Эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа нийт иргэддээ болон дэлхийгээр тархан суугаа монголчууддаа угтан золгож буй 2021 оны шинэ жилийн баярын мэндчилгээг Ардчилсан намын нийт гишүүдийнхээ өмнөөс болон хувиасаа айлтган дэвшүүлье.
Монгол түмний цадиг түүхийн нэгэн он улирч байна. Улиран одож буй 2020 он дэлхий нийтэд цар тахал тархсан, эдийн засаг хүндэрсэн, амьдралын хэмнэл олон талаар өөрчлөгдсөн сорилт дүүрэн жил байлаа. Гэсэн хэдий ч Ардчилсан намын мянга мянган гишүүд бид сонгуулийн үр дүндээ дүгнэлт хийж зогсолтгүй урагшлан залуус маань манлайлал идэвхээ сэргээн ажилласан жил боллоо. Улсын Их Хурлын сонгуульд манай нам амжилтгүй оролцсон хэдий ч орон нутгийн сонгуульд чамлахааргүй амжилт олж 150 гаруй суманд ялалт байгууллаа. Засаглаж байгаа сум орон нутгийн удирдлагууд маань ард түмэндээ ойрхон бодлого хэрэгжүүлж, иргэдийн сайн туслагч байхаар шамдаж байна. Түүнчлэн намын 10 дугаар их хурлаа цахим технологи ашиглан амжилттай хуралдуулж намын үндсэн дүрмэндээ нэмэлт, өөрчлөлт оруулан Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүллээ.
Цар тахлын хүнд хэцүү өдрүүдэд эрх баригчид, Засгийн газрын эрх бүхий байгууллагуудад зөвлөн туслахын зэрэгцээ иргэдэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаар шахаж шаардсан ажлуудыг ч цөөнгүй хийлээ. Мөн бид малчин түмэнтэйгээ хамтран "Хотынхондоо хониор тусалъя" аяныг орон даяар эхлүүлж цар тахлын голомтод ажиллаж буй алба хаагчид болон орлого нь тасалдсан иргэддээ туслах ажлыг хэрэгжүүлээд байна.
Эх сайхан оронд маань ардчиллын хөх туг намираад хэдийн 31 жил болжээ. Бид туулсан замнал, хүрэх ирээдүйгээ үргэлж санаж, үр хойчдоо өвлүүлж, өнгөлж зүлгэж байх үүрэгтэй билээ . Манай намын гишүүн бүр "Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш , хариуцлагатай, ардчилсан МОНГОЛ УЛС -ыг байгуулахыг зорьдог.
Ардчилсан намын гишүүд бид "Баялаг бүтээгчдийг дэмжиж, өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэн, чинээлэг дундаж давхаргыг олноор нь бий болгох"-ыг зорьж, ус, агаар адил үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалахыг ямагт эрмэлзэнэ.
Учран золгож буй 2021 ондоо аюулт цар тахлыг дэлхий нийтээрээ дарсан, эргээд улс гэрээрээ хэвийн амьдралдаа шилжсэн, эдийн засаг сайжирсан, айл хотлоороо, ах дүүсээрээ, байгууллага хамт олноороо чөлөөтэй уулзалдсан, элбэг дэлбэг сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрхэм хүндэт монголчууд аа, ардчилсан намын мянга мянган гишүүд, ардчиллыг дэмждэг, хамгаалдаг, хайрладаг иргэд ээ,
2021 он айл бүрд аз жаргал, монгол хүн бүрийн зүрх сэтгэлд итгэл тэмүүлэл, хийморь золбоо, баяр жаргал, дүүрэн амжилт авч ирэх болтугай.
Монгол Улсын Их хурлын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Цэвэгдоржийн Туваан
Сэтгэгдэл бичих