Шинэ мэдээ

ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЛЭЭР ЭХЭЛСЭН У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГЫН ШИНЭ ЖИШИГ ТОГТООЛОО1-р сарын 21Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ1-р сарын 21“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-р сарын 21Баруун 4 зам, 100 айл орчмын агаар хамгийн их бохирдолтой байна1-р сарын 21Иргэн Н.Хишигсүрэн: Коронавирусийн халдвар авснаа мэдэлгүй өрхийн эмчийн бичсэн эмийг ууж гэртээ зургаа хоног халуурч хэвтсэн1-р сарын 21НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар ажлаасаа чөлөөлөгдлөө1-р сарын 21Энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна1-р сарын 21Ч.Чинбат: Тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавируст халдвар тархаагүй1-р сарын 21ХӨСҮТ: Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1584 боллоо1-р сарын 21Хойд соронзон туйл Cибирт “аялж” байна1-р сарын 20Д.Ихбаяр: Үйлчилгээний газарт хандсан иргэдийн QR бүртгэлжүүлэлт хангалтгүй байна1-р сарын 20Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хүн амын 60 хүртэл хувийг вакцинжуулахад зарцуулна1-р сарын 20ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх сарын 1-нээс эхэлнэ1-р сарын 20Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна1-р сарын 20Монгол Улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа1-р сарын 20Маршал Х.Чойбалсангийн гоёмсог хантааз1-р сарын 20ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсчээ1-р сарын 20“Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал ирэх сарын 1-нд болно1-р сарын 20ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1568 боллоо1-р сарын 20С.Ганбаатар: "Үнэг, шаазгай хоёрын үлгэр"-т цэг тавих цаг болсон1-р сарын 20Х.Баттулга Оюутолгойг, У.Хүрэлсүх төмөр замыг "ухаад" эхэллээ1-р сарын 20Нэгдүгээр төрөх эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг Гурван гал, Амгалан болон Өргөө амаржих газарт түр шилжүүлжээ1-р сарын 20Л.Оюун-Эрдэнэ л юм байна1-р сарын 20Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ1-р сарын 20​Шуурхай: 'Эх нялхас'-т коронавирусийн халдвар илэрлээ1-р сарын 19Нэгдүгээр төв эмнэлэг хоногт 6,000-8,000 хүнд шинжилгээ хийх 24 цагийн PCR лабораторитой боллоо1-р сарын 19Б.Батдавааг ҮСХ-ны даргаар томилохыг МАН-ын бүлэг дэмжжээ1-р сарын 19БНЭУ-аас ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцин нийлүүлнэ1-р сарын 19З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан1-р сарын 19Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо1-р сарын 18

Хүүхдийн төлөө фонд

2021 оны 1-р сарын 5  -  11 цаг 33 минут

Хүүхдийн төлөө фонд

Монголчууд хүүхдийн төлөө “мөнгө угаасан нь”

Шинэ он солигдохын өмнөх өдөр Соёлын яамны санаачилгаар Засгийн газар Хүүхдийн төлөө фондыг байгууллаа. Ерөнхий сайд энэ тухай мэдэгдэхдээ ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдсэн гэж онцолсон. Гэхдээ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд Хүүхдийн төлөө фондын тухай нэмэлт өөрчлөлтийг хараахан оруулаагүй тул Хүүхдийн төлөө фонд нь уг үйл явдлаас гурван хоногийн өмнө байгуулагдсан ТББ хэлбэрээр оршиж байсан юм.

Тэр өдөр 17 телевизийн сувгаар урлаг, соёлын оддын “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай хандивын тоглолт болж, Монгол Улсын түүхэнд анх удаа буюу 2.2 тэрбум төгрөгийн хуримтлал цугларлаа. УБТЗ, Хаан банк зэрэг үндэсний томоохон байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд 500, 500 сая хандивласан ч дийлэнх нь хүүхэд багачуудын төлөө 1 мянгаас хэдэн зуун мянган төгрөг хүртэл хандивласан хөл хорионд буй монголын ард түмэн байсан нь мөнгө хандивлахдаа илгээсэн мессежүүдээс тодорхой харагдаж байна.

Товчоор Монголчууд хүүхдийн төлөө за гэж хэлэв.

