Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн болон бусад албаныхан хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийхээр Архангай аймгийн зарим сумдад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Өгийнуур сумын Өгий багийн малчин өрхүүдээр ажиллалаа.
Өгийнуур сумын хувьд одоогоор нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүл тогтсон бөгөөд Орхон Дойт багуудад цасны зузаан 16-25 см байна. Өгий, Зэгстэй, Тоглох багийн хэсэг газруудад 11-22 см зузаантай, Тоглох багийн зарим хэсгээр 5-10см зузаан цастай байна. Мөн өнгөрсөн зун бэлчээрийн ургамлын гарц муу ургасан, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбогдуулан нийт мал сүрэг бэлчээрээс идэш тэжээл идэх нь хомс, малын тарга хүч муудаж зүй бусын хорогдол ихээр гарч байна. Одоогийн байдлаар 36512 толгой мал хорогдсон байна.
Шадар сайд Амарсайхан "Хэдийгээр өвлийг давсан ч хаврын хүнд нөхцөл үргэлжилж байна. Цаашдаа бодлогын түвшинд малын мах экспортлох, дайвар бүтээгдэхүүнүүдийг өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох талаас анхаарч ажиллах шаардлага байна. Малын мах, арьс, шир, түүхий эд бүтээгдэхүүн үнэгүйдсэнээс малчдын амьдрал жил ирэх тусам доройтож байна. Малын түүхий эд үнэгүйдэхийн хэрээр малчид малынхаа тоог өсөж байна. Энэ нь Монгол орон даяар бэлчээрийн даац хэтрэх, ургамлын гарц доройтох зэрэг олон сөрөг үр дагаварыг дагуулж байна" гэлээ.
Сэтгэгдэл