Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09, “Онцгой” тусгай хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төв-121, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, “Аврагч биеийн тамир, техник-спортын хороо-120, 112, 185, 179 дүгээр анги, НОБГ, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв болон “Дэлхийн Зөн”, Жайка, МУЗН байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан хувцас хэрэглэл, техникийг дэлгэж, эрүүл мэндийн үйлчилгээ, биеийн тамир, техник аргазүйн сургалт, заавар, улсын нөөцийн бараа материал, хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулсан юм.
Мөн Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид шүхрийн буулт хийж, Эрэлч ноход эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилт, аюулт үзэгдэл, ослын төрлүүдээр аврах ажиллагааны үзүүлбэрүүдийг иргэдэд сонирхууллаа.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэхтэй холбоотой нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Үүний хүрээнд гал унтраах дрон, робот зэрэг техник хэрэгслүүдийг татан авсныг олон нийтэд танилцууллаа.
Гал унтраах дрон нь 70 км/цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 км-ийн радиуст нисэх, цельсийн -40-өөс 70 градусын нөхцөлд бүрэн ажиллаж, ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг 3 төрлөөр гал унтраах үүрэг гүйцэтгэх зориулалттай. Мөн 17-20 м/секундын хүчтэй салхинд ч ажиллах чадамжтайгаараа онцлог аж.
Харин гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчлөхөөрөө онцлог бөгөөд 1 секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай юм.
Түүхийн энэ хугацаанд Онцгой байдлын алба өөрийн чадавхаа бэхжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хүч, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин өнөөдрийн дэлхийн жишигт хүрлээ.
Сэтгэгдэл