НББХ: Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НДҮЗ-д нэр дэвшигчийн дэмжин, тэтгэврийн зээлийн зохицуулалтын талаарх мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.07.01)-ийн хуралдаан Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийн тухай болон Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлэг, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар буюу нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулах тухай асуудлаар гаргасан иргэн Б.Батбилигийн өргөдлийг хэлэлцсэнээр эхэлсэн юм.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал дүгнэлт гаргах шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа танилцууллаа. Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хийлгэх чиглэлээр Улсын Их Хурлын даргын зөвлөхүүд, Эрүүл мэндийн яам (ЭМЯ) болон харьяа байгууллагууд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ), Сангийн яам, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, хөгжлийн төвүүд, анхан шатны болон лавлагаа шатны эмнэлгүүд, Үндэсний статистикийн хороо, төрийн бус болон олон улсын байгууллагууд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), мөн бие даасна судалгааны байгууллагууд оролцож ажилласныг тэрбээр танилцуулаад, ажлын хэсэг эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээг хүргэх удирдлага, зохион байгуулалт, хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний зохицуулалт, нэгдмэл, тасралтгүй байдал, төрийн өмчийн эмнэлгийн хагас бие даасан байдал, засаглал, тусламж үйлчилгээний санхүүжилт, чанар, үр дүнг үнэлэх үнэлгээний тогтолцоо, эрүүл мэндийн цахим мэдээллийн нэгдсэн сан, түүнийг бүрдүүлэх, их өгөгдөлтийн ашиглахтай холбоотой асуудлыг судалж, тусламж үйлчилгээг сайжруулж, хүн амд хэрэгцээтэй тусламж үйлчилгээг хаана оршин амьдарч буй болон ямар ажил, бизнес эрхэлж байгаагаас үл хамааран тэгш, хүртээмжтэй хүргэх, мөн энэ салбарын хүний нөөцийн хангамж, ажлын ачаалал, бүтээмж, гүйцэтгэлийн үр дүнтэй холбоотойгоор үүссэн цалин, хөлс, нийгмийн баталгааны асуудлыг тандан судалжээ. Мөн олон улсад ашиглагдаж байгаа эрүүл мэндийн голлох платформууд, засаглал, удирдлагын болон санхүүжилтийн загварууд, чанарын үнэлгээний механизмууд, нөөцийг зохистой удирдах аргачлалуудыг харьцуулан үзсэн байна. Мэдээлэл судалгааны ажлын үр дүнд тус салбарын хууль тогтоомж, дүрэм журам, эмнэлгийн үйл ажиллагааны бодит нөхцөл байдалд нийцэхгүй, хэрэгжүүлэх боломжгүй, зохицуулалт нь тодорхой бус, хоорондоо зөрчилтэй, мөн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо сул, үүнийг дүгнэх арга, аргачлал байхгүй, оношилгоо, шинжилгээний заавар хоцрогдсон, 720 гаруй стандарт батлагдсан боловч хэрэглэх боломжтой нь цөөн, төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэр нь удаашралтай, дотоод зохион байгуулалт нь ил тод биш, удирдлага нь шат дамжлага ихтэй, хурдан шуурхай бус, эмнэлгийн бие даасан байдал, шийдвэр гарах эрх мэдэл хязгаарлагдмал, гүйцэтгэлд суурилсан цалин урамшуулал, татаасын систем салбарынхаа онцлогт тохирохгүй зэрэг олон тулгамдсан асуудал бугшсан байгааг тодорхойлсон байна. Эдгээр тулгамдсан асуудлуудад тусламж үйлчилгээний хуваагдмал байдал, шаардлагагүй тусламж үйлчилгээг одоо хэт их үзүүлэх байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний дутмаг байдал, эрх зүйн зохицуулалтын салангид байдал, цахим системийн систем үр ашиггүй байдал, захиргааны нэмэлт зардал, ажиллах хүчний төлөвлөлт хангалтгүй, авлига ба луйвар, гүйцэтгэлийн үнэлгээ, хэмжилт хангалтгүй, тусламж үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал гэсэн суурь шалтгаанууд нөлөөлж буйг ажлын хэсэг дүгнэсэн байна. Иймд ажлын хэсэг эдгээр суурь шалтгааныг арилгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбгдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Б.Бейсен нар нийгмийн эрүүл мэндийн асуудлаар ямар шинэ шийдлүүд гаргаж байгаа болон үүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусламж, үйлчилгээ хэчнээн хувийг эзэлж байгаа, салбарын эрх зүйн орчныг шинэчлэх эрэмбийг тогтоож, дэс дараатайгаар хурдан шуурхай шийдвэрлэх боломж бий эсэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг хэрхэн сайжруулах зэргийг асууж, эрүү мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж муу, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж тааруу, эмч нарын цалин хангамж, ажлын ачаалал жигд бус, сахилга хариуцлага сул, ЭМДҮЗ-ийн гаргаж байгаа бодлого, шийдвэр алдаатай, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, бүтэц буруу байгааг засаж залруулахгүйгээр цааш явах боломжгүй гэдгийг хэлсэн юм. Байнгын хорооны дарга Л.Энхнасан эмнэлгүүд ТУЗ-өө байгуулсан байх ёстой боловч зарим нь байгуулахгүй байгаагийн шалтгаан, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны талаар ямар дүгнэлт хийж буйг болон өрхийн эрүүл мэндийн төвийн нутаг дэвсгэрийн хуваарь, тусламж үйлчилгээний долоон төрлийн тусгай төрөлд 1452, мэргэшсэн тусламж үйлчилгээний төрөлд 1304 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа боловч зохицуулалт нь хангалтгүй байгаа шалтгааны талаар асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Б.Бейсен нар үг хэлж, ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцсэнтэй холбоотойгоор хуулийн төслийг боловсруулах чиглэл өгөх, үүний хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагыг Сангийн яаманд хариуцуулах, ЭМДҮЗ эмнэлгийн байгууллагуудын санхүүгийн байдлыг шалгах эрхгүй байгааг өөрчлөх, осол гэмтлийн болон хүнд өвчний дараах амьдралын жил, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эмчилгээний дараах үйлчилгээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх талаар сэтгэлтэй, санаачилгатай ажиллах шаардлагтайг онцлон дурдлаа. Мөн мэргэжлийн яамдын удирдлага, зохион байгуулалтын улс төр, намын харьяаллаас ангид байлгах, салбарыг бүхэлд нь хэрсэн өр, авлагын сүлжээг шийдвэрлэх, эмч, эмнэлгийн ажилтны цалин, хөлсийг нэмэгдүүлэх, эмнэлгүүдийн бүтэц, менежментийг сайжруулах ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатайг чухалчилсан юм.

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа. Ард иргэдээс ирүүлсэн удаа дараагийн санал, хүсэлтийг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан тухайгаа тэрбээр дурдаад, Алдарт эхийн одон бол шагнал биш олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх нийгмийн үнэлэмжийн хэрэгсэл болж ирснийг онцолж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх, нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх гэдэг шалгуур тавьж байгаа нь хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байгаа тул эдгээр шалгуурыг хасаж, энэ өөрчлөлтийг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасныг дурдав. Хуулийн төсөл батлагдсанаар “Эхийн алдар 1” одон авах эхчүүдийн тоо 10154, “Эхийн алдар 2” одон авах эхчүүдийн тоо 27140 болж нэмэгдэх бөгөөд үүнд 7.5 тэрбум төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоог Үндэсний статистикийн хорооноос хийжээ.

Хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам яагаад дэмжээгүй талаарх Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн асуултад тус яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул хариулт өгөв. Тэрбээр хуулийн үзэл баримтлал нь олон хүүхэд төрүүлж, мөн өсгөсөн эхчүүдийг урамшуулахад чиглэж байгаа тул энэхүү концепцийг шинэчлэх, мөн өнгөрсөн 2024 онд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулж батлуулсан хуулиар хүүхдийн насны хязгаарыг 0-18 гэж өөрчилсөн тул эдгээрийг нийцүүлэх шаардлагатай гэсэн байр суурины үүднээс санал өгсөн гэсэн юм. Мөн хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Хөдөлмөрийн хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж, амралтын мөнгө олгох зохицуулалтуудтай энэ хуулийг дүйцүүлж ойлгох нь буруу гэсэн тайлбар өгч, энэ бол нэг талдаа хүний эрхийн, хүүхдийн эрхийн асуудал, нөгөө талдаа хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим хөндөгдөж буйг тодотгов. Одонгийн урамшууллыг тусгай журмаар зохицуулах бөгөөд журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар заасан тул тус журамд санал өгч шийдвэрлүүлэх боломж нээлттэй гэсэн хариултыг тэрбээр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн асуултад нэмж өглөө. Хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үе дэмжээгүй саналын талаар тайлбар хийх үед төсвийн тооцооллыг нарийвчлан гаргасан байхыг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа зөвлөв. Мөн хууль санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Монгол Улсын иргэний төрсний гэрчилгээг нэг сарын дотор авдгийг болон нийслэл хотод өвлийн улиралд утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрдгээс шалтгаалан бага насны хүүхдүүд уушгины хатгалгааны хүндрэлээр эндэх тохиолдол их байгаа зэргийг харгалзан хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн дэмжиж байгаагаа илэрхийлж, хүүхэд болон нярайн талаарх эрх зүйн тодорхойлолтыг сануулан, энэ нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого гэдгийг тодруулан тайлбарласан юм. Тэрбээр хуулийн үйлчлэлд нутаг дэвсгэр хамаарах эсэхийг асуухад Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төсвийн тооцооллыг хийхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийн статистик үзүүлэлтээр тооцсоноос бус хуулийн үйлчлэл, зохицуулалтад нутаг дэвсгэрийн хамаарал байхгүй гэлээ.

Асуулт, хариулт дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль зүйн нэр томьёо, насны хязгаар, тэрхүү хязгаар доторх хүүхдийн тоо, насны хязгаарыг давсан буюу насанд хүрсэн хүүхдийг одон авах шалгуурт хамааруулах эсэх зэрэг асуудлаар саналаа нэгтгэх нь зүйтэй гэлээ.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулах тухай асуудлаар Нийтийн өргөдөл, гомдлын системд 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гаргасан Монгол Улсын иргэн Б.Батбилигийн өргөдлийг 100 мянгаас дээш тооны иргэд дэмжиж, Улсын Их Хурлаар авч хэлэлцэнэ гэсэн шаардлагыг хангасан тул уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Иргэн Б.Батбилиг цахим өргөдлөө нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг 12.0 хувь болгон бууруулах, 1072 хувьцаатай шимтгэл төлөгч хувьцааныхаа ноогдол ашгийг өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл ирэх жилийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 12 хувь хүртэл бууруулах тухай дурдсан тул үүнтэй холбогдуулан яамнаас тайлбар авсан байна. Тайлбарыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулав. 1995 оноос ажил олгогч нийгмийн даатгалын таван төрөлд цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 29-31 хувь, түүнээс тэтгэврийн даатгалд 13.5 хувь, даатгуулагч цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос 10 хувь, үүнээс тэтгэврийн даатгалд 5.5 хувиар тус тус шимтгэл төлж ирснийг 2008 оноос тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5.0 хувиар, тэтгэмжийн даатгалын шимгэлийг 1.0 хувиар тус тус бууруулсныг сайд танилцуулж, Улсын Их Хурлаас 2017 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр хуульчилсныг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ажил олгогч, даатгуулагч тус бүрийн шимтгэлийг 1.5 хувиар нэмэгдүүлээд байгааг дурдсан юм. Иргэний гаргасан өргөдлийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар буурулах тохиолдолд Нийгмийн даатгалын сан болон улсын төсөвт нийтдээ 3.2 их наяд төгрөгийн ачаалал ирнэ гэдгийг тэрбээр хэлж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол нөхөх боломж байгаа эсэхийг тооцолоход уг ногдол ашгийн нийт 2.4 их наяд төгрөг болсон буюу нөхөх боломжгүй гэсэн дүн гарсныг танилцуулсан юм. Нийгмийн даатгалын сангийн орлогыг 3,2 их наяд төгрөгөөр бууруулснаар тэтгэвэр, тэтгэмж, эрүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх боломжгүй болж, улсын төсвөөс ийм хэмжээний нэмэлт татаас шаардагдах, төсвийн орлогыг дээрх хэмжээгээр нэмэгдүүлэхийн тулд татварын хувь хэмжээг өсгөх, эсвэл одоо авч байгаа тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг 50 хувиар бууруулах зэрэг үр дагавар үүсэхийг тайлбарлав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат асуулт асууж, үг хэллээ. Тэрбээр сүүлийн үед иргэд, тэр дундаа залуучууд нийгмийн даатгалын ач холбогдлыг ойлгохгүй, шимтгэл төлбөрийг бууруулах асуудлыг ярьж байгаа нь нийгмийн даатгалын реформ хийх зайлшгүй шаардлага тулгарсныг илтгэж байна гээд, нийгмийн даатгалын үр өгөөжийг сайжруулах, бүгд ижилхэн төлж, шударгаар авдаг систем рүү шилжих цаг болсныг онцоллоо. Мөн энэ асуудлыг иргэд, олон нийтэд зөвөөр ойлгуулах, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх шардлага байгааг тэмдэглэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийгмийн даатгалын уян хатан тогтолцоог нэвтрүүлж, аж ахуйн нэгжийн санхүүгийн дарамтыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гээд, Засгийн газраас нийгмийн даатгалын ямар реформ хийхээр төлөвлөж байгааг асууж хариулт авсан юм. Түүний асуултад хариулахдаа Гэр бүл, хөдөлмөр, ниймийн хамгааллын сайд Т.Аубакир хөдөлмөр эрхэлж буй болон тэтгэвэр авч байгаа хүмүүсийн зохистой харьцааг хангах асуудал чухал болохыг онцолж, Шинэ Зеландын тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх талаар судалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүний санаачилсан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах, эдгээр гэрээний үндсэн дээр хүнийг ажиллуулж, цалин хөлс олгосон тохиолдолд тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх, мөн хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрсний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах тухай хуулийн төсөлтэй уялдуулан Нийгмийн даатгалын сан аль болох бага татаастай байх хувилбарыг боловсруулж байна гэв. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нийгмийн даатгалын сангийн тухай болон тэтгэвэр, тэтгэмж, халамж хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлууд уялдаа холбоотой учир хуулиудыг багцаар шинэчлэх ажлын талаар нийгэмд нэгэнт хүлээлт үүссэн учир яаравчлах шаардлагатайг дурдаж, хөгжлий бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч байгаа бэрхшээлийг арилгахад анхаарах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ шимтгэлтэй холбоотой асуудлыг зөвхөн Нийгмийн даатгалын сангийн талаас харахгүй байхыг зөвлөж, ажил олгогчдод үүрэгдэж байгаа санхүүгийн дарамт буурвал тэд ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах талаар зоригтой алхмуудыг хийж чадна гэв.

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар буюу нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулах тухай асуудлаар гаргасан иргэн Б.Батбилигийн өргөдлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хороны тогтоол гаргахаар боллоо. “Засгий газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолын төсөлд, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүйгээр зарим даатгуулагчийн шимтгэл төлөлтийг уян хатан тогтоох боломжийг судалж, холбогдох хуулийн төсөлд тусган боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зохистой удирдлагыг төлөвшүүлж тус сангаас “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч “Чингис Хаан банк” ХХК-аас нэхэмжилсэн авлагыг барагдуулах арга хэмжээг яаралтай авч санг алдагдалгүй түвшинд хүргэх, ажил олгогчид ирэх санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тэдний шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчтай ижил байх хязгаарыг тогтоох боломжийг судлах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Тогтоолын төсөлд иргэний гаргасан өргөдөлд тусгасан асуудалтай холбоотой агуулгыг нэмэх тухай Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын саналыг тусгаж батлахаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоол батлагдсанд тооцлоо.

