"Улаанбаатар" -аа хайрлах нь, хамгаалах нь , хөгжүүлэх нь

Улс төр   Парламент 13:46 , 2020-9-18

Дэлхийн хүн амын ердөө гурван хувь нь хот сууринд оршин суудаг байсан бол өдгөө 55 хувь нь хотод төвлөрөх болжээ. Хотод амьдрах хүмүүсийн тоо өдөр бүр хэдэн мянгаар өсөж, шилжилт хөдөлгөөн тасралтгүй үргэлжилсээр өдгөө дэлхийн хүн амын тал хувь нь хотод амьдарч буй. Энэ байдлаар 2050 онд гэхэд 9.8 тэрбумд хүрч, тэдний 70 хувь нь хотод суурьшин амьдрах тооцоо бий. Энэ хүрээнд НҮБ-ын тогтвортой хөгжлийн ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих зорилгын дагуу 2030 он гэхэд бүх улс орнуудад хамтын оролцооны, нэгдсэн, тогтвортой хүн амын суурьшлын төлөвлөлт, менежментийн чадавх, бүх талын оролцоог хангасан, тогтвортой хот байгуулалтыг сайжруулах зорилтуудыг тавьсан билээ. Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг тогтвортой хөгжлийн цахим товхимлынхоо энэ удаагийн дугаарт нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй хотыг хөгжүүлэх тухай сэдвийг хөндлөө.

 

ТООГООР ТАЙЛБАРЛАХ НЬ  

70%: Дэлхийн нийт хүлэмжийн хийн 70 гаруй хувийг хотууд ялгаруулж буй нь тогтвортой хөгжил цогцлоох хэчнээн чухлыг харуулж байна.

2.800.000: Улаанбаатар хотын хүн амын тоо 2045 он гэхэд 2.8 саяд хүрэх тооцоо бий.

30%: Авто замын сүлжээг сайжруулахгүй бол таван жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын авто замд зорчих хурд 30 хувиар буурч, 18-19 км/ц болох магадлалтай аж.

97%: MMCG компаниас хийсэн “Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-гаар Улаанбаатар хотын иргэдийн 97 хувь нь авто замын түгжрэл ажил, амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлж буйг онцолжээ.

4%: Улаанбаатар хотын хүн амын тоо 2000 оноос хойш жил бүр дөрвөөс илүү хувиар өсөж, шилжилт хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байна. Уг хот Монголын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын талаас илүү нь амьдарч буй.

 

ҮГЭЭР ИЛЭРХИЙЛЭХ НЬ 

ОЙ САНАМЖИД УЯХ БАРИМТУУД



Хот гэдэг зөвхөн барилга, байгууламжаас бүрддэг материаллаг орон зай биш билээ. Хот гэдэг хүмүүсээс, тэдний бүтээсэн түүх, соёл, дурсгалаас бүрддэг учраас хүн бүрд аз жаргалтай, тайван амьдрах, бүтээмжээ ахиулах боломжийг олгох учиртай. Улаанбаатар өдгөө Монголын ДНБ-ий 64 хувийг бүрдүүлдгээрээ эдийн засгийн төвлөрөл өндөр хотод тооцогддог. Нийслэлд өдгөө нийт хүн амын 45 хувь амьдарч буй. Харьцуулбал, Бээжин хотод БНХАУ-ын хүн амын зөвхөн нэг хувь, Москва хотод ОХУ-ын хүн амын зургаан хувь нь оршин суудаг аж.

Улаанбаатар хотыг зорих гол шалтгаанууд болох эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, эмнэлэг, сургуулийн орчин, нөхцөл хөдөө орон нутагтай харьцуулахад сайжирч байгаа ч ачаалал өндөр, хүртээмж бага хэвээр байна. Хотжилтын нэг том давуу тал нь ая тухтай амьдралын стандартыг бий болгох байдаг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 44 хувь нь орон сууцанд буюу төвлөрсөн системд холбогдсон бол 27 хувь нь монгол гэрт амьдарч байна. Хамгийн сонирхолтой нь, уг үзүүлэлт 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй болохыг “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” тайлангаас харж болно.

 

 

ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Өдгөө дэлхийн хотууд ногоон хөгжилд чиглэсэн бодлого, төлөвлөлтийг бүх салбартаа шингээх болжээ. Бид өмнө нь өндөр барилга сүндэрлэж, ганган автомашин сүлжилдсэн, томоохон үйлдвэр, байгууламж төвлөрсөн хотыг нийгэм, эдийн засгийг хөдөлгөх гол хүчин хэмээн үлгэр жишээд үздэг байсан бол орчин цагт амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй шийдлийг цогцлоосон хот байгуулах нь дэлхийн улс орнуудын зорилго болоод байна.

