УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах хуваарьтай. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдаж, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдсангүй.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Наранхүү нар гадаад томилолттой, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар орон нутагт, УИХ-ын гишүүн Д.Муратын ар гэрт ажил явдал гарсан тул өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаагүй аж.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороодоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл зэрэг 19 хуулийн төсөл хэлэлцэхээр болсон байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл