Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газраас 2021 оны 10 дугаар сараас эхлэн “Бэрх биш ээлтэй” аяныг хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү аян нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцож буй оролцоо, нийгмийн хандлага, цаашлаад тэдэнд тулгамдаж буй асуудлууд болох дэд бүтцийн хүртээмж, хөдөлмөр эрхлэлт гэх мэт нийгэмд бусдын адил эрх тэгш оролцох нөхцөл боломжийг бага ч болов эерэгээр өөрчлөхөд чиглэсэн “Яг чам шиг”, “Бид ээлтэй”, “Ээлтэй байгууллага” гэсэн 3 үе шаттай нөлөөллийн ажил юм.
Бэрх биш ээлтэй нийгмийн төлөө бид бүгд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөвөөр ойлгох, нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Яг чам шиг” буюу хөгжлийн бэрхшээлтэй хүн ч гэсэн энэ нийгмийн нэг хэсэг, яг л бидний нэгэн адил эрх тэгш эрх, үүрэгтэйгээр оршиж байгаа гэдгийг таниулна. Бид өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хүлээн авч, хамтдаа ээлтэй нийгмийг бүтээхийг уриалсан “Бид ээлтэй” давалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжсэн аливаа ажилд хамтарч ажилладаг, тэдний мөрөөдөл тэмүүлэлтэй, хөдөлмөрч зүтгэлтэй байдлыг ойлгож үнэлдэг, дэмждэг, тэдний төлөө нийгэмд нөлөөлж чаддаг иргэд, залуучуудыг нийгэмд таниулж, зөв зүйлийг урамшуулах зорилготой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцоход олон төрлийн асуудал тулгардаг бөгөөд аяны хүрээнд тэдэнд тулгардаг бэрхшээлүүдийг арилгах, багасгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллагуудын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөлийн ажлууд хийгдэж байгаа юм байна.
Сэтгэгдэл