаж байгаа.

-Тэр нь юу юм бол?
 
-Концессын гэрээ гэж юу вэ. Энэ бол захиргааны гэрээний нэг төрөл. Төрөөс чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд явуулдаг нэг хэрэгсэл. Нэг ёсондоо, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн, хамгаалсан байх шинжийг заавал агуулсан байх ёстой. Монголын төр сургууль, цэцэрлэг барих томоохон хэмжээний зам барих дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд мөнгө байхгүй байвал төр өөрийнхөө өмчийг хувьд эзэмшүүлээд төлбөр авч тэндээс гарсан ашгаар тэр төслүүдийг санхүүжүүлэх ёстой. Гэтэл энэ гэрээнд тийм агуулга байхгүй. Концессын гэрээ нэртэй боловч тэс өөр зүйл байна. Энэ гэрээ хэт нэг талыг барьжээ. 

Монголын ард түмний өмч шүү дээ. Энэ үйлдвэр одоо үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллахгүй байгааг дээр хэлсэн. Өнөөдрийн байдлаар очоод харахад ч төмөрлөгийн үйлдвэрлэл зогссон байгаа. Тэгсэн мөртлөө төмрийн хүдрийн экспортын болон олборлолтын хэмжээ дөрөв дахин өссөн.

Эндээс энэ “Кью Эс Си” компани буюу концесс гэгчийг эзэмшигчдэд анхнаасаа төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах ямар ч бодол байгаагүй юм байна гэж ойлгогддог. Төмөр толгойн орд, Хуст Уулын орд болон Төмөртэйн орд газрыг ухаж зарах л анхны зорилго нь байж гэдэг нь цаг явах бүр ойлгомжтой болж байна. 

Анх авсныхаа дараахан 90 гаруй сая ам.долларын зээлийг төмөрлөгийн цогцолбор барих төсөлдөө зориулах нэрийдлээр Хөгжлийн банкнаас авсан байдаг ч нөгөө цогцолбор ч байхгүй зээлийн эргэн төлөлт ч байхгүй байгаа. Уг нь зээлээ нэг жилийн хугацаатай авсан байдаг юм билээ. Тэгсэн хэрнээ энэ зургаан жилд нийт борлуулалт нь нэг их наяд төгрөг давсан явж байна. Авсан мөнгөөрөө уурхайг ухаж, баялгийг нь худалдах ажилд л хөрөнгө оруулсан бас ‘’хаашаа ч юм’’ зарцуулсан байдаг. Мөнгө байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа, орлого олж байгаа. Гэвч зээлээ төлдөггүй, улсад ч татвар олигтой төвлөрүүлдэггүй, ажлын байр ч нэмдэггүй дархан эрхтэй газар Монголд бий болчихжээ.

-Концессын гэрээгээ цуцалчихаж болдоггүй юм уу?

-Хэрэв цуцалбал энэ компанийн ирээдүйд олох байсан ашгийг Монгол Улсын Засгийн газар төлөх нөхцөлтэй гэрээ байгуулчихсан юм билээ. Дээр хэлсэнчлэн хэт нэг талыг баримталчихсан байгаа биз. Гэрээ хэлцэл гэдэг чинь хоёр тал тэнцүү байр суурьтай оролцоотой байж хийгддэг зүйл. Монгол Улсын Эрүүгийн хуулийг зөрччихсөн байна шүү дээ. Тухайн үеийн эрх баригчдын шууд оролцоо, Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг байгууллага “Кью Эс Си” компанийн талд монголчуудын өмчийг байгалийн баялагтай нь хамт бэлэглээд шахуу зурчихсан гэрээ байдаг юм.

-Одоо тэгэхээр яах ёстой юм бэ?

-Энэ луйврыг зогсоох ёстой. Давраад бүр Хөгжлийн банкнаас санхүүжилт аваад авто зам бариад түүнийгээ эргүүлээд улсад 253.4 тэрбум төгрөгөөр шахчихсан байдаг.

Тэр луйврыг нь шүүхээр хүчингүй болгоод “Кью Эс Си” компаниас Монгол Улсын Засгийн газарт 253.4 тэрбум төгрөг буцаан төлүүлэх шийдвэр 2019 онд гарчихсан яваа. Монголын уул уурхайн баялгийг ухаад зараад байдаг, дарханчуудад ээлтэй нэг ч зүйл байхгүй, улсад төлсөн татвар маш бага. Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон их хурлын зарим гишүүнийг оролцуулаад УИХ-аас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний хэрэгжилтийг дүгнэх, шалгах ажлын хэсэг УИХ дэргэдээ байгуулах ёстой гэсэн бүлгийн шийдвэр гарлаа. 

МАН -ын бүлгийн гишүүд маань бараг бүгд энэ тал дээр санал нэг байгаад талархалтай байгаа. Энэ ажлын хэсэг дэд ажлын хэсэгтэй буюу Татвар, гааль, мэргэжлийн хяналт, Аудитын газар гээд энэ чиглэлд хамаарч болох агентлагуудыг оролцуулаад шалгах ажлын хэсэг байгуулаад ажиллана. Ойрын хугацаанд энэ ажилд шуурхайлж орно. Гэрээ бол хоёр тал тэнцүү нөхцөл байдалд байх ёстой гэсэн эрх зүйн суурь зарчим байдаг. Гэтэл нэг тал нь 90, нөгөө нь 10 хувь байгаа юм шиг энэ гэрээ нь шударга ёсонд таарахгүй зүйл шүү дээ. Ард түмний өмчийг хулгайлсан явдал. 

Гэрээг эн тэнцүү хэмжээнд авчирч шинэчлэх, эсвэл цуцлах ёстой. Ийм асуудал ярингуут Арбитрын шүүхэд өгнө гэх зүйл гаргаж тавих байх. Тэгэхээр эхний ээлжинд гэрээний дүгнэлт гарсны дараа тухайн үед энэ гэрээг Монголын төрийг төлөөлж хийсэн хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ард түмний өмчийг хулгай хийх замаар нээж өгсөн албан тушаалтнуудад хариуцлага зайлшгүй тооцох ёстой. Үүний зөв, бурууг тогтоочихвол манайх Арбитрт дуудагдах уу, үгүй юу гэдэг нь ихээхэн хамаарна. Тиймээс бид энэ чиглэлд ажиллах ёстой.

-Зээлийг нь гэрээний дагуу төлүүлэх ажлыг хийж болдоггүй юм уу?

-Хөгжлийн банкнаас авсан зээлүүдээс эргэж төлөөгүй хамгийн том таван найдваргүй зээлдэгчийн нэг нь энэ “Кью Эс Си” компани. Концессын гэрээ нь албажаагүй байхад л тэнд очоод олон ажил хийчихсэн гэх мэт будилаантай асуудал дуулддаг. Энэ бүгдийг бид шалгана. 

Уг нь “Кью Эс Си” компани нэмүү өртөг шингэсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлээд, дарханчуудад 1000 ажлын байр шинээр бий болгоно гэсэн амлалт өгсөн байдаг ч хэрэгжээгүй.

Асар их хэмжээний борлуулалт хийж орлого олж байж өрөө төлдөггүй, ажлын байр бий болгодоггүй, Дархан-Уул аймаг, орон нутагт ямар ч нэмэр болдоггүй хэрнээ олон түмний баялгийг хулгайлж гээд хэлчихэд буруудахгүй.

-Энэ асуудлыг та яриад эхлэхээр дайралт, хэл ам их ирнэ дээ?

-Мэдээж шударга ёсны талаар яриад эхлэхээр олон нийтийн мэдээллийн хэргсэл, нийгмийн сүлжээгээр хэлээгүйг хэлсэн болгох, элдвээр гүтгэж харлуулах ажил идэвхждэг нь Монголын жам болсон. Гэхдээ ухрахгүй ээ, тэр хөгийн ажиллагаанд нь няцахгүй, би энэ асуудлыг барьж авна гээд сонгогчдодоо амалчихсан. Заавал үр дүн гаргана. Дарханчуудын хамгийн их хүсэн хүлээж байгаа зүйлсийн нэг бол энэ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг дүгнэх ажил. Ер нь хэлээгүйг хэлсэн болгож, болоогүйг болсон болгож элдвээр гүтгэдэг пи-ар-ын ард булхай луйвраа нуух ажиллагаа явж байдаг юм билээ.

-Та боловсролын шинэчлэлийн талаар ярьж байсан ч одоо нам гүм болчихлоо. Энэ ажил юу болсон бэ?

-Боловсролын шинэчлэлийн хөтөлбөр явж байгаа. Боловсролын багц хуулиудыг шинэчилсэн найруулгаар хийгээд явж байна. Ирэх оны улсын төсөвт 5.6 тэрбум төгрөгийг олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хос хэлний сургуулиудад зарцуулахаар тусгуулсан байгаа. Энэ хүрээнд ирэх онд олон улсын хөтөлбөртэй 10 сургууль байгуулах ажлын бэлтгэл эхэлнэ. 

Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шалгалтын төвийн эрхийг одоо энэ хөтөлбөрөөр хичээллэж байгаа “Шинэ тэмүүлэл”, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургууль дээр Кембрижийн шалгалтын төвөөс авна. Сургуулиуд нь урьдчилсан байдлаар товлогдоод явж байна. Жишээ нь, манай Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуульд энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. 

Нэг жилийн хугацаанд багшаа бэлтгээд хөтөлбөрөө шилжүүлэх ажил руу орно. Жил бүр үе шаттайгаар тоог нь нэмэх замаар олон улсын хөтөлбөр улсын сургуулиудад хэрэгжиж эхэлнэ. Жирийн ардын хүүхдүүд олон улсын хөтөлбөр үнэ төлбөргүй үзэж дэлхийд өрсөлдөх үүд хаалгыг өргөсгөх ажлыг санаачилсан маань хэрэгжиж эхэлж байгаад баяртай байгаа.

-Боловсролын тухай багц хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ ажил ямар шатанд явж байна вэ?

-Энэ хууль салбарын яаман дээр боловсруулагдаж байна. Улс даяар өргөн хүрээтэй томоохон хэлэлцүүлэг ид явагдаж байна. Энэ цахим хэлэлцүүлэгт та бүхэн чөлөөтэй орлцож, санал бодлоо илэрхийлээрэй гэж хэлье. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараа нь УИХ-д өргөн барих юм. Тэгээд тэнд ажлын хэсэг ажиллаад хэлэлцүүлээд батална даа. Боловсролын тухай багц хуульд ерөнхий боловсролын салбарт анхаарах ёстой нэг зүйл нь, олон улсын хөтөлбөрийг дотоодынхтой уялдуулж, дүйцүүлэх, тооцох асуудлыг ярих ёстой. 

Одоо бол жишээ нь, англи эсвэл монгол хэлээр үзсэн математикийн хичээлийг заавал монгол эсвэл англи хэлээр дахиж үзэх ёстой байгаа. Гэтэл хүүхдийн өдөрт авах ачаалал нэмэгдэх сул талтай болчихоод байдаг. Уг нь монголын эсвэл английн математик гэж байхгүй. Математик гэж нэг л шинжлэх ухаан бий. Боловсролын тухай багц хуулийн төсөлд нэг хичээлийг аль нэг хэлээр нь үзсэн байхад дүйцүүлж тооцож болно гэсэн заалт оруулаад явж байгаа

Олон хүүхдэд боломж олгоно, гадагшаа сурагч солилцооны хөтөлбөр энэ тэрд явах хүүхдүүдэд ч амар болно гэсэн үг. Хоёрдугаарт, олон улсын стандартыг дотоодынхтойгоо уялдуулж өгнө. Үүний үр дүнд бидний яриад байгаа боловсролын чанар олон улсын түвшин рүү автоматаар татагдаж эхэлнэ. Ажил хийгдэж байна, тодорхой үр дүн гарсан. Төрийн бодлогод орсон энэ зорилт хэрэгжихэд улсын төсөвт мөнгө нь суугаад эхэлсэн байгаа.

 Боловсролын шинэчлэлийг олон улсын түвшин рүү хандуулъя гэдэгт гишүүдтэйгээ ойлголцсон. Олон улсад өрсөлдөх чадвартай үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог бий болгоход бид анхаарч, нэг зүг рүү харж ажиллаж байна. Ер нь бид ирээдүй хойч үеэ дэлхий дахинд өрсөлдөх чадвартай иргэд болгож бэлтгэхэд байгаа бүх боломжоо хандуулах ёстой. УИХ, Засгийн газрын түвшинд ч нэг чиглэлд ажиллахаар бид тохирсон.  

Дээд боловсрол дээр судалгааны их сургуулиудыг бий болгох чигт анхаарч өөрчлөлт орох ёстой. Их сургуулиуд бие дааж санхүү хөрөнгө оруулалт татдаг, инноваци хэрэгжүүлдэг чиглэлд өөрчлөгдөх ёстой гэх мэтчилэн бусад түвшний сургалтын тухайд ч томоохон өөрлөлт хийх төсөл орж ирнэ гээд хүлээж байна.

-Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт та орж ажиллаж байгаа юу?

-Боловсролын тухай багц хуулийн ажлын хэсэгт миний бие байгаа. Төсөлд нэмээд хэд хэдэн зүйлийг онцгой анхаарч байгаа. Тухайлбал, багшлах боловсон хүчнийг дэмжих, цалин урамшуулал, нийгмийн асуудал, хүүхдүүдийн ачаалал, онлайнаар үзсэн хичээлийг тооцох, дүйцүүлэх, олон улсын түвшинд манайх хаана яваагаа үнэлэх, олон улсын үнэлгээний тогтолцоог хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлыг хуульчлахаар тусгаад явж байгаа. Би Байнгын хорооны гишүүн бас боловсролын салбарт ажиллаж байсан, мэргэжил эзэмшсэний хувьд эдгээр асуудалд бодитой гар бие оролцоод явахыг зорьдог.

-Шүүхийн тухай багц хуулийг УИХ хэлэлцэж байна. Эдгээр хуулийн төсөлд ямар оролцоотой байна вэ?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн төсөлд хууль санаачлагчаар явж байгаа. ҮАБЗ-өөс шүүгчийг чөлөөлдөг үндсэн хууль зөрчсөн байж болох заалтыг хүчингүй болгох тухай төслийг өргөн барьсан нэр бүхий 13 гишүүний нэг нь би. Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулах ажилд оролцоод явж байна. 

Шүүхэд шударга ёс тогтоохын төлөө бид ажиллах ёстой. Шударга бусын хонгил нураагүй юм билээ. Ямар ч хүнд гэмт хэрэг үүсгэх, шалгах, яллах, шүүх бүх эрх нь засаглалын нэг институтад байна гэдэг бол нөгөө шударга бусын хонгил оршин тогтнох үндэс юм л даа. Хүссэн хүндээ, хүссэн хэргээ зохиогоод, хүссэн ялаа өгч болох эрх мэдэл нэг гарт байх аюултайг бүгд харж, ойлгож байгаа байх. Анхан шатнаас Дээд шүүх, прокуророос АТГ дарга томилох хүртэл бүх эрх нэг гарт байна гэдэг нөгөө Сталины “Хүн нь байвал зүйл анги нь олдоно” гэдэг шиг дарангуйлал руу орох эх үндэс болоод байна. 

Энэ ердөө тэр хууль шүүхийн системд байгаа хүмүүсийн асуудал биш, энэ бол тогтолцооны гажуудлаас үүсээд байна. УИХ энэ тогтолцоог бий болгох хуулийг баталдаг, одоо харин энэ гажуудлыг засах ажил ид явж байна. Магадгүй зарим хүн “Би хэрэг хийхгүй бол надад хамаагүй” гэж бодох л байх. Энгийн хүний хэлээр бол ямар нэг асуудлыг хуулийнх нь дагуу шийддэг орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй бол бизнес хийгдэхгүй. 

Бизнес хийгдэхгүй болохоор ажлын байр бий болохгүй, ажлын байргүй болохоор ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ. Татвар хураамж төлөгдөхгүй, тэтгэвэр, хүүхдийн мөнгөний эх үүсвэр бүрдэхгүй. Ингэхээр шударга ёсны асуудал маш чухал зүйл. Үүнийг засахын төлөө бид явж байна. Их ч галтай нүүр тулж байна. Тийм учраас шүүхийн хууль бид цаашид хөгжих үү, үгүй юу гэдэгтэй холбоотой амин чухал хууль.

-Улс төрөөс хараат байдлыг арилгаж чадах уу?

-Шүүх эрх мэдлийг улс төрөөс хэт их хамааралтай байдлыг арилгах талаар МАН-ын бүлэг хурлаараа удаа дараа ярьж байна. Гишүүдийн олонх үүнд байр сууриа нэгтгэсэн. Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ өдрүүдэд парламентаар хэлэлцэж байна. Үүн дээр асар их эсэргүүцэл ирж байгаа. Энэ талаар ярьсан хүн бүрийг сошиалаар дайрах, өөлөх, баалах ажил тасрахгүй байх шиг байна. Гэхдээ бид шударга ёс тогтоох чиглэлд шантрахгүй ажиллана, батлуулна. 

Шүүгчдийн дунд хийсэн нууц санал асуулгаар 20 хувь нь улс төрөөс хараат шийдвэр гаргах нөхцөлтэй байдаг гэж хариулсан байдаг. Хараат бус шүүхийн индексээр манайх жил бүр ухарч байгаа. Хууль шүүхийн зарим томоохон албан тушаалд очиж байгаа хүмүүсээс томилохдоо давхар халагдах өргөдлийг нь авч байж томилдог тухай яриа энэ ордноор нэг байна. 

УИХ энэ дээр анхаарч ажлын хэсэг байгуулах, нийтийн сонсгол ч хийх ёстой гэж бодож байгаа. Ийм нөхцөл байдал руу орчихсон байхад ямар ч хөрөнгө оруулагч бизнес хийж, ажлын байр нэмэгдүүлэхээр ажиллахгүй. Гадаадынхан бүү хэл дотоодынхон шинэ бизнес эхлэхээс айдаг болсон байна. Энэ байдлыг халах ёстой.
 
Сөрөг хүчин болон зарим улстөрчдийн зүгээс энэ хуулийг энэ намрын чуулганаар батлуулахгүй байх бүх л арга саамыг хайж байна. Энэ хуулиас өрсөөд бараг бүх аймгийн Ерөнхий шүүгч, зарим шүүгчдийг томилох гэж яарч байгаа ч байдал ажиглагдаж байна. Буруу л даа.

-Цар тахлын энэ цагт бид амаргүй байдалд байна. Тойрогтоо ажиллаж байна уу. Иргэдийн амьдрал ямархуу байна даа, саяхан нэг бизнесийг дэмжсэн тогтоолын төсөл санаачилсан байсан?

-Тойрогтоо өдөр бүр шахуу ажиллаж байна. “Ковид-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалж бид технологийн орчныг маш сайн ашиглаж эхэллээ. Цахимаар Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгч, иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, заримыг нь тухай бүрт нь шийдээд явж байна. Манай ажлын албаныхан өнөөдөр ч Дарханд ажиллаж байгаа.

Иргэдийн амьдрал яаж сайн байх юм бэ. Бүх юм зогсчихсон өдрийн хоолоо яах вэ гэж байхад нэмээд банкы зээлийн хүү нь нэхэгдээд зовоож байна. Дэлхий даяар улс орнууд хоёр чиглэлд хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Эхнийх нь иргэдээ нийгмийн халамжийн бодлогоор дэмжих. 

Энэ чиглэлд манай Засгийн газар муугүй сайн ажиллаж байгаа. Саяхан зарласан цахилгаан дулааны үнийг тэглэх гэх мэт арга хэмжээг дурьдаж болно. Байгаа оносон, сайн шийдлүүд хийсэн. Харин хоёр дахь нь бизнесийн салбар ажлын байрыг хадгалах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй байна. Дарханы бизнес эрхлэгчид, МҮХАҮТ, Бизнесийн зөвлөлүүдтэй уулзахад нэг л юм ярьж байна. Зээлийн хүү.

Тийм учраас Х.Ганхуяг, Г. Амартүвшин нарын гишүүнтэй хамтран цар тахлын үеийн бизнесийн зээлтэй иргэд аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүүг бууруулах, төлөлтийг үндсэн төлбөртэй адилаар хойшлуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлаад өргөн барих гэж байна. Цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих тухай хуулиар зээлийнх нь үндсэн төлбөрийг хойшлуулах чиглэлд шийдвэр гарсан ч хүү нь орхигдсон байгаа. 

Гэтэл халдвар хамгааллын дэглэм, улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хүрээнд ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа салбарууд байна. Тэд орлогогүй юм чинь яаж хүүгээ төлж дийлэх билээ дээ. Тэгэхээр дампуурал руу орно гэсэн үг. Тэд дампуурчвал ажлын байр байхгүй болно. Тэгээд нөгөө ядуурал гаарч эхэлнэ. 

Банкны зээл нь хэдийгээр банк иргэн, аж ахуйн нэгжүүдийн хоорондын гэрээний харилцаа боловч онцгой нөхцөлд төр оролцож шийдэхгүй бол болохгүй байна. Дэлхийн томоохон эдийн засгийн хямралын үеүдэд гадны Засгийн газрууд оролцож бизнесийн салбар, ажлын байраа хадгалж үлдсэн олон туршлага байдаг. Би төр бизнесийн салбарт оролцохын эсрэг байр суурьтай байдаг. Гэхдээ ийм хямралын үед бол төр оролцож туслах ёстой цаг үе яалтчгүй мөн болоод байна.

-Дархан-Улаанбаатарыг холбосон авто замын ажил юу болж байна вэ?

-Дархан-Улаанбаатарыг холбосон замын нэгдүгээр урсгалыг түр хугацаанд нээсэн. Хот хоорондын хөдөлгөөн саарсан учраас иргэд Дарханы замыг олон нийт тэр бүр ярихгүй байна. Би энэ тойргоос сонгогдсон гишүүний хувьд уйгагүй араас нь хөөцөлдөж байгаа. Дархан-Улаанбаатарын замын нэгдүгээр урсгал 2021 оны төгсгөлд ашиглалтад орно гэдгийг Зам тээвэр, хөгжлийн сайд танилцуулсан
 
Дарханы зам дээр автомашинаа эвдэлсэн, хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулахаар судалж байгаа. Одоогоор гомдол гаргасан 500 орчим хүн байна лээ. Тэдний хохиролтой холбоотой асуудлыг хаанаас хэрхэн шийдэх вэ гэдгийг ярина. Зам ашиглалтад орсны дараа хохирлын асуудлыг нэг мөр ярихгүй бол болохгүй юм билээ. Энэ хүрээнд даатгалын компаниуд болон Санхүүгийн зохицуулах хорооноос нэгтгэсэн мэдээлэл авч байна. Үнэлгээ тогтоодог болон цагдаагийн байгууллагаас ч мэдээлэл аваад байна. Тэгээд ажил болгоно оо.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хотын статустай болгохоор хуульчилсан. Таны сонгогдсон Дархан-Уул аймагт энэ хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн үү?

-Улсын зэрэглэлтэй хот болох тухай асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болсон. Энэ хүрээнд УИХ-ын тогтоол ч гарсан. Үүнийг дагаад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль гарах ёстой байсан юм. Энэ хууль УИХ-ын чуулганаар батлагдаж, 2022 оноос хэрэгжихээр боллоо. 

Харин Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэгт миний бие орж ажиллаж байна. Уг хуулиар хот, тосгоны эрх зүйн байдал тэс өөр болох юм. Улсын зэрэглэлтэй хотын татвар хураамж, иргэдийн эрх, төсвөө өөрөө захиран зарцуулах болон хөрөнгө оруулалт татах эрх, татварын онцгой нөхцөлтэй бүс ямар байх вэ гэх мэтийг хуульчилж өгөх ёстой.

-Та уул уурхайн салбараас улс төрд орж ирсэн хүн. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин ямархуу түвшинд байна вэ?

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яригдаад эхэлж байна. Ингэхдээ, нэгдүгээрт, оролцогч талуудын харилцаа хамаарлыг тодорхой зааж өгөх нь маш чухал. Нэг хүнд Монголын төрөөс хөрөнгө оруулалт хий гээд лиценз өгчихдөг. Тэр хүн ажлаа хариуцлагатайгаар сайн гүйцэтгээд явж байтал нөгөө оролцогч тал (төр, иргэн) зүй бусаар оролцоод, хөрөнгө оруулалт хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлэх тал байна. 

Харин нөгөө талд зарим компани байгалийг сүйтгэж, дуусгаж байхад нутгийн иргэд нь оролцоод байгаа хэр нь төрийн зүгээс төслийг зогсоодоггүй. Энэ мэтээр үл ойлгогдох байдлаар оролцдог оролцооны тухай асуудал бий. Үүнийг хуулиар тодорхой болгох ёстой. Үгүй бол бүх оролцогч талууд болох иргэд ч, төр ч , аж ахуйн нэгжүүд ч бүгд хохироод дуусдаг.

Хоёрдугаарт, орон нутагт төвлөрдөг орлогыг тодорхой болгож, засаглалын асуудлыг бид ярих хэрэгтэй. Үндсэн концепц бол дэлхий даяар “Ковид-19”-ийг давж гарсны дараа бидэнд хөрөнгө оруулалт шаардлагатай, мөнгө хэрэгтэй. Дэлхийн бүх улсууд үүний төлөө үзэж тарна. Ямар ч улсын орлого улсын төсөв, зээл тусламж, хөрөнгө оруулалтаас бүрдэж байна. 

Манай хувьд хөрөнгө оруулалт хэсгээ хаячихсан одоохондоо бараг алга гээд хэлчихэд хилсдэхгүй хэмжээнд байна. Манай улсад хөрөнгө оруулалтыг татах эхний салбар нь уул уурхай. Тэгэхээр бусад улстай өрсөлдөх хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх ёстой. Эндээс орж ирсэн орлогыг зөв зүйтэй зарцуулах асуудлыг ч залгуулаад ярихгүй бол болохгүй. Үүнийг баялгийн засаглал гэж байгаа юм. Олон талаас нь харж бид асуудлыг шийдэхгүй бол манайд бидний чадах ч зүйл байна, чадахгүй ч зүйл байна. 

Энэ чиглэлд өөрчлөлт орох болов уу. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас Хууль эрх зүйн ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-аас ажлын хэсэг одоогоор байгуулаагүй. Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа УИХ-аас ажлын хэсэг гарна. Миний хувьд одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас байгуулагдсан ажлын хэсгээс мэдээлэл авах хэмжээнд л оролцоотой явж байна. Оролцоод явна даа.

-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, С.Батзаяа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN