Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороонд буцаалаа

Улс төр 18:18 , 2023-1-5

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

  Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

  Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийг байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосны дагуу Байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан гишүүдэд Ж.Батсуурь, С.Ганбаатар, Т.Доржханд, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Н.Энхболд болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.”, 8.3 дахь хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.”, 8.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.3-т заасан шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгоно.” гэж тус тус заасныг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэх зарыг 2022 оны 12 дугаар сарын 23-наас 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл, өдөр тутмын сонин хэвлэл, Монголын үндэсний Олон нийтийн радио телевиз, парламентын цахим хаяг болон бусад цахим хаягуудаар нээлттэй байршуулж, зарим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад албан бичгийг хүргүүлсний дагуу их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 13, төрийн бус байгууллагаас 73, аж ахуй нэгжээс 4, иргэнээс 72 нийт 162 хүн материалаа ирүүлжээ.

  Ажлын хэсэг нэр дэвшигчийн ерөнхий шаардлагад заасан материалын бүрдэл хангагдсан эсэх, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй.” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон Монгол Улсын дээд шүүхээс хүн тус бүрээр лавлагаа гаргуулан, хянан үзэж 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан байна. Баримт бичгийн бүрдэл дутуу 23, тогтоосон хугацаанаас хойш 3, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй 3, нийт 26 нэр дэвшигч байсныг жагсаалтад оруулаагүй байна.

  Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг, Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар, Монгол Улсын Шинжлэх Ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар, төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од, хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах, радио электроникийн инженер Д.Моондой, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулиас нэр дэвшүүлсэн улс төр судлаач Д.Мягмарсүрэн, багш, математикч И.Цэрэн-Онолт, Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, тогтоолын төслийг боловсруулсныг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав.

Тогтоолын төсөлд “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.12 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлж, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгахаар тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцээд, тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

  Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, П.Анужин, Ц.Даваасүрэн, Ц.Туваан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Зөвлөлдөх зөвлөл нь зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээ, тухайн зөвлөлдөх санал асуулгын үе шат бүрийн санал авах өдрийг тогтоох; зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах; зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд тухайн сэдвээр мэдээлэл өгөх судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллага, албан тушаалтныг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд санал болгох; зөвлөлдөх санал асуулгын дүнг хэлэлцэж, зөвлөмж гаргах; зөвлөлдөх санал асуулгын талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх; Зөвлөлдөх санал асуулгын 8 зарчим хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн хэлээд, шаардлага хангасан 136 нэр дэвшигчээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийн гишүүдийн оролцсон нууц санал хураалтын дүнд дээрх 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж байгаа гэдэг тайлбарыг тэрбээр гишүүдийн тавьсан асуултад хариулах үеэрээ өгсөн.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр “Ардчиллын үнэт зүйл нь ард түмэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Аливаа шийдвэр гаргахдаа ард түмний оролцоог хангаж, дуу хоолойг сонсох ёстой боддог. Ингэхдээ тухайн асуудлаар суурь мэдлэг, мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах ёстой. Гэвч иргэн нэг бүрийг мэдээлэлжүүлж, шийдвэр гаргах явцад оролцуулах арга байхгүйд ардчиллын өнөөдрийн хүндрэл оршиж байгаа. Тиймээс нийгмийнхээ бүлэг, хэсэг, нэгж бүрийг төлөөлж чадахуйц их олонлогоос бага олонлогийг бүрдүүлж, их ард түмнээс бага ард түмнийг төлөөлж чадахуйц төлөөллийг бүрдүүлж дуу хоолойг сонсох фокус группийн судалгаа авах нь буруу зүйл биш. Ард түмний дуу хоолойг сонсох нь буруу зүйл биш, ардчиллын үнэт зүйлийг ойлгодог хүн бүр үүнийг дэмжинэ гэж итгэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа нь ардчилал” хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ. Төлөөллийн ардчиллыг хүлээн зөвшөөрөхгүй хэсэг байдаг ч хүн төрөлхтөний бодож олсон засаглалын хамгийн сайн хэлбэр гэдгийг тэрбээр дурдаад “Тулгамдаад буй асуудлуудаа тодорхойлж, гарц шийдлийг олохоор ард түмэнтэйгээ зөвлөлдөхөөс ухрахгүй. Тиймээс Зөвлөлдөх зөвлөлийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангахын тулд төлөөллийн зарчмыг хангах шаардлагын үүднээс Байнгын хорооны хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно” гэж заасны дагуу “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд буцаах санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь энэ горимын саналыг дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03