УИХ дахь намын бүлгүүд хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа

Улс төр 21:41 , 2022-11-25

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 10 минутад эхэлж, Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Кадастрын үйл ажиллагааг нарийвчлан боловсронгуй болгох, гурав болон дөрвөн хэмжээст кадастрын системийг бий болгох, олон улсын жишигт нийцүүлэн олон зориулалтат кадастрыг хөгжүүлэх, иргэн, хуулийн этгээдийг газрын харилцаатай холбоотой үйлчилгээгээр хүртээмжтэй хангах, газарт тавих төрийн хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хэрэгцээ, шаардлагын хүрээнд хуулийн төслийг боловсруулсныг тодотгосон.

Мөн “кадастр” гэдэг нь нэгж талбар, түүний дэд талбар, хил зааг, байршил, хаяг, тухайн нэгж талбартай холбоотой эрх, эрхийн хязгаарлалт, зураглал, үнэлгээ, татвар, төлбөр, шинж чанар, төлөв байдал, нөөц, нөөцийн чадавхийг агуулсан мэдээлэл бүхий олон зориулалтын бүртгэл, түүнийг эрхлэх цогц үйл ажиллагаа байхаар хуулийн төслийг боловсруулсан гэв.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан Газрын нэгдмэл санг газар ашиглалтын зориулалтаар нь нарийвчлан тооллого хийж, улсын хэмжээнд эрхийн төрөл харгалзахгүйгээр газрын гадарга, газар, түүний дэд талбар, объектыг улсын бүртгэлд бүртгэх, кадастрын зураглалын ажлыг хийх, кадастрын мэдээллийн сан үүсгэх, газрын үнэлгээ, төлбөр, татварын нэгдсэн тогтолцоог байгуулах шаардлагатай тул кадастрын нэгдсэн тогтолцоог бий болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн газартай холбоотой өргөдлийг хүлээж авахаас эхлээд, түүнийг судлах, зураглах, эрхийг бүртгэж, баталгаажуулах хүртэлх кадастрын дэс дараалсан үйл ажиллагаа болон оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан хуульчлаагүйгээс иргэдийн өргөдөл, хүсэлт шийдвэрлэгдэхгүй байх, газрыг давхардуулан олгох, үйл ажиллагааны дараалал алдагдах, зарим үйл ажиллагааг орхигдуулах зэргээс болж иргэд хохирох тохиолдол гарч байгаа тул кадастрын дэс дараалсан үйл ажиллагааг хуульчилж тодорхой болгохоор хуулийн төсөлд тусгасан гэдгийг сайд танилцуулгадаа дурдав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улсын хэмжээний кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд суурилсан дундын мэдээллийн санг байгуулах, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг газартай холбоотой мэдээллээр тухай бүр хангах, кадастрын зураглалын ажил болон хээрийн судалгааны ажлыг нэгдсэн системд оруулах, баталгаажсан кадастрын зургийн зохицуулалтын талаар тодорхой тусгасан. Мөн газрын маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, газрын кадастрын мэдээллийн сангийн хяналтын талаар шаардлагатай зохицуулалтууд болон  мэдээллийн санд санаатай болон санаандгүй өөрчлөлт оруулсан, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд тооцох хариуцлагын арга хэмжээг тодорхой тусгаж өгсөн.  Газрын үнэлгээтэй холбоотой нэр томьёог бусад хууль тогтоомж, олон улсын стандарттай нийцүүлэх, газрын үнэлгээний үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлж, олон улсын жишигт нийцсэн, өөрийн орны онцлогт тохирсон газрын үнэлгээний тогтолцоог бий болгох боломжийг хуулийн төсөлд нэг бүлэг болгон орууллаа. Хуулийн төслөөр дундын мэдээллийн сангаар дамжуулан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүртгэхэд нэгж талбарын цахим хувийн хэргийн иж бүрдэл, шийдвэрлэх хугацаа болон харилцан мэдээлэл солилцох, дугаар олгох үйл ажиллагааг зохицуулах заалтуудыг тусгасныг төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг  хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.

Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар кадастрын мэдээллийн нэгдсэн сантай болох, иргэдийн газрын эдийн засгийн өгөөж, үнэ цэнийн ойлголт үнэлэмжийг нэмэгдүүлэн, газрын зах зээлийн үнэд тулгуурлан төлбөр, татварын хэмжээг бодит байдалд нийцүүлэн тогтоох, цахим бүртгэлийн үйлчилгээг кадастрт нэвтрүүлэх, нэгдсэн бүртгэлтэй болсноор улсын хэмжээний статистик тоо мэдээ бодитой, үнэн зөв гарч, газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг болсноор давхардал, хийдэл гарахгүй гэж хууль санаачлагч үзсэнийг онцолж байлаа.