Маргаашаас нь манай “либералууд” шүүмжлэлээрээ утаж эхэллээ. УИХ-ын гишүүн, мэргэжлийн хуульч, Хууль Зүй, Дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин нар урлаг, соёлынхны арга хэмжээг “мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл” гэж тодорхойлов. Зарим нь Филатова гэдэг нэрийг сонсмогцоо сувгаа сольсон гэсэн аж. Өөрөөр хэлбэл Монголчуудын санахын хүсдэггүй хар дарсан зүүд мэт үе буюу социализмын үеийг санагдуулжээ. Чингээд цахим орчинд болдог юм болдгоороо болж, Хүүхдийн төлөө фонд гэдэг сэдэв хэтэрхий мэргэн жараахайнуудын маш соёлтойгоор нэрлэх юм бол “хэлэлцүүлэг”-ийн бай боллоо. Иргэд хардах эрхтэй.

Гэхдээ эдгээрээс хамгийн ноцтой буюу гэмт хэргийн шинжтэй гүтгэлэг нь Б.Энхбаяр, Х.Тэмүүжин хоёрын тодорхойлолт юм. Олон улсын стандартад мөнгө угаах (money laundering) үйлдлийг тодорхойлохдоо, тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсхүл эрх зүйн үндсэн зөрчлийг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд өөрийн үйлдлийн төлөө хүлээх хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх; тухайн эд хөрөнгийг олж авах үед түүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашиглах гэдэг.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл (2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон)-д мөнгө угаах гэмт хэргийг мөн ийм байдлаар тодорхойлсон:

166.1.Хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор энэ хуулийн 166 дугаар зүйлд зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, хувиргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Ингээд Б.Энхбаяр, Х.Тэмүүжин нарын логикоор хүүхдийн төлөө хандиваа өгсөн аж ахуйн нэгж, монголчуудын хандив нь “хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж олсон орлого” болж хувирсан бөгөөд уг хандивын арга хэмжээг дэмжсэн Төрийн гурван өндөрлөг болон арга хэмжээг зохион байгуулсан урлаг, соёлын одод, сайн санааны үйлстнүүд монголчуудын хандивыг “гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашигласан” гэмт хэрэгтнүүд болж хувирлаа. Цөмөөрөө хамсаатнууд!!! Ийм том бүлэглэсэн онц ноцтой хэргийг соргогоор илрүүлсэн Б.Энхбаяр, Х.Тэмүүжин хоёрыг Цагдаагийн алдар хүндэт тэмдгээр шагная.

Иргэн Б.Баатар, М.Батбаяр, Х.Дамдинсүрэн нар 2020 оны 12 дугаар сарын 27-нд Хүүхдийн төлөө фонд ТББ байгуулж, УБЕГ-т бүртгүүлжээ.

Хууль ярих юм бол Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5.2-д Төрийн бус байгууллага байгуулах иргэдийн эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно,9.3-т Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болно, 19-т төрийн бус байгууллагын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно, 1. Гишүүний татвар, хандив 2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив гэж заажээ. Тэгэхээр хуулиар иргэн Б.Баатар, М.Батбаяр, Х.Дамдинсүрэн нар ТББ байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь хандив өгөх эрхтэй ажээ. 

Тиймээс Б.Энхбаяр, Х.Тэмүүжин хоёр нэг хүнийг биш, хэдэн зуун хүнийг гүтгэсэн тул Хүүхдийн төлөө фондод хандив өгсөнөөрөө мөнгө угаах гэмт хэрэгт гүтгүүлсэн хүн бүр гомдол гаргах эрхтэй.

 Хүүхдийн хөгжил, хамгаалал нь социализмын бэлгэдэл үү?

Тэр үдэш нэгэн хүн Хүүхдийн төлөө фондын хандивын тоглолтыг үзээд нулимс урсгажээ. Тэр бол Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн байсан Н.Алтанхуяг. Тэрээр сэтгэл догдолсондоо биш, сэтгэл гутарсандаа уйлжээ. Н.Алтанхуяг Хүүхдийн төлөө фондын хандивын арга хэмжээг дүгнэхдээ Монгол Улс хаашаа явах нь энэ вэ? Социалист реализмын маш том суртал нэвтрүүлэг явж байна гэж уулга алджээ. Түүний энэ уй гашууг бас л социализмыг хараан зүхсэн олон хүн хуваалцжээ.

