
Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулалтын өндөр түвшинд ёслол төгөлдөр явагдаж өнгөрлөө.

Цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын хүндэт зочид, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргийн командлал, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургуулийн удирдлага, бие бүрэлдэхүүн, Төрийн хүндэт харуул, бэлтгэл, чөлөөнд байгаа ахмад дайчид, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ой тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалд дээрх байгууллагуудын 4000 гаруй алба хаагчид, морьт цэргүүд, дугуйт болон хүнд гинжит техникүүд оролцлоо.

Цэргийн ёслолын жагсаалын эхэнд Жанжин тугийг залсны дараа Ёслолын жагсаал командлагч ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт илтгэл өгч, Улаанбаатар цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгтгэл, ангиуд Цэргийн ёслолын жагсаалд бэлэн болсныг илтгэв.
Үүний дараа Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр Ёслолын жагсаалд оролцож буй нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн болон Төрийн далбааны өдрийн мэндийг дэвшүүлж, Баяр хүргэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхэд илтгэл өгснөөр Цэргийн ёслолын жагсаал сүр жавхлантай эхэлсэн юм.

Цэргийн ёслолын жагсаал нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёслолын жагсаал, өнгөрөгч зууны шинэ цагийн түүхийг эхлүүлэн, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө зарлан тунхагласан Ардын журамт цэргийн жагсаал, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны хүндийг мөрлөн үүрч, хорвоогийн элгэн дээр Монгол цэргийн ялалтыг дархалсан дайчин эрсийн жагсаал, ОХУ-д зохион байгуулагдсан Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн оролцсон шилдэг дайчдын жагсаалаас бүрдэж байв.

Мөн Монгол цэргийн алдар гавьяаг дэлхий дахинд цуурайтуулан мөнхөлж, хүлгийн туурайгаар хөвчин дэлхийг туулсан эртний дайчин баатруудын морьт жагсаал ч Цэргийн ёслолын жагсаалын нэгээхэн хэсэг нь байлаа. Магнаг үсэгтэй тугаа мандуулан, их хувьсгалын уухайгаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо тэмцэн олж, энх цагийн түүхийг бичсэн хатан зоригт баатрууд, Ардын журамт цэргийн морьт жагсаал, морьт хорооны дайчин эрсийн жагсаал үнэхээр сүр жавхаатай байсныг бахдах хүн нэн олон ажээ.

Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний инженер, техникийн ажилтнуудын шинээр анхлан зохион бүтээсэн тусгай зориулалтын автомашинууд болох “Хилэнцэт” тусгай ажиллагааны бартаат замын машин, “Чоно-1” бүлгийн байлдааны машин, “Мазаалай” хөнгөн хуягласан автомашинууд болон “Форд-Ф550” тусгай зориулалтын хуягласан автомашин, “Донг фэнг-EQ2050” тусгай зориулалтын хөнгөн хуягласан суудлын автомашин, “Ивеко NJ2050” тусгай зориулалтын бүлгийн автомашин олны нүдийг хужирлан, сэтгэлийг огшоов.

Тэрчлэн байлдааны нисэх онгоц, МИ-8, МИ-171Е нисдэг тэргүүдээс гадна “Ёл-1, 2” загварын нисгэгчгүй нисэх төхөөрөмж цэргийн ёслолын жагсаалыг чимж байлаа.

Түүнээс гадна Нийслэлийн Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 337 дугаар ангиас Хүнд, гинжит техникийн буюу Т-72А, Т-55загварын танкууд болон Явган цэргийн байлдааны машин (БМП-1)-уудын Ёслолын жагсаал сүр жавхлантайгаар үргэлжилсэн юм.

Ийнхүү Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал нь монгол цэргийн цог золбоо, сүр хүч, яруу алдрыг илтгэн харуулсны зэрэгцээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны цар хүрээ, ач холбогдлыг өндөрт өргөснөөр амжилттай зохион байгуулагдлаа.
Сэтгэгдэл