Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацу башё Токио хотын "Регоку Кокугикан" ордонд үргэлжилж байна. Тэмцээний аравдахь өдөр Их аварга Хакүхо Икиойг өвдөг шороодуулан тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд үлдэж чадлаа.
Хакүхо аварга өнөөдөр озеки Тэрүнофүжитэй барилдахаар учраа таарчээ. Озеки Тэрүнофүжи өчигдөр цол нэгт Кисеносатод өвдөг шороодсон юм. Озеки Кисеносато ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж явсан боловч цол нэгт Котошёогикүд ерикири мэхээр унасанаар давааны зөрүү нэг хэвээр байгаа билээ. Тэрбээр өнөөдөр маэгашира Эндотой барилдах аж. Озеки Котошёогикү өчигдөр озеки Гойёдод өвдөг шороодсон байна. Ингэснээр тэрээр 7 унаатай болж цолоо алдах магадлалтай болжээ.
Ёкозүна Какүрюү М.Ананд өчигдөр нутаг нэгт шинэ сэкиваке Тамавашитай хийн унасанаар 5 даваа, 5 унаатай болж хүнд байдалд орлоо. Тэрбээр сүүлийн барилдаануудаа озеки цолтонууд болон Хакүхо аваргатай хийх билээ. Какүрюү аварга өнөөдөр озеки Котошёогикүтэй хүч үзнэ.
Сэкиваке Тамаваши өнөөдөр Шохозантай барилдахаар оноолт таарсан ба 6 даваатай цолоо хамгаалах итгэл төгс барилдаж байна. Өчигдөр Араваши Э.Дөлгөөн Шохозаныг маш уран мэхээр өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулав. Түүний том цолтонуудтай хийсэн барилдаан маш сайн болж байгаа юм.
Дээд зиндааны монгол бөхчүүдээс эхний барилдааныг хийж буй Ичиножёо А.Ичинноров өчигдөр Садоноумиг давсанаар ижилхэн 8 даваа, хоёр унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Мөн Такайнова А.Баасандорж Чиёонокунид унасанаар найман даваатай болж хоёрдугаар эгнээнд бичгдлээ.
Тэргүүлэгчийн эгнээнд явж буй Такайнова А.Баасандорж /7-1/ өнөөдөр Чиёогоматай барилдана. Чиёошома Г.Мөнхсайхан өчигдөр Ишуарад унасанаар 5 даваа, 5 унаатай барилдаж байна.
Сэтгэгдэл бичих