АН өнгөрсөн арванхоёрдугаар сард VI Их хурлаа хийж намдаа салхи оруулахаа сүр дуулиантайгаар зарласан. Тиймдээ ч намаа шинэчилнэ, намын дүрэмдээ өөрчлөлт оруулна хэмээн хоёр өдрийн турш хуралдсан ч хуралдаанаараа намаа шинэчлэх нь битгий хэл намдаа салхи оруулж чадаагүй өндөрлөсөн.
Харин хуралдаанаараа намын даргыг бүх нийтийн санал хураалтаар сонгож, намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлэхээр болсон. Улмаар өнгөрсөн арванхоёрдугаар сард намын даргын сонгуулийг эхлүүлж, шинэчилсэн бүртгэлээ хийж байгаа юм.
Гэвч 180 мянга гаруй гишүүнтэй хэмээн цээжээ дэлддэг АН-ын шинэчилсэн бүртгэлд өдгөө 18 мянга буюу аравхан хувь нь хамрагдаад байгаа нь АН-д итгэл иргэдийн итгэл битгий хэл намынх нь гишүүд ч сүжиггүй болсныг илтгэх мэт.
Гэтэл шинэчилсэн бүртгэлийн ирц тааруу байгаатай холбогдуулан, мөн намын даргын суудлын төлөө үзэж буй АН-ын фракцууд бохир арга хэрэглэж эхэлжээ. Тодруулбал, АН-ын фракцууд гишүүн элсүүлэх уралдаан зарласан мэт иргэдийг 500, 1000-р авчран намдаа элсүүлэн шинэчилсэн бүртгэлд хамруулж байгаа гэнэ.
Тэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж буй гишүүдийн хураамж болох 1200 төгрөгийг ч өөрсдөөсөө гарган бүртгүүлж байгаа аж. Фракцгүй болсоноо ээлж дараалан зарлаж байсан АН доторх фракц харин ч намын даргын сонгуулийн өрсөлдөөнөөр улам эрчээ авч байна. Аль олон гишүүн элсүүлсэн фракцын хүн намын даргын сунгаанд ялах тул гишүүдээ идэвхтэй элсүүлж, шинэчилсэн бүртгэлд хамруулж байгаа гэнэ.
АН дотор явагдаж буй бас нэг хуйвалдаан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тохироо гэнэ. Зарим нэг эрхмүүд намын даргад нэр дэвшигчдэд "Чамайг АН-ын даргад ялуулвал, намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүл" гэх тохироог ч бас хийж байгаа гэнэ.
Юм бүхнийг луйвар, хуйвалдаан, тохиролцооны зарчмаар явуулдаг АН намынхаа даргын сонгуулийг ч шударгаар явуулж чадахгүй байгаа нь тус намд итгэх иргэдийн итгэлийг улам их алдаж байна.
Гишүүдийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 6-нд дуусна. Тэр болтол аль фракц нь олон хүн дэвшүүлж чадсан нь намын даргын суудлыг авах бололтой.
Ийнхүү АН доторх фракцуудын үйл ажиллагаа улам идэвхжиж байна. Уг нь тус намын дарга З.Энхболд өнгөрсөн онд АН-ыг фракцгүй нам болсон хэмээн зарласан боловч намын даргын суудлын төлөө фракцууд нь хоорондоо "алалцаж" байна.
Б.Анир
Сэтгэгдэл бичих