Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Искандер Кубарович Азизовын үүрэгт ажил дуусгавар болон, нутаг буцаж байгаатай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хүлээн авч уулзлаа.
Ноён И.К.Азизов нь 2013 оноос хойш Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлж ирсэн билээ.
Тухайлбал, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г 2019 онд байгуулахад түүний оруулсан хувь нэмэр чухал байсан гэдгийг уулзалтаар онцлов.
Ноён И.К.Азизов нь Монгол-Оросын харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гол цөм бөгөөд хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа хэмээн цохон тэмдэглэсэн юм.
Түүний хоёр улс хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнаж, цаашдын ажил үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөлөө.
Сэтгэгдэл бичих