УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль боловсруулах ажлын хэсэгт миний бие орохыг санал болгосон ч оруулаагүй. Энэ хуульд заасан хэд хэдэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж МАХН үзэж байгаа. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн гадаадад амьдрах, сурч боловсрох, аялах эрхтэй. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сүүлийн таван жилийн хугацаанд эх орондоо амьдарсан байх гэж заасан байна. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм. Түүнчлэн өмнөх сонгуулиудын үед бие даагч гишүүн намд элсэж, улмаар тухайн улс төрийн хүчин нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болдог байсан. Үүнийг мөн хязгаарласан байна.
Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-нээс өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн байх ёстой гэж заасан. Гэтэл өнөөдөр нэгдүгээр сарын 03. Тиймээс энэ заалт хэрэгжих боломжгүй. Мөн нэр дэвшигч нь УИХ-д суудалтай намын гишүүн байхаар тусгасан нь жирийн иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэрэг юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоногоор тогтоосон нь мөн хангалтгүй. Нэр дэвшигч 21 аймгаар тойрч мөрийн хөтөлбөрөө танилцуулах, ард түмнийхээ санал хүсэлтийг сонсоход энэ хугацаа хүрэхгүй. Дээрх шалтгаануудын улмаас МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжихгүй” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Тус хуулийн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвших хүн төрийн жинхэнэ албан хаагч бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэж тусгажээ. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сард болох бөгөөд одоо тус хуулийг баталсан ч дээрх заалтыг мөрдөх боломжгүй. Аль нэг намын гишүүн байхыг шаардаж байна. Хувь хүн нэрээ дэвшүүлэх тохиолдолд нам хүсэлт гаргах хэрэгтэй аж. Энэ нь хүний сонгогдох эрхэд саад учруулж, намд хүчээр элсэх шахалт үзүүлж байна. Тэгш бус сонгууль. Ялангуяа суудалгүй намуудыг зөвхөн дэмжиж оролцоно гэж заажээ. Энэ нь оролцохгүй байсан ч болно гэсэн санаа. Гуравхан намын төлөөлөл нэр дэвших гэж байхад хамтран нэр дэвшүүлэх тухай асуудлыг хөндөж тавьж байгаа нь манайх шиг ганцхан суудалтай намыг хүчээр аль нэг намд хамтарч нэр дэвшүүлэхээр буланд шахаж байна" гэж тайлбарлав.
Б.Чимэг
Сэтгэгдэл бичих