
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв.
Ерөнхийлөгч НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцоллоо.
Мөн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлав.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Юуны өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы даргын хариуцлагатай үүргийг хүлээн авсан ноён Халилур Рахман Танд чин сэтгэлийн баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ойн босгон дээр болж байна.
Монгол Улс тэртээ 1961 онд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл, найдварын их өргөө болсон НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элсэж, алтан соёмбот Төрийн далбаагаа НҮБ-ын индэрт мандуулсан бахдам сайхан түүхтэй билээ.
Дэлхийн улс түмнүүдийн итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааны төв болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, Бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн дор зохион байгуулж байгааг талархан хүлээж авч байна.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээн монголчууд ярьдаг.
НҮБ нь гишүүн орон бүрийн итгэл сэтгэлээр бүрдэж, хичээл зүтгэлээр бэхэждэг байгууллага билээ.
Тиймээс гишүүн орнууд бид НҮБ-ын үйл хэрэгт чин сэтгэлээр хандаж, зөвхөн дэмжлэг, туслалцаа хүлээх бус өөрсдийн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллах учиртай.
Гишүүн орон бүрийн итгэл найдвар, идэвх зүтгэл, үүрэг, оролцоо нь НҮБ-ыг улам хүчирхэгжүүлж, хүчирхэг НҮБ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг илүү үр өгөөжтэй ханган хэрэгжүүлж, үр шимийг нь гишүүн орон бүр хүртэх нөхцөл бүрдэх болно.
Дэлхий ертөнцөд зөрчил мөргөлдөөний аянга цахилж, үл итгэлцлийн хана улам өндөрсөж, үл ойлголцлын ангал улам гүнзгийрч байгаа энэ үед олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлсэн олон туйлт бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн, олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлэх нь нэн чухал болж байна.
Найман зууны тэртээ монголчууд бидний өвөг дээдэс даян дэлхийд “Монголын их амар амгалан”-г цогцлоож, дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан түүхэн гавьяаг дэлхий ертөнц хүлээн зөвшөөрсөн билээ.
“Монголын их амар амгалан”-гийн энэхүү үзэл санаанд тулгуурлан олон тулгуурт зарчмаар, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэн, нэгдмэл хариуцлагаар итгэл найдвараа сэргээж, нэгэн зорилгоор НҮБ-аа шинэчилж, нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээцгээе.
Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч энэ цаг үед манай гараг дээр 90 гаруй зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаагийн 30 гаруй нь олон улсын шинжтэй болсон нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал тогтворгүй, геополитик, геостратегийн өрсөлдөөн улам хурцдаж байгааг илтгэж байна.
Улмаар дэлхийн эдийн засгийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож, эрчим хүч, түлш шатахуун, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улс орнуудын эдийн засаг хүндрэл, бэрхшээлтэй тулгарлаа.
Энэ нь олон улсын харилцаанд Дэлхийн II дайнаас хойш тогтсон дэг журмыг сулруулж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг өөрчлөн, олон талт харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ-ын үйл ажиллагааны талаарх энэ оны илтгэлдээ “Үймээн самуун, хагарал хуваагдал, тодорхойгүй байдлаар дүүрэн өнөөгийн дэлхий ертөнцөд НҮБ урьд өмнөхөөсөө илүү хэрэгцээтэй, илүү чухал болоод байна” хэмээн тэмдэглэсэнтэй Монгол Улс санал нэг байна.
НҮБ-ыг орчин цагийн сорилтуудад нийцүүлж, илүү үр өгөөжтэй болгох зорилгоор түүний санаачилсан “НҮБ-80” шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой ахиц дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улс энэ хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж буйгаа нотолж байна.
НҮБ-ыг хэр үр дүнтэй байгууллага байлгах, НҮБ-аас хэр дорвитой арга хэмжээ авах, улс түмнүүд хэрхэн хүчээ нэгтгэх нь чухамхүү гишүүн улс орнууд бид бүхнээс шалтгаална.
Удахгүй сонгогдох шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга нь НҮБ-ын зорилго, зарчим, олон улсын эрх зүйг тууштай хамгаалж, гишүүн орнуудын дуу хоолой, байр суурийг эрх тэгш илэрхийлж, итгэлцлийг сэргээж, өөрчлөлт шинэчлэлийг манлайлан ажиллана гэдэгт Монгол Улс итгэлтэй байна.
Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг баримталдаг.
Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм.
Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.
Иймээс Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.
Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойших 65 жилийн хугацаанд НҮБ, түүний системийн байгууллагууд манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагааны тулгуур зарчмууд болох олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтад өөрийн хувь нэмрийг нэр төртэй оруулж ирлээ.
Тухайлбал, Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрчээ.
Энэ хугацаанд энэ статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулж байна.
Мөн Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирлээ.
Өнөөдөр ч гэсэн манай энхийг сахиулагчид Хаити Улсад үүрэг гүйцэтгэж “Гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин” олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.
Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэсэн цөөн орны нэг боллоо.
2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа Баруун Сахар дахь ажиллагаанд илгээснээс хойших 20 жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүдийн эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаан даян дэлхийн энхийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ.
Тиймээс манай улс “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, эдгээр улс орнуудын тусгай хэрэгцээ, шаардлага, онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт таниулах, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх чиглэлээр манлайлан ажилласаар ирснийг тэмдэглэхэд таатай байна.
Энэ хүрээнд манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг олон санал, санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
“Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгохын тулд далайд гарцгүй хөгжиж буй орнууд уг хөтөлбөрийг үндэснийхээ хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулахын сацуу бүх талын нөөц бололцоог ашиглан бүс нутгийн интеграцчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал юм.
Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэмжин, бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэг, банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдэд уриалж байна.
Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
“Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөр дуусах хугацаа хаяанд ирээд байгаа энэ үед зорилтуудын дөнгөж 36 хувь зохих хэмжээнд хэрэгжиж, 15 хувь нь ухралтын байдалд байгааг НҮБ-ын 2026 оны тайлан харууллаа.
Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай.
Энэ их зардал, хөрөнгө мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжил зэрэг сэтгэл зовоосон олон чухал зүйлд зарцуулсан бол хүний нийгмийн хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ, эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн бодож тунгаах цаг нэгэнт болжээ.
НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн индексийн 2026 оны тайлан”-д дурдсанаар Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 68.8 хувьтай хэрэгжүүлж байгаа нь бидний сүүлийн жилүүдийн хүчин чармайлтын бодит үр дүн, амжилт юм.
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа9-23, 13:52
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9-23, 13:49
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9-23, 13:42
Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9-15, 20:45
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА9-14, 20:45
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8-6, 0:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИНЭ 100 ЖИЛИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ ТҮҮХЭН МӨЧ АЙСУЙ7-24, 19:25
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа7-6, 16:25
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7-1, 22:09
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа7-1, 10:37
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ6-30, 16:54
Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ6-23, 4:48
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:36
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:33
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21
Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34
УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16
Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23
ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48
ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27
Сэтгэгдэл