Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийтлэл   Улс төр 22:10 , 2023-3-21

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж,  хоёр асуудал хэлэлцлээ.

  Байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

  Хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгажээ. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжид дурдсанчлан төрийн болон Засгийн газрын тэргүүнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүх болон цэргийн албан тушаалтнууд, төрийн өмчит корпорацуудын удирдах албан тушаалтнууд, улс төрийн намын удирдах албан тушаалтнууд зэрэг төрийн томоохон чиг үүргийг хэрэгжүүлдэг, эсвэл итгэмжлэгдсэн хүмүүсийг хамруулдаг. Тус зөвлөмжийн 12 дугаарт улс орнуудыг улс төрд нөлөө бүхий этгээдэд дээрхийг тодорхойлж, хамруулахыг шаарддаг. Үүнд нийцүүлэх зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, түүнчлэн Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадгаас гадна танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзэж, хуулийн төсөлд тусгажээ. Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг нээлттэй тендер шалгаруулалт оролцох боломжтой байсныг өөрчлөн бүх хэлбэрийн төрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгасан байна.

  Сингапур, Катар зэрэг улс орнууд улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг өргөн хүрээнд тодорхойлж зарим үйл ажиллагааг хязгаарласан байдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд дурдав. Олон улсын туршлагаас жишиг авч, Монгол Улсын онцлогт нийцүүлэн улс төрд нөлөө бүхий зарим этгээд болон тэдний хамаарал бүхий этгээдийг тодорхойлж, тэдгээрт хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай гэж үзжээ. Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын албан тушаал эрхэлж байгаа хүн байхаар тодорхойлсон байна. Улс төрд нөлөө бүхий эдгээр этгээдэд нөлөөлөх хамгийн ойрын хамаарал бүхий этгээдэд түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг хамааруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Эдгээр улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглох нэмэлтийг тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулсан юм.

  Улс төрд нөлөө бүхий зарим этгээд буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглохоор зохицууллаа. Түүнчлэн эдгээр хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээд болон эрх бүхий албан тушаалтанд хариуцлагыг хүлээлгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

  Хуулийн төсөлтэй холбогдуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

  Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Мөнх-Оргил, Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав.

Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар тодруулсан гишүүний асуултад Х.Нямбаатар сайд хариулахдаа, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн нь албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болох зохицуулалтыг төсөлд тусгасан гэв. Түүнчлэн хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, байгуулсан гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалттай болох юм байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан зарим гэмт хэрэгтэй хамааралтай тохиолдолд холбогдох хариуцлагыг хүлээнэ гэдгийг тайлбарлалаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцэж буй төсөл дэх зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар бүлгийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох…эрхтэй…” гэж заасантай зөрчилдөх эсэхийг тодрууллаа. Улсын Их Хурлын гишүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хориглолт, хязгаарлалт үйлчилдэг талаар Х.Нямбаатар сайд хариулт өгөх үеэрээ сануулаад, төрд алба хашиж буй хэн бүхний өргөсөн тангарагт нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээх агуулга байдгийг хэлэв. Мэдээлэлд ойр байгаа албан тушаалтнууд давуу байдлаа ашиглан, төрөөс элдэв хөнгөлөлт, дэмжлэг авч ирснийг өөрчилж, улс төрд шинэ соёлыг төлөвшүүлэх санаачилгыг Монгол Улсын Ерөнхий сайд гарган, энэхүү хуулийн төслийг боловсруулах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгсөн байна. Тиймээс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж, манай улсын нэгдэн орсон аливаа гэрээ, конвенц, олон улсын туршлага, жишгийн дагуу төсөлд улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг өргөн хүрээнд тодорхойлж зарим үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалтыг тусгасан гэх хариултыг өгсөн. Тодруулбал, хэн нэгэн хуульд заасан улс төр нөлөө бүхий этгээд болох сонголт хийхдээ, хуульд заасан хамаарал бүхий этгээдүүд буюу эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд нь зарим төрлийн үйл ажиллагаа буюу төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглох хязгаарлалтад орох нөхцөлөө ухамсарлаж, зөвшилцөн, шийдвэр гаргах шаардлага үүсч байгааг ажлын хэсэг тайлбарласан.

  Төсөл батлагдсан тохиолдолд хуулийн холбогдох зохицуулалтын үйлчлэлд хамрагдан ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүмүүсийн талаарх судалгаа, тооцоо бий эсэхийг Байнгын хорооны дарга асуулаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулж, өргөн мэдүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллаж байгаа бол тухайн этгээд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, ажлаас чөлөөлөгдөх арга хэмжээ авах зохицуулалтыг тусгаад байгаа аж. Судалгаа, тооцооллын тухайд улс төрд нөлөө бүхий хэмээн тодорхойлолтод хамрагдах этгээдүүдийн мэдээлэлтэй танилцах хуулийн хязгаарлалтаас үүдэн судалгаа хийх боломжгүй гэсэн хариултыг Ажлын хэсэг өгөв.

 Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд байр сууриа илэрхийллээ. Б.Энх-Амгалан гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Ш.Адьшаа гишүүн нийтийн эрх ашгийг дээдлэх үүднээс төслийг дэмжиж байгаа гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр “Ёс зүй манлайлдаг байсан бол ийм зохицуулалтыг хуульчлах шаардлагагүй байлаа. Үүсээд байгаа нөхцөл байдлыг засаж залруулахын тулд Ерөнхий сайд улс төрийн манлайлал үзүүлж, өнөөдөр бид төслийг хэлэлцэж байна” гээд, төсөл дэх зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөх эсэхийг нягтлах шаардлагын талаар хэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай  38 дугаар зүйлийн дагуу төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүд уг горимын саналыг дэмжсэнгүй. Тиймээс үргэлжлүүлэн хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 72.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.  

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв

  Дараа нь Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.

  Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2022 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, харьяалах Байнгын хороо 2022 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэхийг дэмжсэн. Улсын Их Хурал 2022 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс хууль тогтоол санаачлах эрхийн хүрээ хязгаартай холбоотой зохицуулалт Монгол Улсын Их Хурлын тухай хуультай нийцэж байх саналыг гаргаснаар төсөл санаачлагч төслөө татан авсан юм. Улсын Их Хурлын гишүүдийн саналын дагуу төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлсэн хэмээн Х.Нямбаатар сайд танилцуулав.

 Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгажээ. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газраас санаачлах хуулийн төслийг тусган, төлөвлөдөг бөгөөд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачлах хуулийн төсөлд хамаардаггүй тул уг үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулдах нь байх зүйтэй хэмээн үзсэн байна.

  Олон улсын туршлагаас үзээд хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүй хийхээр тусгажээ. Дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөл болон дагаж гарах хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахууны үүсэл, хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцаа, түүний зохицуулалтыг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг оруулахаар тусгасан байна. Ингэснээр хууль санаачлагч ямар агуулгаар холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар хууль хэрэглэх явцад ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл танилцуулгад дурдсан тайлбарыг эх сурвалж болгон ашиглаж болно хэмээн үзжээ.

  Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан агуулга ижил боловч өөр бичилттэй тухайн нэр томьёог дагаж өөрчлөх шаардлагатай тохиолдолд холбогдох бүх хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг талаар Х.Нямбаатар сайд танилцуулаад, Улсын Их Хурлаас 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан “тусгай зөвшөөрөл” гэсэн нэр томьёог “зөвшөөрөл” гэсэн агуулгаар өөрчлөхтэй холбоотой 70 гаруй хуульд  өөрчлөлт оруулсан баримтыг дурдав. Иймд хууль тогтвортой байх үүднээс хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан нэр томьёог ижил утгаар ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэх тайлбарыг хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтад тусгаж болох зохицуулалтыг тусгасан гэлээ.

  Одоогийн хууль тогтоомжоор Улсын Их Хурлаас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулахаар нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр боловсруулсан хууль тогтоомжийн төсөл болон энэ хуульд заасны дагуу судалсан судалгааны тайланг 60 хоногоос доошгүй хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулж санал авах тухай зохицуулалтыг төсөлд тусгажээ.

  Ингэснээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийн худалдаа, хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийг англи хэлээр хэвлэн нийтлэхээр заасан зохицуулалтын хэрэгжилтийг хангахын зэрэгцээ хуулийн албан бус орчуулгыг хийх нь бүхэлдээ судалгаа, шинжилгээний болон эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа. Хуулийн тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хурлаас баталсан хуулиудын англи хэлний албан бус орчуулгыг холбогдох байгууллагууд уг хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд хариуцан гүйцэтгүүлэхээр холбогдох төслийг мөн боловсруулсан байна.

  Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын Их Хурлаар батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үнэлгээ, судалгаа хийх шаардлагагүй тул холбогдох өөрчлөлтийг мөн хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Х.Нямбаатар сайд танилцуулсан юм.

  Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалын давхардлыг арилгах, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчлах өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.

  Хуулийн төсөл нь бүхэлдээ хууль тогтоомжийн төсөл боловсруулахад иргэд, хөрөнгө оруулагч нарын оролцоог хангах, санал авах, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, тэднийг мэдээллээр хангахад зорилготой гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав.

 Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан юм. Ц.Мөнх-Оргил гишүүн, Монгол хэлний зөвлөлийн дэргэд Хууль зүйн нэр томьёоны салбар зөвлөл байгуулах, мөн хууль тогтоомжийн орчуулгыг хариуцан гүйцэтгэх мэргэжлийн бүтцийг Гадаад харилцааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам дундаа байгуулж, ажиллуулах нь үр дүнтэй, оновчтой байх саналыг хэлж байв. Төсөл дэх Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчлах зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан бол Б.Энхбаяр гишүүн Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулдаг байх зохицуулалтын үндэслэлийн талаар тайлбар авав.

  Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Сонгогч та сонгогчийн нарийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай6-11, 20:33Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6-11, 17:04“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5-30, 15:44Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ5-30, 15:09Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-29, 17:09“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ5-29, 17:07БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА5-29, 17:03Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо5-29, 16:34ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА5-29, 16:29ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО5-29, 16:20Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53