 

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа нь хэлэлцлээ. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын сан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн сайдын 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн талаарх танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийв. Эдгээр төсвийн ерөнхийлөн захирагчдын багцын нийт 303 байгууллагын 39 төсөл, сан, төрийн өмчийн дөрвөн аж ахуйн нэгж, 260 төсөвт байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Тэдгээрийн нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 10 934.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, үүнээс урсгал зардал 12 529.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 415.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдах гурван төсвийн ерөнхийлөн захирагчийн 312 төсөл, арга хэмжээнд 415.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, гүйцэтгэл нь 72.3 хувийн биелэлттэй гарчээ.

Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Аудитаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгч, харьяа 102 байгууллагад “өөрчлөлтгүй”, 34 байгууллагад “хязгаарлалттай”, хоёр байгууллагад  “сөрөг” гэсэн дүгнэлт өгч, нэг байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийт 141.2 тэрбум төгрөгийн  зөрчлөөс 0.2 тэрбум төгрөгийн  зөрчилд 62 төлбөрийн акт тогтоож, 105.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 62 албан шаардлага, 2.8 тэрбум төгрөгийн зөрчилд  хариуцлага тооцуулах есөн албан шаардлага хүргүүлж, 32.2 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 207 зөвлөмж өгч, 0.2 тэрбум төгрөгийн гурван зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол, нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 95.5 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.1 тэрбум төгрөгийн алдааг залруулах зөвлөмж өгсөн байна. Нийцлийн асуудлаар нийт 2 53.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс, 2 32.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 56 албан шаардлага, 2.2 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах есөн албан шаардлага хүргүүлж, алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 18.9 тэрбум төгрөгийн 105 зөвлөмж өгчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 134.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2024 онд 48.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 43 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан ба төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 61.6 хувийн санхүүжилтийг олгосон байна.

Эрүүл мэндийн сайдын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай”, харьяа 289 байгууллагад “өөрчлөлтгүй”, 59 байгууллагад ‘’хязгаарлалттай‘’,  гурван байгууллагад “сөрөг” дүгнэлт өгч, хоёр байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо7-1, 16:05НББХ: Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НДҮЗ-д нэр дэвшигчийн дэмжин, тэтгэврийн зээлийн зохицуулалтын талаарх мэдээллийг сонслоо7-1, 14:07Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа6-30, 17:01Олон улсын парламентын өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ6-30, 13:48Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ6-28, 13:39Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав6-26, 19:502025 онд нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ6-25, 18:46Гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт хөрөнгө оруулалт татах үүрэг өгөв6-25, 1:45Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6-24, 23:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6-24, 23:57“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ6-23, 18:20Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа6-23, 0:56Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6-21, 23:47Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив6-20, 19:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрдэмтэд Академич хэргэм хүртээлээ.6-20, 19:50“АЛТАН ХАЙЧ-2025” ХОНЬ НООСЛОХ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС 100 ГАРУЙ МАЛЧИН ТАМИРЧИД УР ЧАДВАР, ХУРД ХҮЧЭЭ СОРЬЖ БАЙНА6-20, 19:46Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно6-20, 19:42Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа6-20, 19:40ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА6-20, 19:39Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6-5, 23:55Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо6-4, 14:28ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ6-4, 14:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа6-2, 23:42Туркменистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5-28, 22:17Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө5-28, 22:16Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина5-28, 21:59“Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна5-23, 21:59Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна5-21, 22:12Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд ч үргэлжлүүлнэ5-17, 21:2337 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо   5-17, 14:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа5-15, 21:23Нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо5-12, 18:36Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтын оролцогчидтой ярилцлага хийж байна5-12, 18:33Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа5-12, 18:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо5-11, 18:21Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5-8, 20:18Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5-8, 18:18Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа4-11, 2:59Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн4-9, 2:51УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар чуулга уулзалтад оролцож байна4-7, 0:25