Хүүхдийн төлөө фондыг яахын аргагүй социализмын оргил үе болох 1972 онд байгуулж, социализм нуран унах хүртэл 18 жил үйл ажиллагаа явуулсан. Баабар Хүүхдийн төлөө фонд гэдэг нийтлэлээ баабар.мн-д тавьж, социализмын үеийн Хүүхдийн төлөө фонд нь Филатовагийн эрх мэдлийн шуналаа гүйцэлдүүлэх хэрэгсэл, тус фондын бүтээн байгуулалт нь төсвийн буруу зарцуулалт байсан гэж дүгнэв.

1972 он гэхэд монголчууд 1.5 сая хүрч, түүний тал хувийг хүүхэд багачууд эзлэх болжээ. Тэр үе хүртэл хүүхдийн хөгжил хамгааллын асуудал үнэхээр учир дутагдалтай байв. Хэдийгээр Ардын боловсролын яам ажиллаж байсан ч бүх нийтийг хамарсан өргөн далайцтай бүтээн байгуулалт зайлшгүй шаардлагатай байсан юм. ХТФ-ын бүтээн байгуулалтын үр дүнд ясли, цэцэрлэг, төрөлжсөн сургуулиуд, олон арван зуслан, хүүхдийн эмнэлэг баригдаж, хөдөө орон нутагт дутагдалтай байсан багшийн хэрэгцээг үндсэнд нь хангаж, зөвхөн нэг жилд гэхэд 43 хүүхдийн ном хэвлэгдэж, Боролдойн цаг зэрэг хүүхдийн нэвтрүүлгүүд цацагдах болсон.

Филатова ааштай, түрэмгий нэгэн байсан ч түүний санаачилга, ажлын үр дүнг өнөөгийн Монголын 60, 70, 80-аад оныхон бүгд хүртэж, одоо ч хүртсээр байна. Үнэндээ 1990 оноос хойш Монгол хүүхдийн сурч, боловсрол, хүмүүжих хэрэгцээг Филатовагийн бүтээн байгуулалтууд л хангасаар байна. Хувийн ба гадаадын хөрөнгө оруулалттай дунд сургуулиудыг эс тооцвол шүү дээ!  

Гэтэл Баабар 1990 оноос хойш социализмын үеэс илүү хүүхдийн төлөө бүтээн байгуулалт хийсэн гэж дүгнэхдээ, “Цэдэнбалын дэглэм унаж, улмаар Монгол улс чөлөөт зах зээлд орсноор хувь хүмүүс, хувийн хэвшлийнхэн болон төрөөс үүнээс хэдэн арав, зуу дахин олон барилга барьсны нэлээд нь хүүхэд залуучуудад зориулсан, жинхэнээсээ хандивын болон арилжааны зориулалттай байлаа” гэсэн юм. Энэ нь цэцэрлэг, сургуулийн барилгыг арай хэлээгүй байгаа???

Дэлхийн олон улс орнууд Хүүхдийн сан буюу Хүүхдийн төлөө фондтой. Мэдээж олон улсын түвшинд нэгдсэн сан бол НҮБ-ын Хүүхдийн сан байна. Швед, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Канад, Герман, Испани, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнууд Хүүхдийн санг олон арван жилийн турш тогтвортой, үр дүнтэй ажиллуулж байна. Эдгээр төрийн бус байгууллагууд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулж, дэлхийн бараг бүх бүс нутагт, түүний дотор Монгол Улсад олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, тэтгэлэг, тусламж олгодог.

Хэрэв Хүүхдийн төлөө фонд нь социализмын бэлгэдэл мөн юм бол, социализм нь эргэн санахаас ч жихүүцэм хар дарсан үе мөн бол, тус фондын үндсэн чиг үүрэг болох хүүхдийн хөгжил, хамгаалал ч мөн энэ үеийн бэлгэ тэмдэг болох учиртай. Тиймээс социализмыг бүрмөсөн булшлахын тулд монголчууд хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг үүрд эргэн сөхөхгүй байх нь бодит логик бус уу?

 Ардчилсан Монгол Улсын хүүхдүүд

Хүүхдийн төлөө фондыг эсэргүүцсэн либералууд жамаараа яваа нийгэмд зохицуулалт нэмсэн ийм социалист аргаас татгалзья гэж уриалжээ. Жамаараа яваа нийгэм гэж ширэнгэн ойд амьдардаг пигмейчүүд, аборигенчууд зэрэг байгальд зохицон, аливаа хүчин зүйлийг хүлээн зөвшөөрч, урсгалаараа аж төрдөг орчин үеийн нийгмийн өмнөх үе шатыг хэлдэг.

Монгол Улсад 7 минут 57 секунд тутам 1 шинэ иргэн мэндэлдэг бөгөөд өдөрт дунджаар 210 хүүхэд мэндэлдэг. Манай улсын хүн амын 3-ны 1 буюу 1,096,019 хүүхэд байна. Гэвч хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хүмүүжих эрхийг хангах төрийн анхаарал бодлого хангалттай түвшинд биш байна.

Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Аргагүй нөхцөд байдлын улмаас цэцэрлэгт орох хүүхдийн сугалаагаар шийдэж байгаа ч азаа үзэх эрхгүй, хүүхдээ төрийн өмчийн цэцэрлэгт өгөхөөс өөр аргагүй эцэг, эхчүүд аргаа барсаар байна. 2019 оны байдлаар, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгийн насны 44 000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна.

Цэцэрлэг, сургуулийн анги танхимын дүүргэлт стандартаас хэт давсан тул хүүхэд, сурагчдын суралцах эрх хангагдаж чадахгүй байна. Цэцэрлэгийн нэг анги стандартаар  25 хүүхэдтэй байх ёстой ч 40-59, аймгийн төвийн цэцэрлэгүүд 50-52 хүүхэдтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын анги дүүргэлт хотод дунджаар нэг анги 39-50, аймгийн төвд 35-47 суралцагчтай байгаа юм.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тухайлбал ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байдал 1-14 насны хүүхдийн дунд 47 хувьтай байна. Сүүлийн үед хүүхдүүд интернэт ба цахим орчинд орох нь нэмэгдэж байгаа нь тэднийг цахим-доромжлол, сэтгэл санаа болон бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, мөлжлөгт өртөх эрсдэлд хүргэж байна. Хүүхдэд чиглэсэн гэмт хэрэг, мөлжлөг, хүчирхийллээс сэргийлж, хариу арга хэмжээ авдаг хүүхэд хамгааллын үр дүнтэй нэгдсэн тогтолцоо байхгүй байна. Хор нөлөө бүхий нийгмийн хэм хэмжээ, арга ажиллагаа өнөө хэр нь оршин байсаар байна.

ЦЕГ-ын мэдээллээс харахад 2019 онд гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо 127-д хүрсэн байна. Үүнээс зам тээврийн осолд өртөж 55 хүүхэд нас барсан бөгөөд нийт дүнгээрээ 1692 гэмт хэргийн улмаас 1757 хүүхэд хохирчээ. Мөн 948 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн нь гол төлөв хулгайлах, дээрэмдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, залилангийн гэмт хэргүүдийг гол төлөв үйлдэж байна.

2020 оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон бөгөөд эдгээрээс 82 хүүхэд нас барж, 290 нь гэмтсэн аж. Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болжээ.

Монголын либералуудын логикоор хүүхдүүд үхэж, өвчилж, хүчирхийлэлд өртөх нь жамаараа яваа нийгмийн гол шинж ажгуу.

Жич нэгэн зүйл: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг, харин Соёлын яам хариуцдаггүй тул ХТФ-ын үйл ажиллагаанд Соёлын яам оролцсон нь Засгийн газрын кабинетын зарчмыг зөрчсөн гэж хууль ярих дуртай УИХ-ын гишүүд шүүмжилжээ. Гэвч Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9.3-т Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болно гэжээ. Соёлын яам соёлын салбарыг хариуцдаг тул соёлын салбар манлайлан Хүүхдийн төлөө фондын хуримтлалыг үүсгэх сайн дурын аянд оролцсон нь нийгмийн хариуцлага болохоос гэмт хэрэг биш.

Эх орны ирээдүйг бүтээх хүүхдийн хөгжил, хамгаалал бол үнэхээр бүх нийтийн үйлс, төрийн нийт байгууллагуудын нэгдсэн үүрэг ажгуу. Харин түүнд оролцох, эс оролцох нь хэн бүхний эрх мөн.

Бас нэгэн зүйл: Удахгүй Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг хуульчлах ажээ. Тэр үед Хүүхдийн төлөө фонд ТББ нь сайн дураараа татан буугдаж, чиг үүрэг, хуримтлалаа Засгийн газрын тусгай сан болох Хүүхдийн төлөө фондод шилжүүлэх тул энд наанадаж шуналын сэтгэл, цаанадаж хууль зөрчсөн гэмт үйлдэл буй эсэхийг ам асуу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN