ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай

/4-р сарын 12/  -  16 цаг 21 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар аа,

Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид, соён гэгээрүүлэгчид ээ,

Монголын багш нарын VIII их хурлын эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эх орныхоо өнцөг булан бүрээс улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын түлхүүр билээ. Тийм ч учраас аливаа улс орны хөгжил дэвшлийг ард иргэдийнх нь боловсролын түвшин, хувь хүний хөгжил, амьдралын чанараар нь үнэлдэг билээ.

XXI зууны монгол хүн хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг өвлөн уламжлуулдаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, насан туршдаа суралцах чадвартай, сахилга хариуцлагатай, ёс суртахуунтай, хүмүүжил төлөвшилтэй иргэн байх учиртай.

Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа нь эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, эх оронч, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй монгол хүн, Монгол Улсын иргэн юм.

Монголчууд бид багш, ном, эцэг эх гурвыг гурван эрхэм хэмээн дээдлэн шүтэж, эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.

Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаардаг жамтай.

2023 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд ойрын жилүүдэд бүтээлч, задлан шинжлэх сэтгэлгээтэй, хиймэл оюун ухаан, их өгөгдөлтэй ажиллах чадвартай, нийгэмдээ манлайлал, нөлөөлөл үзүүлж чадах мэргэжилтэн чухал болж байгааг дурджээ.

Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүний үүрэг, хариуцлага нэн чухал билээ.

“Алтан дэлхийг нар гийгүүлдэг, ард түмнийг эрдэм гийгүүлдэг” хэмээх ардын сайхан үг байдаг.

Монгол хүнийг эрдэм номын гэгээн замд хөтөлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүндэт эрдэмтэн багш нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт багш нар аа,

1996 оноос хойш 23 жил тасалдаад байсан Монголын багш нарын VII их хурлыг таван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж байсан тэрхүү мөч саяхан мэт тодхон санагдаж байна.

Энэхүү их хурлаар Монголын мянга мянган багш нарын төлөөлөл хуран чуулж, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, бодлого, сургалтын агуулга, багшийн хөгжил, ёс зүй, ажлын үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудлыг хэлэлцэн зөвшилцөж, санал бодлоо солилцон, тогтоол шийдвэрийг гаргасан билээ.

Үүнийг үндэслэн багшийн хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг шуурхай гаргаснаар тухайн их хурлын шийдвэр бодит ажил хэрэг болж эхэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд бидний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хичээл зүтгэлийн үр дүнд багш нарын VII их хурлаас гарсан шийдвэр амжилттай хэрэгжиж байгаад Төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна.

Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Монголын багш нарын VIII их хурлаар Та бүхэн алдаа оноогоо хэлэлцэн, амжилт бүтээлээ дүгнэн, цаашдын бодлого зорилтоо тодорхойлж, боловсролын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой хурал болно гэдэгт итгэл төгс байна.

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”-д хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршийн суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг тусган хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд манай улс дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэж, танхимын сургалт хаагдсан амаргүй он жилүүдтэй нүүр тулсан хэдий ч төрийн оновчтой бодлого шийдвэр, түмэн олны хамтын хичээл зүтгэлээр хүнд цаг үеийг хохирол багатай даван туулж чадсан.

Тухайлбал, төр засгаас хэрэгжүүлсэн технологийн дэвшлийг багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд сургалтын үйл ажиллагаанд шуурхай нэвтрүүлж, хичээл сургалтыг тасалдуулалгүй амжилттай явуулж чадсан.

Манай улс цар тахлын үед улсын хэмжээнд теле хичээлийг шуурхай эхлүүлэн, “medle.mn”, “suraad.mn” зэрэг цахим платформыг амжилттай нэвтрүүлж, бусад улс орнуудыг түүчээлсэн билээ.

Энэхүү ололт амжилтыг олон улсад өндрөөр үнэлж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Хувьсаж буй боловсрол” дээд түвшний уулзалтад Монгол Улсыг боловсролын цахим шилжилтээр тэргүүлэгч улсын нэгээр зарласан.

Суурь  боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчдын мэдлэг, чадвараар тухайн улсын боловсролын тогтолцооны түвшинг тандан судалдаг олон улсын PISA үнэлгээнд Монгол Улс 2022 онд анх удаа хамрагдсан.

Уг үнэлгээний үр дүнгээс үзвэл манай улсын сурагчдын уншиж ойлгох чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч, зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Мөн техник технологийн хурдацтай хөгжил нь хүний амьдралын хэв маягт олон эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч хүүхэд багачуудыг дэлгэцийн хэт хамааралд оруулж, хөдөлгөөний дутагдал үүсгэн, сэтгэц болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьд харилцаа, амьд байгалиас холдуулах боллоо.

Иймээс бид ирээдүй болсон хүүхэд багачуудаа эх байгальд хайртай, эрүүл амьдралын зөв хэвшилтэй, номын сайн нөхөр болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Эрхэм хүндэт багш нар аа,

Та бид Монголын багш нарын VII их хурлаар боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байсан.

Тэгвэл 2023 онд Боловсролын багц хуулийг Улсын Их Хурал баталж, чанартай боловсрол эзэмших тэгш боломж, насан туршийн суралцахуй, цахим боловсрол, багшийн хөгжил, санхүүжилт, боловсролын байгууллагын удирдлага зохион байгуулалт, засаглалын тогтолцооны асуудлаар тодорхой ахиц, дэвшил гарах эрх зүйн орчныг бүрдүүлж чадлаа.

Мөн сайн багшийн гараа ахлах сургуулийн багшийн сонгоноос эхлэх боломж бүрдэж, цаашид төрийн дэмжлэгтэйгээр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцаж, багшийн мэргэжил эзэмших үүд хаалга нээгдэж байна.

Түүнчлэн түмний хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулан олон жил хөдөлмөрлөсөн багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах эрх зүйн орчин бүрдлээ.

Боловсролын багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах чухал шийдвэрийг шуурхай гаргаж, Боловсролын шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна.

Цаашид бид сургалтын чанар, үр дүн, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, тэгш хамран сургах болон багш нарын ажиллах орчин, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй.

Мөн сургууль төгсөгчдийн эрдэм мэдлэг, ур чадвар нь хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн шаардлагыг хангаж чадаж байгаа эсэхэд анхаарах шаардлагатай байна.

Өнөөдөр хиймэл оюун ухаан, их өгөгдөл, цахим орчин зэрэг шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийг дагаад дэлхий нийтээрээ боловсролын эрх зүйн орчин, тогтолцоо, сургалтын агуулга, арга зүйгээ ирээдүйн ажил мэргэжлийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхийг зорьж байна.

Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд дурдсанаар дэлхийн тэргүүлэх 800 гаруй бизнесийн байгууллагын 85 хувь нь ирэх таван жилд технологийн дэвшил, цахим шилжилтийг бизнесийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгох хандлагатай байна.

Үүний нөлөөгөөр 2027 он гэхэд 26 сая ажлын байр байхгүй болох эрсдэлтэй байгааг урьдчилан таамагласан байна.

Иймд манай улс ирээдүйн боловсон хүчнээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Үүнд төрийн боловсон хүчин, хүний нөөцийн бодлогыг чиглүүлэх учиртай.

Орчин цагийн мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай иргэн төлөвшүүлэхэд багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал билээ.

Боловсрол бол бүх нийтийн үйл хэрэг, нийтийн баялаг мөн.

Тиймээс энэ баялгийг бүтээх их үйл хэрэгт багш, сурган хүмүүжүүлэгч, сургалтын байгууллагаас гадна эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, тус дэм, эерэг хандлага, гэр бүлийн халуун дулаан, эрүүл зөв орчин нэн чухал юм.

Иймд бидний үр хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө хүчин зүтгэж буй эрхэм хүндэт багш нартаа нэн хүндэтгэлтэй хандаж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд нь хамтран ажиллахыг нийт эцэг эх, асран хамгаалагч, ард иргэддээ уриалж байна.

Хүүхэд, залуусын хөгжлийн хөрсөнд Та бүхний тарьсан эрдэм мэдлэгийн үр шим хожмын өдөр хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь болж, хүчирхэг Монгол Улсын үндэс суурь болох учиртай.

Багш таны манлайлал, багш таны сэтгэл зүрх, хүч хөдөлмөрийн ачаар Монгол Улс мэдлэгт суурилсан нийгмийг бүтээж, улс эх орон маань хөгжин цэцэглэж, хүчирхэгжин мандах болно.

Монголын багш нарын VIII их хуралд мянга мянган багш нараа төлөөлөн оролцож буй эрхэм хүндэт Та бүхэнд болон монголын нийт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч нартаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих