Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг танилцууллаа

Улс төр 1:50 , 2022-8-30

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2022.08.29) нэгдсэн хуралдаан 19 цаг 27 минутад гишүүдийн 56.6 хувийн ирцтэйгээр эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, дэлхий дахинд цар тахал, олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдал, түүнээс үүдсэн эдийн засгийн болон үнийн өсөлтийн шок үргэлжилсээр байгааг тодотгоод Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь монголчууд бидний хувьд амин чухал асуудал болсныг онцлов.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жилийн хугацаанд хатуу хөл хорионоос нээлттэй эдийн засгийн бодлогод амжилттай шилжиж, -5.3 хувийн агшилттай байсан эдийн засгийн уналтыг зогсоож тогтворжуулж чадлаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, экспортын төмөр замын дөрвөн шинэ гарцыг боомтын сэргэлтийн хүрээнд эрчимжүүлж, хил холболтын цэгүүдийг амжилттай тохиролцож чадлаа.  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станцын асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа дурдлаа.

Мөн тэрбээр, дэлхийн геополитикийн давалгаанд тэсч үлдэж, хохирол багатай даван туулж, олон жил гацсан томоохон төслүүдийг цаг алдалгүй урагшлуулахын тулд Ерөнхий сайдын хувьд хуулийн хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгааг танилцуулгадаа тодотгоод “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах үүднээс Засгийн газрын бүрэлдэхүүнд боомтын болон нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах асуудлыг шууд эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх нь зүйтэй гэж үзлээ. Эдийн засаг, хөгжлийн яамыг ерөнхий чиг үүргийн тэргүүлэх яам болгож, хөгжлийн бодлого төлөвлөлт, томоохон төсөл хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангахаар тусгасан гэв.        

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.

 Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол болон 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050" Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах чиглэлийг функциональ байдлаар эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг шинээр бий болгох зайлшгүй нөхцөл тулгараад байна. Иймд дээрх хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дурдав. 

 Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 85.7 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулгадаа онцоллоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, С.Чинзориг, Д.Өнөрболор, Т.Доржханд, М.Оюунчимэг, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.  Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс хуулийн төсөлд сайдуудын тоог нэмэхээр тусгасан нь УИХ-аас баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуультай уялдуулсан эсэх, боомтын болон нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах асуудлыг шууд эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг шинээр нэмж байгаа талаар илүүтэй лавлаж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариултдаа, яамдын тоог нэмээгүйг тодотгохын зэрэгцээ өмнө нь баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд сайдтай болж байгаа гэв. Мөн  эрхлэх асуудлын хүрээнд яамгүй, Монгол Улсын сайд гурав байгаа. Эдгээр нь ЗГХЭГ-ын даргын статустай адилхан бөгөөд холбогдох үндэсний хороогоороо дамжуулж нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалт хийнэ гэдгийг хариултдаа тодотгов. Өнгөрсөн хугацаанд салбар дундын зохицуулалтад багагүй алдаа гарсан. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг дагаад түгжрэл үүсэх нь тодорхой байсныг Засгийн газрын тэргүүн хариултдаа онцлоод нийслэл хот, хилийн боомт зэрэг энэ тэргүүний асуудлаа бүтцээрээ хариуцан шийдвэрлэх шаардлагатай. Ерөнхийгөөс тодорхой руу орох цаг болсон  гэж байлаа.

Ингээд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу  85.7 хувь нь дэмжив. Иймд хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу тус Байнгын хороо 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг дурдаад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д Тогтохсүрэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дагаж мөрдөх хугацаатай холбоотой болон төслийн нэр томьёо, дугаарлалт жигдлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хууль, тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй долоон саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

 Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо 2022 оны 08 дугаар сарын 29-ний хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

Тэрбээр, Байнгын хороо 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсныг онцлоод хууль, тогтоолын төсөлд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасныг дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төсөл нэг бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

“Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

 Хуралдаан “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу “Ажлын хэсэг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Тэрбээр, “Ажлын хэсэг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, судалгааны дүнд үндэслэн хэлэлцүүлэг хийх, олон нийтээр хэлэлцүүлэх, санал, дүгнэлт боловсруулах ажлыг зохион байгуулах болон судалгаа, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг, дүн шинжилгээнд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нийгмийн зөвшилцөл хэрэгжүүлэх улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллийн ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг тус тус хавсралтаар батлахаар боловсруулсныг тодотгоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувь нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, үг хэлсний дараа  “Ажлын хэсэг байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг батлая гэдэг саналын томьёолоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх буюу 69.6 хувь нь дэмжив.

“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг батлав

Дараа нь “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцлээ.

 Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

 Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, тус Байнгын хороо 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоолтой холбогдуулан гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нарыг оролцуулан байгуулсан. Ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 26, 29-ний өдрүүдэд хуралдаж “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэв.

  “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан гэж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг  танилцууллаа.

 Мөн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

 Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын  тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  38 нь буюу 69.1 хувь нь дэмжив.

Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонслоо

 Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо.

Тэрбээр танилцуулгадаа,   Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилох нь зүйтэй гэж үзсэнийг тодотгоод Монгол Улсын Засгийн газрын шинэчилсэн бүрэлдэхүүнийг сонгохдоо, Шадар сайд С.Амарсайхан, Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.

Шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг сонгохдоо УИХ-д сонгогдсон байдал, мэргэжлийн Байнгын хороог удирдсан байдал, мэргэжлийн болон улс төрийн туршлагыг харгалзан сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо. Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдлын үед “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан стратегийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Улсын Их Хурал, Засгийн газрын уялдаа холбоог сайжруулах үндэслэлээр мэргэжлийн Байнгын хорооны дарга нарыг тухайн салбарын яаманд ажиллуулах ерөнхий зарчмыг баримтлав гэдгийг Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа дурдсан.

Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр, 1981 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 41 настай. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Мэдээлэл хэмжлийн электроник - цахилгаан холбооны инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-ийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд  Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, 2015-2016 онд Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос одоог хүртэл мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Чимэдийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эдийн засаг, хөгжлийн сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 54 настай.1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн магистр зэрэгтэй. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Түлш, эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,  2017-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2021 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Жамъянхорлоогийн Сүхбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 47 настай. 1993 онд Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд  УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх, 1997-2005 онд Улаанбаатар “Эрдэм дээд” сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд  УИХ-ын гишүүн, 2010-2012 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх,  2020 оноос УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын албан тушаалд томилохоор танилцуулав.Тэрбээр1964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 58 настай. 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн  дунд сургууль,  1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Боловсролын доктор зэрэгтэй. 1983-2000 онд Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгийн тамирчин, ахлах дасгалжуулагч, орлогч дарга, дарга, 1999 онд “Аварга” дээд сургуулийн захирал, 2004 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын  Хууль зүйн байнгын хорооны дарга, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Батлан хамгаалахын сайд,  2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

 Жамбалын Ганбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилохоор танилцуулав. Тэрбээр 1973 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. 1991 онд Налайх дүүргийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. 1996-2015 онд “Сээкл” ХХК-ийн захирал, 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг дарын Тамгын газарт зөвлөх, 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019 оноос Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Ням-Осорын Учралыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр, 1987 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай.  2003 онд “Их Засаг” лицей сургууль, 2007 онд Их Засаг олон улсын их сургууль, 2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британийн Лондон хотын салбар сургууль, 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, 2020 онд Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, түүхийн ухаан, олон улсын менежментийн магистр. Түүхийн ухааны доктор зэрэгтэй. 2010-2016 онд Рояаль Академийн ерөнхий захирал, удирдах зөвлөлийн дарга, 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Улс төрийн хэлтсийн дарга, 2012-2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч,  2015 онд Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга, 2020 оноос  Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Баттогтохын Чойжилсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эрчим хүчний сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 52 настай.  1988 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй. 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал, 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал, 1999-2005 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал, 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга, 2008 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд, 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Даваажанцангийн Сарангэрэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1963 онд Улаанбаатар хотод төрсөн, 59 настай. 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль,  1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын  Их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй. 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, 1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал, 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал,  2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020  онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 2020-2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар  ажиллаж байсан.

Хаянгаагийн Болорчулууныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 58 настай.  1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. Агрономч мэргэжилтэй. 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич, 1992-1997 онд "Хишиг аж ахуй" ХХК-ийн захирал, 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирал, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019 оноос Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Сандагийн Бямбацогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилохоор танилцуулав. Тэрбээр1974 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 48 настай. 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар  сургууль, 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг  тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий менежер, 2000-2008 онд “Нью прогресс” ХХК-ийн ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, дарга,  2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайд,  2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2020 оноос Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байна.

Ерөнхий сайдын танилцуулга болон шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүдээс  Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ц.Сэргэлэн, Т.Энхтүвшин, Г.Дамдинням, Ш.Адьшаа, Ц.Идэрбат, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Б.Саранчимэг,  Ж.Батжаргал,  Б.Энх-Амгалан, Ц.Цэрэнпунцаг, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс нийгэм, эдийн засгийн салбарт шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан олон асуудал хүлээгдэж байгаа хариуцлагатай цаг үед Засгийн газрын гишүүнээр томилогдож байгааг анхааруулаад улс эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллахыг онцгойлон захиж байлаа.  Мөн эдийн засгийг оновчтой төлөвлөх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, үнийн өсөлтийг саармагжуулах, эрчим хүчний үнийг чөлөөлөх, боловсрол болон тэтгэврийн шинэчлэл, халамжийг зорилтод бүлэгт шилжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахтай холбоотой ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх шаардлагатай тодорхой шийдэл гаргаж ажиллах шаардлагатай талаар байр сууриа илэрхийллэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

САЙН УДИРДАГЧ - Л.УЯНГА /Сэлэнгэ аймгийн ЕБ-ын 3-р сургуулийн захирал/11-25, 22:48“Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо11-25, 22:18Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа11-25, 21:49УИХ дахь намын бүлгүүд хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа11-25, 21:41АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв11-24, 11:50“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т жил бүр улсын төсвөөс 1,9 тэрбум төгрөг олгоно11-23, 19:40Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ11-21, 20:00Дэлхийн улс орнуудын парламент болон хүний эрхийн байгууллагуудын хамтын ажиллагааны сайн туршлагуудын талаар хэлэлцлээ11-21, 19:52“Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөв11-21, 19:49Монгол Улсад аялах Вьетнам Улсын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлнэ11-14, 14:44Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа11-11, 14:40Отроор яваа малчдад зөвлөн тусалж, иргэд хооронд буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэхийг орон нутгийн удирдлагуудад анхааруулав11-10, 20:43Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллалаа11-10, 20:09САЙН УДИРДАГЧ - Б.МӨНХТӨР /Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга/11-10, 20:03“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа11-10, 19:53Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо11-7, 19:32БАРУУН БОСОО ТЭНХЛЭГИЙН 745 КМ АВТО ЗАМЫГ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА11-1, 17:43Түр хорооны хуралдаанаар хуулийн хэрэгжилт, цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов11-1, 17:32Автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, саадгүй зорчих бүх талын арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа11-1, 17:21ГУРВАН УЛСЫГ ХОЛБОСОН АНХНЫ АВТО ЗАМЫГ БООМТЫН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА11-1, 17:18Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг дэмжлээ11-1, 16:57Аялал жуулчлалын Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар тус салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ярилцав10-27, 22:56Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа10-26, 22:08Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв10-25, 21:48Ерөнхий сайдын айлчлалын яриа хэлэлцээг бодит ажил болгож хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ Канцлер О.Шольц илэрхийлснийг уламжлав10-25, 21:43“Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт - Боомтын сэргэлт” салбар хэлэлцүүлэг боллоо10-19, 18:06Д.Амарбаясгалан: Засгийн газар нийтийн тээврийг либералчлах бодлого баримтална10-14, 22:55ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ФРАНК-ВАЛЬТЕР ШТАЙНМАЙЕРТ БАРААЛХАВ10-14, 22:51Засгийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулна10-14, 22:48Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ10-6, 20:52АБГББХ: Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ10-6, 19:50УИХ-ын гишүүн Б.Энхбаяр НҮБ-ын Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа10-6, 19:44Төрийн захиргааны байгууллагуудад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, төрийн бүтээмжийг сайжруулна10-6, 19:22Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье!10-6, 19:20“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ10-6, 13:27Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган эхэллээ10-3, 15:07МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ТЭЭВРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ 17-Р ХУРАЛДААН МОСКВА ХОТНОО БОЛЛОО10-2, 17:55Канад Улсын болон Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн нүдний эмч нар хамтран Сэлэнгэ аймагт ажиллана10-2, 17:17Хөрөнгийн биржийн олон нийтэд нээлттэй хувьцааг арванхоёрдугаар сард гаргана9-28, 18:57Хууль зүйн байнгын хорооны гишүүд АНУ-д Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар туршлага судлан ажиллаж байна9-28, 17:43