Дэлхийн хамгийн таатай хотоор хоёр дахь удаагаа шалгарсан Австрийн Вена хотод нийт 90 гаруй ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулснаар хамгийн ногоон хотод тооцогдох болсон юм. Тус хот 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг 80 хувиар бууруулахаар зорьж буй. Үүний дагуу эко нийтийн тээврийг хөгжүүлж, байгальд ээлтэй бизнесүүдээ татварын хөнгөлөлт, урамшуулал олгох зэргээр дэмжиж байгаа ажээ.

Хөгжиж буй орнуудын хувьд, Чилийн нийслэл Сантьяго хот гэхэд өдгөө 500 гаруй цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргаад буй юм. Нарны эрчим хүчээр ажилладаг, дотроо LED гэрэлтэй, үнэгүй интернэт, суудлынхаа хажууд usb холболт хийсэн уг цахилгаан автобусыг энэ оны төгсгөл гэхэд 800 хүргэхээр зорьж байгаа аж. Дизель автобустай харьцуулахад урсгал зардлыг 70 хувиар танах уг автобусыг Чили улс нийтийн тээвэрт бүрэн нэвтрүүлнэ гэнэ.

 

 

 

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

Бидэнд хотжилттой холбоотой ямар асуудал mулгарч байна вэ?

373 жилийн түүхтэй Улаанбаатар хотыг таван удаагийн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэчлэн, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг боловсруулж, өнөөгийн дүр төрхийг бүтээжээ. Гэвч хүн амын өсөлт болон хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нь ажилгүйдэл, замын түгжрэл, агаарын бохирдол, байгаль орчны сөрөг нөлөө, гэр хорооллын тэлэлт зэрэг олон асуудлыг бий болгосоор. Тухайлбал, Улаанбаатар хотын нийт хүн амын талаас илүү хувь нь цэвэр, бохир усны шугам, цахилгаан эрчим хүч, засмал зам, нийтийн тээвэр, эмнэлэг, сургууль, орон сууц зэрэг орчин үеийн дэд бүтэц хөгжөөгүй гэр хорооллын бүсэд амьдарч байгаа юм.

Нийслэлийн энэ төвлөрөл бусад хот, суурин газрын хөгжлийг сааруулж, улс орныг жигд, тэнцвэртэй хөгжүүлэхэд тушаа болж байна. Хотжилтыг зөв төлөвлөхгүйгээр хөгжиж чадсан улс ховор. Хөгжил зөвхөн хотоос бус хөдөө орон нутгаас, хороо, багаас эхлэх учиртай билээ.

ЗӨВЛӨМЖ 

Хүүхдэд ээлтэй хот бүтээхэд заавал байх учиртай зүйлс юу вэ? НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхдэд ээлтэй орчинг бий болгоход туслах гарын авлагаас дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

САНАЛ БОЛГОХ НЬ

ВИДЕО: Дэлхийн хотуудын амьдрал цар тахлын дараа хэрхэн өөрчлөгдөх бол? Энэ тухай "Wall Street Journal"-аас бэлтгэсэн сонирхолтой анимэйшнийг үзээрэй.

THE FUTURE OF CITIES AFTER COVID-19

НОМ: Хэрхэн иргэд, байгальд орчинд ээлтэй, нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй хот төлөвлөх тухай Дэвид Сим болон Жэн Гехлийн бүтээсэн шинэ санаа, сэдэл өгөх тун сонирхолтой зурагт номыг уншаарай.

SOFT CITY: BUILDING DENSITY FOR EVERYDAY LIFE

КИНО: АНУ-ын Миннесота мужийн дэргэд байгуулахаар төлөвлөсөн дагуул хотын төсөл яагаад бүтэлгүйтсэнийг өгүүлэх эл баримтат кино нь хот байгуулах үйл явцад тулгардаг олон асуудлыг хөнджээ.

THE EXPERIMENTAL CITY

ПОДКАСТ: Хот байгуулалтын олон талт асуудлуудыг хөндөж, хотжилтын тухай цогц мэдээлэл хүргэдэг “Эсгий хот” подкастын гэр хорооллын тухай ярилцсан дугаарыг сонсоорой.

ЭСГИЙ ХОТ: ГЭР ХОРООЛОЛ

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл