Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье!

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм Монгол ахан дүүс ээ,

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хоёр дахь удаа улсын төсвийн төслийг Улсын Их Хуралд танилцуулж байна.
 
Өнгөрсөн жил Та бүхний баталсан 2022 оны улсын төсөв бүхэлдээ Цар тахлын хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн билээ. 2022 оны төсвийн бодлогын хүрээнд  Монгол Улс Цар тахлын үед эрүүл мэнд, эдийн засаг харилцан хамааралтай тул шат дараатайгаар хатуу хөл хориог суллаж, энгийн амьдралдаа эргэж орох зорилго бүхий эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц бодлогыг дэвшүүлж хэрэгжүүлсэн.
 
Энэхүү бодлогын хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн 90 гаруй хувийг вакцины бүрэн тунд цаг алдалгүй хамруулсан дэлхийн эхний  улс орнуудын нэг болж чадсан.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагууд манай улсыг цаг алдалгүй дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж чадсанаар 40 гаруй мянган хүний амь насыг болзошгүй эрдлээс хамгаалсан төдийгүй энгийн амьдралын хэмнэлд шилжиж, эдийн засгаа нээсэн олон улсын загвар улс орнуудын нэг болсныг онцлон тэмдэглэсээр байна.
 
2022 оны улсын төсөв эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилийн хугацааны нийт хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн ажлын байрыг хадгалах гурван хувийн хүүтэй зээл болон иргэд аж ахуйн нэгжүүдийн дулаан цахилгааны төлбөрийг төрөөс хариуцаж, хүүхдийн мөнгө нэмэгдүүлсэн бодлогууд ч цар тахлын сорилтыг даван туулахад чухал түлхэц болсон гэж үзэж байна.
 
2022 оны төсвийн төслийг боловсруулж байсан цар тахлын цаг үед Монгол Улсын эдийн засаг -5.3 хувиар унасан байсан бол энэ оны эцэс гэхэд гурван хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна.
 
Өнөөдрийг хүртэл дэлхийн олон улс орон цар тахлын улмаас хатуу хөл хориотой байсаар байна. Харин бид энгийн амьдралын хэмнэлд шилжсэнээр тэр өдрүүдийг бараг мартжээ. Нэг үгээр хэлбэл, 2022 оны улсын төсөв, тодотголын хамт цар тахлын хүнд үед түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэж байна.
 
2022 оны улсын төсвийг баталж, цар тахлын хүндрэлийг даван туулах боломжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Цар тахлын хатуу хөл хориотой хүнд үед Засгийн газраас гаргасан амаргүй шийдвэрүүдийг ойлгон дэмжиж, хамтран ажилласан нийт иргэддээ болон аж ахуй нэгжүүддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өнөөдөр өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа.
 
Олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний хувьд амаргүй сорилт болж байна.
 
Дэлхий даяар хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас сүүлийн 20-40 жил байгаагүй үнийн өндөр савалт үүсэж байна.
 
Гэвч бид нэгдмэл бодлоготой байж чадвал цар тахлын хүндрэлийг давж чадсан шиг, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй энэхүү сорилтыг ч даван туулж чадна.
 
2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна.
 
Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ.
 
2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.
 
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилт тавьж байна.
 
Ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно.
 
Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье!
 
Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлнэ. Саяхан Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажил амжилттай хэрэгжүүлсэн бол Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулна.
 
Эрдэнэс Монгол компанийн бүтэц үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах боломжууд нэмэгдэнэ.
 
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгын асуудал бүрэн цэгцэрнэ.
 
Хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ.
 
Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, шилжих төслүүдийн урсгал зардалд төсвийн дарамт үүсдэг байсан тогтолцоог халж, цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам нэгдсэн байдлаар төлөвлөж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу шилжинэ.
 
Цаашид зураг төсөв, тооцоо судалгаа, нийгэм, эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байх нөхцөл энэхүү реформын хүрээнд бүрдэнэ.
 
Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улс орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бодит ажил болгоход Засгийн газар 2023 оны төсвийн жил онцгой анхаарал хандуулна. Эрүүл хүнс бол эрүүл Монгол Улс бүрдэх суурь нөхцөл төдийгүй экспорт нь 92 хувь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд төрөлжин хөгжих боломж бүхий эдийн засгийн хоёр дахь том салбар билээ.
 
Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулах болно. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бүхий гурав дахь том салбар юм.
 
Ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байна.
 
Сүүлийн 20 жил түгжрэл гэдэг ерөнхий сэдэв ярьж, багагүй хэмжээний санхүүжилтийг тэгшитгэн хуваарилсан боловч бодит үр дүн гарсангүй. Тиймээс цэцэрлэгийн сугалааны асуудлыг 2022 оны Төсвийн тодотголоор шийдвэрлэж чадсан шиг, 2023 онд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа хичээцгээе! 
 
Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэн сайжруулж чадвал түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ. 2023 оны төсвийн жилд багтаж, нийтийн тээврийг сайжруулах цогц арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд Та бүхнийг идэвхтэй оролцож дэмжинэ гэдэгт итгэж байна. Иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдийг ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, хамтран ажиллахыг уриалж байна. Мөн нийтийн тээврийн зогсоолын асуудлыг нийслэл, дүүргийн төсөвт тусгаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зөвлөж байна.
 
Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.
 
Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэхээр тусгав. Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн  зохион байгуулна.
 
Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.
 
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн гурван жил 90 хувиар, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих болно.
 
Ерөнхий сайдын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутаг төсвөө бие даан бүрдүүлэхэд нэн шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан шийдвэрлэх болно.
 
Өмнө нь ажилласан аймаг, дүүргүүдийн удирдлага болон иргэдийн эрэмбэлсэн төслийн 70 гаруй хувь нь зураг төсөвгүй байна. Тиймээс эдгээр ажлын бэлтгэлийг хангах, Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2023 оны төсөвт бүрэн тусгаж, төслүүдийн жагсаалтыг хавсралтаар батлуулахаар өргөн барив.
 
Цаашид аймаг, дүүргүүд Эдийн засгийн хөгжлийн яам болон холбогдох бусад яамдтай хамтарч, орон нутгийн төсвөө бие даан бүрдүүлэхэд шаардлагатай томоохон төслүүдийн зураг төсөл, бэлтгэл ажлыг хангахад хариуцлагатай хандах шаардлагатай байна. Бид цаашид тооцоо судалгаатай, нийгмийн болон эдийн засгийн бодит үр өгөөжтэй, зураг төсөвтэй хэрэгжихүйц төслүүдийг л дэмжинэ.
 
Төрийн бодлого ерөнхийгөөс тодорхойд, бас тооноос чанарт шилжицгээе!

Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн олон төсөл хөтөлбөр байдаг ч бүрэн дуусаж, үр дүнгээ өгсөн нь хуруу дарам цөөхөн билээ. Зарим төсөл хөтөлбөр эхэлснээсээ хойш 10 гаруй жилийн хугацаанд ашиглалтад орж чадаагүй царцсан арга хэмжээнүүд ч цөөнгүй бий. 
 
Энэ нь төсөвт өртгийг хэд дахин нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын ач холбогдлыг бууруулж, төсвийн үргүй зардлыг нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн итгэлцлийг алдагдуулсан туйлын хариуцлагагүй, дахин давтаж болохгүй алдаа юм.
 
Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ. 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна.
 
Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн билээ.
 
Энэ агуулгаараа 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм.
 
Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм.
 
Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр энэ жилийн төсөвт оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг хэмнэгдэх бол ирэх 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэгдэх тооцоолол гарч байна.
 
Ирэх 2023 оны төсвийн жил төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим шилжилтийн ажлыг улам эрчимжүүлнэ. Цахим гарын үсгийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, төрийн үйлчилгээний “И Монгол” цонхоор дамжин цахим шуудангаар төр иргэдтэйгээ шууд харилцдаг болно. Авлигын эсрэг анхан, дунд шатны хүнд суртлын эсрэг тэмцэлд иргэн Таны оруулах хамгийн том хувь нэмэр бол цахим гарын үсгээ авч, цахим шуудангаа нээж, цахим хэрэглээг эзэмших шийдвэр юм шүү!
 
2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьж байна.
 
Төсвийн алдагдал гэдэг бол Засгийн газрын өр юм. Тиймээс цаашид төсвийн алдагдалгүй улс болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн сахилга баттай төр засаг болохын төлөө хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа хичээцгээе.
 
Сүүлийн хагас жилийн хугацаанд Хөгжлийн банкинд үүссэн эргэн төлөгдөөгүй зээлээс 766.5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна. Цаашид оны эцэс гэхэд нийт нэг их наяд төгрөгийг эргэн төлүүлэх болно.
 
Ингэснээр улсын төсөвт өрийн дарамт учрах эрсдэл үүсгээд байсан 2013 онд гаргасан “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 200 орчим сая ам.долларын өрийг Хөгжлийн банк бие даан төлөх боломж бүрдэж байна. Энэхүү эргэн төлөлтийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан олон нийт, дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийнхэн болон хууль хяналтын байгууллагын тангараг өргөсөн албан хаагчдад Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд талархал илэрхийлье.
 
Улсынхаа нэрээр бонд босгож, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайтар тооцоолоогүй төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж, улс орноо дампуурлын ирмэгт аваачсан гашуун түүх дахин давтагдах ёсгүй ээ!
 
Товчоор дүгнэж хэлэхэд, 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх төсөв байх учиртай.
 
Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ,
 
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03