Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар тогтоолын төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүдийн асуулт, хариултыг явуулснаар түр завсарласан.

Үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, Ж.Батжаргал, Н.Ганибал, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нар төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Энэ удаа мөнгөний бодлогоо урдаа тавьж, төсвөө дагалдуулах бодлогын сонголт хийх ёстойг тодотгохын зэрэгцээ ирэх оны төсвийг хумьж, мөнгөний бодлогоо чангаруулах шаардлагатай гэсэн саналыг хэлсэн. Түүнчлэн Улсын  Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг нэг оронтой тоонд оруулж, эдийн засгийг өсөлттэй гарна гэж төсөөлсөн байна. Гэхдээ танилцуулгаас харахад эдийн засгийн бодит салбарын өсөлт харагдахгүй байгаа тул энэ асуудалд анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг мөнгөний бодлогын хүрээнд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд итгэлцлийн зээл шиг тодорхой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд анхаарч, энэ асуудалд бодлогын түвшинд ажиллахыг хүссэн.

Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдсаныг тэмдэглээд олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний хувьд амаргүй сорилт болж байгааг онцолсон.

Түүнчлэн 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна. Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ гэж байв.

2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилт тавьж байгаагаа Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа тодотгосон.

Мөн тэрбээр, ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад оруулна. Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье гэж байлаа.

Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлнэ. Саяхан Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн бол Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулна. “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах боломжууд нэмэгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгын асуудал бүрэн цэгцэрнэ гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлоод хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ гэдгийг тодотгож байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бодит ажил болгоход Засгийн газар 2023 оны төсвийн жилд онцгой анхаарал хандуулна. Эрүүл хүнс бол эрүүл Монгол Улс бүрдэх суурь нөхцөл төдийгүй экспорт нь 92 хувь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд төрөлжин хөгжих боломж бүхий эдийн засгийн хоёрдахь том салбар билээ. Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулах болно. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бүхий гуравдахь том салбар гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдсан.  

Мөн ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байгаагаа онцлохын зэрэгцээ чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн  зохион байгуулна гэж байлаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн тодотгоод  Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ. 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэдгийг онцлов.

Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм. 2022 оны төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулан, өргөн барьж байна. Төсвийн алдагдал гэдэг бол Засгийн газрын өр юм. Тиймээс цаашид төсвийн алдагдалгүй улс болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн сахилга баттай төр засаг болохын төлөө хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа хичээцгээе гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Дараа нь Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 18.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлагыг 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37,6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий хасах 2,8 хувьтай тэнцэхээр төсвийн төсөлд тусгасныг дурдаад төсвийн алдагдлыг Засгийн газрын үнэт цаасаар 1.0 их наяд төгрөг, Засгийн газрын зээлээр 417.5 тэрбум төгрөг, Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлээс 132.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр нөхөхөөр тооцсоныг онцлов.

Төрийн аудитын байгууллагын Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн дүгнэлтэд, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтүүд нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байгаа ч өргөн барьсан төсөв урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилттой уялдахгүй байх, төсвийн удирдлагын зарчим алдагдах эрсдэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байгааг дурдсан байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор, улс орны гадаад дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байгааг аудитын дүгнэлтэд дурдсаныг онцлоод төсвийн төсөлд тусгасан зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжих боломж, нөхцөлийг үндэслэлтэй судалж, ангилах, эрэмбэлэх ажиллагааг дутуу хийснээс ирээдүйд бий болох үр дагавар нь зардлыг улам нэмэгдүүлсэн, үр ашиг, үр дүнгүй болох эрсдэлтэй байгааг анхааруулсан.

Түүнчлэн төсвийн төсөл нь үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлж, дүгнэх шаардлага бий болсон бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлэх горим тогтолцоо төлөвшөөгүй, арга зүй, нарийвчилсан аргачлал, шалгуур үзүүлэлт тодорхойгүй байгаа тул дүгнэлт гаргахад хүндрэл учирч байна. Иймд төсвийн төслийг үндэсний аюулгүй байдлын бодлогод хэрхэн нийцүүлэх арга замыг тодорхойлж, баталгаажуулах шаардлагатай байгааг дүгнэлтэд дурдсан байлаа.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. 

Гишүүдийн зүгээс Эрүүл мэндийн салбарын төсвийг инфляц, валютын ханш, үнийн өсөлттэй уялдуулан төсвийн төсөлд тусгасан эсэх, хөнгөлөлттэй эмийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг лавлаж байлаа. Мөн  нийслэлийн төвлөрлийг сааруулахаар зорьж байгаа ч 2023 оны улсын төсөвт хөдөө орон нутагт нэг ч шинэ хөрөнгө оруулалтын арга хэмжээ төлөвлөгөөгүй шалтгааныг тодруулсан. Засгийн газрын зүгээс хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь ямар хэлбэрээр олгохоор болсныг тодруулахын зэрэгцээ ирэх онд шатахуун, түлшний асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөснийг  лавлаж байв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа, Салбарын яамны зүгээс ирэх оны төсвийг оруулахдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тарифт тодорхой өөрчлөлт хийж, зарим тусламж, үйлчилгээг нэмж нэг их наяд 570 тэрбум төгрөгийн төсөл оруулсан ч Сангийн яам нэг их наяд 481 тэрбум төгрөгөөр даатгалын сангийн төсвийг баталсан гэдгийг тодотгов. Мөн эмийн хөнгөлөлтийн тарифыг нэмж, 2022 оны төсөвт 67 тэрбум төгрөг байсныг ирэх оны төсөвт 90 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж байлаа.

Харин Сангийн сайд Ж.Жавхлан, төсвийн шинэчлэлийн хүрээнд томоохон тохируулга хийхээр зорьсныг онцлоод энэ хүрээнд ирэх жил хийх нийт 1061 төслийн 914  нь буюу 86 хувийг 2023 онд ашиглалтад оруулж дуусахаар тооцсон. Өмнө энэ коэффициент 40 орчим хувь байдаг байсан. Өмнөх жилүүдийн хуримтлагдсан, шилжиж ирсэн төслүүдийг цаашид даамжрах, үнийн өсөлтөөс сэргийлж, олон жил дуусаагүй, мөн ойрын жилүүдэд шилжиж ирэх төслүүдийг дуусгах зорилтыг тавьсан.  Энэ хүрээнд шинэ хөрөнгө оруулалтаас татгалзах бодлогыг барьж байна гэж байлаа. Мөн тэрбээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дээр хүүхдийн мөнгийг суулгаад 1.4 тэрбум төгрөгийг халамжийн нэг төрөлд багтаасан. Хүүхдийн мөнгөнд судалгаа хийхэд жилд дунджаар 33 хувь нь шууд хадгалж байна. Мөн хүүхдийн мөнгийг бэлнээр эсвэл бэлэн бусаар авах уу гэж асуухад иргэдийн 90 гаруй хувь нь бэлнээр авдаг ч цаашаа хуримтлалд нь хийдэг дадалтай болжээ. Тийм учраас хүүхдийн мөнгө хуримтлалыг дэмжсэн бодлого болж байгаа хэмээж байв.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариултдаа, Монгол Улсын шатахууны нийт хэрэглээ 1.5 сая тонн, шатах тослох материалтай нийлбэл 1.8 сая тонн байдгийг тодотгов. Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд шатахууны асуудлаар тогтвортой гэрээ байгуулах эхлэл тавигдсан. Энэ хүрээнд АИ-92 бензин 815 ам.доллараар таван жилийн туршид хадгалагдах боломжтой. Гэрээ хараахан байгуулагдаагүй байгааг хариултдаа онцлоод дизелийн түлшийг зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай авч байна.  "Роснефт" компани дотоод зардлуудаа буулгасан. Нийлүүлэгч тал өмнө нь ийм тодорхой хямдралыг үзүүлж байгаагүй гэж байлаа.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48