Мөн Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар санал, дүгнэлтдээ дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Ганбаатар, Э.Батшугар, Г.Ганболд, Ж.Батжаргал, Ш.Адьшаа, Н.Ганибал, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, төслийг хэлэлцэхийг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлэв.   

Гишүүдийн  зүгээс Барилга, хот байгуулалтын яамнаас орон нутгийн хилийн цэс, кадастрын маргааныг цэгцлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хаягжуулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар илүүтэй тодруулж байлаа.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, “Орон нутгийн хилийн цэсийн маргаантай асуудлыг шийдэх хүрээнд Засгийн газраас Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд 20 жилийн өмнө тогтоосон газар зүйн нэрийг шинэчлэн тогтоох ажлын хэсгийг байгуулсан. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газар зүйн нэртэй холбоотой асуудлыг нэг мөр шийдсэн тогтоол, шийдвэрүүдийг ирүүлж байна. Ажлын явц 50 хувьтай байгаа бөгөөд энэ асуудал бүрэн шийдэгдэхээр Засгийн газраас хилийн цэсийн маргаантай асуудал, газар зүйн нэрийг цэгцэлсэн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.  Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдаж, хэрэгжихээс өмнө орон нутгийн хилийн цэс, газар зүйн нэртэй холбоотой маргаантай асуудлууд бүрэн шийдвэрлэгдэнэ” хэмээн хариулсан. Мөн тэрбээр, Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сараас хаягийн шинэ системийг нэвтрүүлсэн. Монгол Улсын хаяг олон улсын стандартын дагуу шинэчлэгдэж, олгоход бэлэн болсон гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл чухал, хариуцлагатай хандах асуудал гэдгийг тодотгоод бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ. УИХ-ын даргын зүгээс ирэх долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан хүртэл УИХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өгсөн.

Дараа нь Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар тус тус танилцуулсан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд 7 удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацаа буюу хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг дагаж мөрдөх хугацааг 5, хамгийн сүүлд 10 жилээр сунгасныг онцлов.

Мөн газар өмчлөлийн мэдээнээс харахад хууль хэрэгжиж эхэлсэн эхний 5 жилд улсын хэмжээнд нийт өрхийн 28.14 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилж авсан бол, хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 19.8 хувь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авчээ. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх ажлыг хугацаанд баригдалгүй, оновчтой, нэгдсэн төлөвлөлт, бүртгэлтэйгээр зохион байгуулж, улмаар өмчилсний дараа газрын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалт, насанд хүрээгүй иргэний өмчийн газрыг түүний хууль ёсны төлөөлөгч нь захиран зарцуулах, барьцаалах зэргээр өмчийн эрхэд нь халдаж байгааг хязгаарлах, мөн газрын улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн уялдааг сайжруулах, асуудал эрхэлсэн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх, улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг Засгийн газраас баталсны дараа уг төлөвлөгөөг үндэслэн аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэргэжпийн төлөвлөгөөг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэр гаргадаг байх, хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө түүний бүсчлэлийн шаардлага, дүрэмд нийцүүлэн өмчийн газар дээрээ жижиг үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх зохицуулалт шаардлагатай байна гэж байлаа.

Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт, төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах, газар өмчлөгч иргэнд хориглох зүйл, иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон бүртгэл, хөдөлгөөний талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал санал, дүгнэлтдээ дурдахын зэрэгцээ хуулийн төсөл батлагдсанаар иргэнд тариалангийн болон аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэхгүй, харин газрын нэгдмэл сангийн хот тосгон, бусад суурины ангилалд хамаарах газарт өмчлүүлэх, уг шийдвэрийг Засаг дарга бус аймаг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, өөрийн хамаарах нутаг дэвсгэрт газар олголтыг зохион байгуулснаар шат дамжлага багасаж, газрын улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага хоорондын уялдаа, холбоо хангагдаж, иргэдэд түргэн шуурхай  үйлчлэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэнийг онцолж байлаа.

Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Н.Ганибал, Ж.Батжаргал, О.Цогтгэрэл, нар  асуулт асууж, санал хэллээ.

Гишүүдийн зүгээс иргэний өмчлөлийн газар дээр бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлд газрыг хэрхэн чөлөөлөх болон нөхөн олговор олгох эсэх, өндөр настан нас барсан тохиолдолд өмчлөлийн газрыг хэрхэн шилжүүлэх талаар илүүтэй лавлаж байв.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариултдаа, иргэний өмчилсөн газар дээр тодорхой төсөл, арга хэмжээний хүрээнд томоохон бүтээн байгуулалт хийх тохиолдолд иргэний өмчилсөн газрыг зохих өртөг, төлбөрийг нь өгч чөлөөлнө. Түүнчлэн өмчилсөн газраа өөр зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн дүрэмд нийцүүлэн ашиглах боломжийг нээж өгсөн гэдгийг тодотгов. Мөн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолд бүх газрыг бүсчилэн, үнэлгээ тогтоосон. Тухайлбал, нийслэлийн газар 16 зэрэглэлтэй бөгөөд 18-818 сая хүртэлх төгрөгийн үнэлгээг гаргасан байдаг. Үүнийг харгалзахын зэрэгцээ зах зээлийн үнэ, цаашлаад уг газар дээр үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх зэрэг үнэлгээний системээр тухайн газрын үнэлгээг тогтоож, харилцан тохиролцсоны үндсэн дээр Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулиар газар чөлөөлөх зохицуулалтыг тусгасан” гэсэн нэмэлт тайлбарыг өглөө. Мөн тэрбээр, “Ахмад настан нас барсан тохиолдолд өмчлөлийн газар нь иргэний хуулийн дагуу өв залгамжлал, бусад зохицуулалтаар шийдвэрлэгдэнэ” хэмээн хариулав.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хариуцлагатай хандаж, олон талаас нь ярилцах нь чухал гэдгийг тодотгоод тус бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ. Хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу УИХ дахь МАН-ын бүлэгт дөрөв хоногийн завсарлага өгөв.

Хуралдааны төгсгөлд Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нар тус тус танилцуулав.

Төрөөс улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байгаатай уялдуулан улсын тусгай болон нийгмийн зайлшгүй хэрэгжүүлэх ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн эзэмшил, ашиглагдаж байгаа газрыг чөлөөлөх шаардлага гарч байгааг сайд танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслийн танилцуулгад, газар чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгож, гагцхүү хуульд заасан үндэслэлээр газар чөлөөлөх, газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээдэд нөхөн төлбөрийг олгох, мөн төрийн байгууллага болон газар чөлөөлөлтөд өртөгч хүн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой болгосон зохицуулалтыг цогц байдлаар тусгасныг дурджээ.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнийг  Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд санал, дүгнэлтдээ онцлоод төсөл батлагдсанаар газар чөлөөлөх үндэслэл, шаардлага, газар чөлөөлөх харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага тодорхой болж, нийтийн эрх ашгийг хангахад чиглэсэн аливаа бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр үйл ажиллагаа саадгүй хэрэгжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн гэв.

Мөн Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.6 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн гэж байлаа.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, С.Ганбаатар, О.Цогтгэрэл  нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нийгмийн хэрэгцээ, шаардлага гэдэг үүднээс газрыг хэт замбараагүй олгох асуудал үүсэх вий хэмээн болгоомжилж байсан бол  Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд үл хөдлөхийн татвар, бүртгэл, газрын үнэлгээний асуудлаа цэгцэлж, газар олголтын асуудлаа түр зогсоож, тодорхой хугацааны дараа хуулийн төслийг хэлэлцэх байсан юм гэсэн байр суурьтай байлаа. Мөн тэрбээр нийгмийн хэрэгцээ шаардлага гэдгийг хоёр хуваах саналтай байв. Тухайлбал, нийслэлийн түгжрэлийг шийдвэрлэх хүрээнд уулзваруудыг чөлөөлөх, бүтээн байгуулалтын арга хэмжээг авах зэрэг нийгмийн нэн тулгамдсан хэрэгцээтэй асуудалд төрийн хатуу шаардлага тавьж хандах нь зүйтэй гэв.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ардчилсан нийгмийн тулгуур багана нь хүний эрх, хувийн өмч, шударга шүүх байдаг. Хувийн өмчийг хуулиар далайлгаж авах асуудалд нухацтай хандаж, олон талаас нь ярилцаж шийдвэрлэх шаардлагатайг онцлоод тус бүлгийн зүгээс завсарлага авахаа мэдэгдэв.

Хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу дөрөв хоногийн завсарлага өгснөөр нэгдсэн хуралдаан өндөрлөв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48ГЕНЕРАЛУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО2-7, 17:39“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна2-2, 19:16Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2-2, 19:10ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ2-2, 19:05Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо1-22, 14:39Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа1-19, 22:23Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ1-19, 22:11НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ1-19, 22:01Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно1-19, 21:55АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА1-17, 21:07УИХ-ын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа1-17, 20:02Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо1-16, 22:50Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ1-15, 22:20Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1-15, 19:21“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа1-15, 19:18Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Төв, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт ажиллалаа1-15, 19:05Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна1-15, 19:01Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийн талаар танилцуулав12-21, 16:332012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ12-20, 16:34Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11-29, 21:00“Хүрээлэн буй орчны аюулгүй байдал-гамшгийн эрсдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо11-29, 20:42Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа11-29, 20:02ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11-28, 18:17ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ11-28, 18:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо11-28, 18:11НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛ БОЛЛОО11-28, 18:06БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ11-28, 18:05“Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар дэд хурандаа Б.Саранцэцэг тодорлоо11-28, 18:03390.0 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байна11-28, 17:56