
Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, экосистемд ихээхэн нөлөөлдөг бөгөөд хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байна. ДЭМБ-аас 2021 онд шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт дурдсанаар гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой жилд 7 сая хүн нас барж байна гэсэн статистик бий. Эдгээр нас баралтын дийлэнх нь (2/3) нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүс нутагт бүртгэгдсэн нь эдгээр бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын хурдацтай өсөлттэй холбоотой байгааг ДЭМБ-аас тогтоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны Цэвэр агаар - Дээд түвшний чуулга уулзалт манай улсад зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабаныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар цөлжилт, хэт төвлөрөл, агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн Газар тус улсын эрчим хүчний салбарыг хатуу түлшний хэрэглээнээс ангид байлгах, сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа асар их нөөцтэй салхи, нарны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийг зорьж, сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 2015-2030 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ын дагуу нийт суурилагдсан хүчин чадлыг 2023 он гэхэд 20%, 2030 он гэхэд 30%-д хүргэхээр ажиллаж байна” гэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана “Дэлхий нийтэд, тэр дундаа Ази номхон далайн улс орнуудад тулгамдаж буй цөлжилт, агаарын бохирдол, иргэдийн хэт төвлөрөлтийн асуудалд манлайлан ажиллаж буй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сайшааж байна” хэмээгээд цаашид тус чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл