Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо

Нийтлэл   Улс төр 18:31 , 2024-7-2

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр 10 цаг 00 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ.     

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчдэд өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо гишүүний үнэмлэх олгосон юм.

Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.  

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол төрийн өндөр босгыг давж ард түмнийхээ итгэл, найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг дээдэлж, эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхээр төрийн түшээгээр сонгогдсон гишүүдэд амжилт хүсээд, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмыг бататган бэхжүүлж, парламентын ес дэх удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй анхны Улсын Их Хурал байгуулагдсаныг онцолсон.

Ард, иргэдийнхээ халуун итгэл, их хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдож буй Та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцвал ард иргэдээсээ уучлалт гуйн, нэн даруй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав.

Мөн тэрбээр “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж манай ард түмэн ярьдаг. Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн боловч ард түмний төлөөлөл болон энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй. Иймд энэ удаагийн Улсын Их Хурал ёс зүй, сахилга хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, зөрчлөөс ангид байж, сонгогч олныхоо итгэл найдварыг дааж, нэр төртэй ажиллахыг Төрийн тэргүүн онцгойлон сануулж байлаа.

Энэ удаагийн Улсын Их Хурал аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол төрийн бодлогын залгамж чанарыг сайтар хадгалан, ард түмнийхээ санал бодлыг сайтар судалж, шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг, хэлсэн үгэндээ эзэн болж, эв эе, эвлэрэл зохицлыг эрхэмлэн, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, уян хатан байж, уур уцаараар бус ухаан бодлоор асуудалд хандаж шийдвэр гаргаж байхыг онцгойлон анхаарах ёстой гэв.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж нэмэгдэж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой он жилүүд байлаа. Цаашид улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой. Аюулгүй байдал, гадаад харилцааг улстөржүүлж огт болохгүй. Улсын аюулгүй байдал, гадаад бодлого гэж байхаас Улсын Их Хурлын гишүүний бие даасан гадаад бодлого гэж огт байхгүйг сануулъя гээд Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдэхэд Төрийн дуулал эгшиглэж, шинээр сонгогдсон гишүүд босч хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасны дагуу Дүгэрийн Рэгдэл чуулганыг даргалсан юм. 

Дараа нь  Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнгийн талаарх илтгэлийг тавилаа.

Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурлын 2024 оны энэ удаагийн ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа Улсын Их Хурлын 126 гишүүнийг, сонгуулийн хосолсон тогтолцоогоор зохион байгуулж явуулсан нь сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлогтой болсныг цохон тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоор нийт 19 нам, хоёр эвсэл, нийт 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн түүхэнд хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч оролцсон сонгууль боллоо. Тухайлбал, 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт 927, жагсаалтаар 372, бие дааж 42 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд нийт нэр дэвшигчдийн 61.3 хувь буюу 821 нь эрэгтэй, 520 буюу 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байсныг тодотголоо.

Мөн тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс болон 47 салбар  комисс, 2198 хэсгийн хороонд нийт 21943 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 2763 албан хаагч ажилласнаас гадна, онцгой нөхцөл байдалд сонгогчдынхоо санал авах ажилд онцгой байдлын 530 гаруй албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын 1000 гаруй ажилтан ажилласан гэв.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг дэлхий дахин анхааралтай ажиглаж, гадаадын болон олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн нийт 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч ажилласан бол сонгогчдыг мэдээллээр хангах, сонгуулийн үйл явцын талаар дотоодын 434 хэвлэл мэдээллийн байгууллагын 4600 гаруй сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилтнууд ажилласан хэмээн илтгэлд дурджээ. Мөн энэ удаагийн сонгуулийг ажиглахаар 29 орны тусгай багийн нийт 249 ажиглагч оролцсон  байна.

Монгол Улсын иргэдээсээ санал авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд Монгол Улсын сонгуулийн түүхэнд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгуулийн идэвх, оролцоо нэмэгдэж саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт сонгогчийн 73.2 хувь нь сонгуульд оролцсон эерэг нөлөөг үзүүлснийг П.Дэлгэрнаран дарга илтгэлдээ онцолсон.

Сонгуулийн дүнгээр Монгол ардын намаас сонгуулийн тойрогт 50, намын жагсаалтаар 18 нийт 68, Ардчилсан намаас сонгуулийн тойрогт 26, намын жагсаалтаар 16 нийт 42, ХҮН намаас сонгуулийн тойрогт хоёр, намын жагсаалтаар зургаа нийт найм, Үндэсний эвслийн жагсаалтаар дөрөв, Иргэний зориг ногоон намаас жагсаалтаар дөрөв нэр дэвшигч тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон нийт Улсын Их Хурлын гишүүдийн 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын парламентын түүхэн дээд үзүүлэлт төдийгүй Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн 187 орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтийг хангасан байна.

Мөн шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай байна. Мэргэжил боловсролын байдлаар ангилан авч үзвэл инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогджээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7, 71.14-т заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн болон бүх хэсэгт хийгдсэн хяналтын тооллогын хүчин төгөлдөр үр дүнд хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан 126 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо үзэж буйгаа илэрхийлэв.  

Ийнхүү шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлсэн юм. 

Хуралдаан даргалагч Д.Рэгдэл Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар нь дуудахад гишүүн тус бүр хуульд заасны дагуу "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авлаа.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав.

Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-т заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын гишүүн, хуралдаан даргалагч Д.Рэгдэл танилцуулсан юм.

Энэ дагуу Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх болсон Монгол Ардын намыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг мөн Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг нэр дэвшүүлэхээр санал болгож байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер, мэдээлэл хэмжлийн электроникийн инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 2000-2007 онд “Соёмбо Принтинг” компанийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын ХМОНХХ-ийн дарга, 2008-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч бүлгийн дарга, 2015-2016 онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2022 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа хэмээн Л.Мөнхбаатар гишүүн танилцуулсан юм. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдгийг хуралдаан даргалагч танилцууллаа. Ингээд Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг уншиж, танилцуулав. Тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлсэн.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өглөө.

Үүний дараа шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын даргын хувьд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана гэдгийг тэмдэглээд хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана гэдгийг онцлов.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо7-2, 18:31УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг7-2, 18:04Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганыг нээж үг хэллээ7-2, 17:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7-1, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ7-1, 21:12Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай6-11, 20:33Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6-11, 17:04“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5-30, 15:44Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ5-30, 15:09Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-29, 17:09“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ5-29, 17:07БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА5-29, 17:03Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо5-29, 16:34ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА5-29, 16:29ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО5-29, 16:20Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18