“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм. Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн оролцоо ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

ЗӨВЛӨГӨӨНӨӨР:
  • “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт”,
  • “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээ”,
  • “Хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын санхүүжилт”,
  • “Үндэсний үйлдвэрлэл ба экспорт”,
  • “Сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл”,
  • “Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах”,
  • “Тахианы аж ахуйн үйлдвэрлэл ба хүн амын хүнсний хангамж дахь оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсоно.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашид хүнс экспортлогч орон болох их үйлсэд хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж буй эрхэм хүндэт Та бүхэнд гүн талархал илэрхийлж, “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Цар тахал, геополитик, гео-стратегийн нэн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий даяар тээвэр логистикийн саатал үүсэж, улс орнуудын хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд орж, цаашлаад дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэхэд томоохон сорилт, бэрхшээл учраад байна.

Тухайлбал, НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 350 сая хүнээр нэмэгдсэн байна.

Мөн цар тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж 2.5 дахин нэмэгджээ.

Түүнчлэн дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгдээд буй нийт хүн амын тоо цар тахлын өмнө 678 сая байсан бол 2021 онд 150 саяар нэмэгдэж 828 сая хүн болжээ.

2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын найман хувь буюу 670 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байх төлөвтэйг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна.

Мөн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэлхий дахинд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөс шалтгаалан эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж буй хүний тоо буурч байна.

НҮБ-ын судалгаагаар 2020 байдлаар дэлхийн 3.1 тэрбум хүн эрүүл, шим тэжээлтэй хүнс худалдан авч чадахгүй байна.

Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж, экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хүнсний хангамж доголдоход хүргэж байна.

Олон улсын байгууллагуудын судалгаа нь цаашид нөхцөл байдал улам дордож, хүн амын эрүүл мэнд, ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.

Энэ нөхцөл байдал, бодит эрсдэлийг бид соргогоор мэдэрч, сэргэгээр төлөвлөн ажиллах учиртай.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдал нь хүнсний хангамж, аюулгүй байдал ямар эрсдэлтэй, ямар эмзэг нөхцөл байдалтай байгааг бидэнд мэдрүүлж, Монгол Улс “Үйлдвэрлэгч орон” болохын чухлыг дахин санууллаа.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, инфляц 16 хувийг давж, ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр туссан.

Тиймээс тээвэр логистик саатах, хил боомт хаагдах, өвчин зовлон, цар тахал, дайн дажин дэгдэх зэрэг онцгой нөхцөл байдал дахин бий болоход ямагт бэлэн байх ёстой гэдгийг бид сайтар ухамсарлах ёстой.

Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цаг дор бусдын боол болсон хэмээн бод” хэмээн айлдсан байдаг.

Иймд эрчим хүч, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн зэрэг стратегийн ач холбогдол бүхий бараа, үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлэхэд төр, засаг, хүн бүр хичээн зүтгэж, хамтран ажиллах учиртай.

Энэ бол Монгол төрийн үүрэг төдийгүй монгол хүн бүрийн үүрэг хариуцлага, эх орныхоо хөгжил, дэвшилд оруулж буй бодит хувь нэмэр, гавьяа зүтгэл гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Хүн бүр “Эх орон надад хэрхэн тусалж, намайг хэрхэн дэмжих вэ гэхээсээ илүүтэй би эх орныхоо төлөө юу хийж бүтээж чадах вэ” гэж дор бүрнээ тунгаан бодож, өөрөө өөрөөсөө асуух цаг нэгэнт болжээ.

Энэ бол бидний цаг алдалгүй хийх ёстой сэтгэлгээний хувьсгал билээ.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн улс орон даяар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхлүүлж, ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилт санаачлан дэвшүүлсэн.

Энэ хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 36 дугаар тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.

Энэ хөдөлгөөний хэрэгжилтэд зориулан 2023 оны төсөвт суулгасан 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг юм.

Мөн УИХ-аас тусгайлан Түр хороо байгуулж, төлөвлөсөн бодлого, арга хэмжээг бүсчилсэн хөгжлийн бодлоготой сайтар уялдуулах, хүний нөөцийг бэлтгэх, санхүүжилтийг нарийвчлан шийдвэрлэх болон удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зэрэг тодорхой чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон.

Үүнтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газар шаардлагатай тогтоол, шийдвэрүүдийг шуурхай батлан гаргалаа. Түүнчлэн санхүүгийн салбар, тэр дундаа арилжааны банкууд үндэсний  хөдөлгөөнийг дэмжиж, 2023 онд Засгийн газрын хүүгийн татаастай нийт нэг их наяд төгрөг хүртэлх бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийг хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэнд олгон, “Хүнсний хувьсгал”-ыг бодитоор дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд байна.

Энэ ташрамд эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашлаад хүнс экспортлогч орон болох их үйлсийг дэмжин ажиллаж буй банк, санхүүгийн салбар, хувийн хэвшлийнхэндээ нийт ард түмний өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн холбогдох албан тушаалтнууд хүнсний үйлдвэрлэлийн салбарын одоогийн бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг шийдэх, гарц гаргалгааг хамтдаа тодорхойлох зорилгоор 100 гаруй аж ахуйн нэгжид ажиллалаа.

Баялаг бүтээгчид дэд бүтцийг сайжруулах, хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх, техник, технологийн шинэчлэл хийх, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэр үйлчилгээ, эрдэм шинжилгээний  лабораторийн хүчин чадлыг сайжруулах, урт хугацааны хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтын зээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлт тавьж байсан.

Төрийн тэргүүн ойрын хугацаанд мал аж ахуйн салбарын нөхцөл байдал, малын өвчингүй эрүүл бүс бий болгоход шаардлагатай бодлого, үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлох, бодит үр дүн гаргах чиглэлээр мал аж ахуйн үйлдвэр, малчид, баялаг бүтээгчидтэйгээ уулзана.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор төр, засгийн зүгээс шаардлагатай бодлого, шийдвэрүүд гарч, “Хүнсний хувьсгал” бодит ажил хэрэг болон хэрэгжиж эхэлж байгааг эрхэм баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид Та бүхэнд дуулгахад таатай байна.

Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт талархаж байна.

Одоо гагцхүү “Хүнсний хувьсгал”-ыг бодитоор гардан хэрэгжүүлэх хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхний оролцоо, манлайлал, хүчин чармайлт хамгийн чухал болохыг дахин онцлон тэмдэглэж байна.

Эрхэм баялаг бүтээгчид ээ,

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд цаашид төр, хувийн хэвшлийн зүгээс дараах асуудлуудад анхаарч, хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Үүнд:

  1. Хөдөлгөөний хэрэгжилтийг улс орны хөгжлийн бодлого, түүн дотроо Бүсчилсэн хөгжлийн бодлоготой зөв уялдуулах, хүнс, хөдөө аж ахуйн кластеруудыг бодлогоор хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, тээвэр логистикийн оновчтой сүлжээг шинжлэх ухаанчаар төлөвлөн хэрэгжүүлэх,
  2. Дотоодын хүнс, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг дэмжих, хамгаалах эдийн засгийн зөв арга хэрэгслийг ашиглах, хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах,
  3. Таван жилийн дотор малын өвчингүй эрүүл бүс болоход шаардлагатай вакцинжуулалт, био-бэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг суурь асуудлыг шийдвэрлэж, 2023 онд тодорхой бодит ахиц, дэвшил гаргах,
  4. Хязгаарлагдмал төсөв, хөрөнгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зээл, санхүүжилт, татвар, даатгал зэрэг эдийн засгийн оновчтой, хүртээмжтэй хөшүүрэг ашиглах, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих,
  5. Төрийн худалдан авалтын бодлогыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх,
  6. Үндэсний хөдөлгөөний гүйцэтгэл, хүрэх үр дүнг жил бүрээр нарийвчлан төлөвлөж, бодит үр дүнг олон нийтэд хагас жил тутам тайлагнах нь зүйтэй юм.

Дээрх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, холбогдох албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг хатуу сануулъя.

Хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэн уг хөдөлгөөний хэрэгжилтийн явцад гарч болзошгүй төрийн байгууллагуудын хүнд суртал, авлига, шударга бус үйлдлийн талаарх санал, гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтанд түргэн шуурхай, баримт нотолгоотой мэдэгдэж, нийгэмд шударга ёс тогтоохын хамтран ажиллахыг уриалж байна.

Аливаа шударга бус үйлдэл, хээл хахуул, авлига, хүнд суртлыг таслан зогсоох нь дан ганц хууль, шүүхийн байгууллагын ажил төдий бус харин ард түмэн, улс үндэстнээрээ хамтран тэмцэх ёстой бүх нийтийн үйл хэрэг юм.

Ингэж байж бид нийгэмд шударга ёсыг тогтоож, сайхан Монгол Улсаа цогцлоон хөгжүүлж чадна.

Эрхэм нөхөд өө,

Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь ажлын байр хамгийн ихээр бий болгодог, эдийн засгийн уламжлалт салбар билээ.

Тиймээс энэ салбарыг эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх нь манай улсын эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой юм.

Ялангуяа, нүүдлийн мал аж ахуйн салбарыг эрчимжсэн мал аж ахуйн салбартай зохистой хослуулан хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй үр дүнтэй тэмцэх, хөрсөө хамгаалах, цаашлаад монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд онцгой чухал юм.

Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой.

Хөрсөө хамгаална гэдэг бол хүнсээ хамгаална, мөн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг.

Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна.

Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүд нь өөр хоорондоо нягт уялдаа холбоотой бөгөөд, амжилттай хэрэгжүүлэх нь  манай улсын тогтвортой хөгжлийн үндэс суурь болох учиртай.

Үүнд хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй болохыг дахин онцлон тэмдэглэж байна.

Харин төр, засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр,хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.

Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болох зорилгын төлөө төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

Эх орондоо “Хүнсний хувьсгал” хийцгээе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо7-2, 18:31УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг7-2, 18:04Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганыг нээж үг хэллээ7-2, 17:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7-1, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ7-1, 21:12Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай6-11, 20:33Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6-11, 17:04“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5-30, 15:44Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ5-30, 15:09Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-29, 17:09“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ5-29, 17:07БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА5-29, 17:03Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо5-29, 16:34ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА5-29, 16:29ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО5-29, 16:20Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18