УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуульчилахаар зохицуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл тусгайлсан зохицуулалт бүхий хуулиудыг батлаагүйн улмаас цагдаагийн байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагдаж биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцаа нь Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Засгийн газрын гишүүний түвшинд баталсан эрх зүйн актаар зохицуулагдаж байгаа аж.
Иймд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх, эрх чөлөөнд халддаг байх болон хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бусад хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор дээр дурдсан зохицуулалтуудыг нэмж тусган Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Өнөөдөр мөрдөгдөж буй хуульд цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн баталгаа, тэдний нийгмийн асуудлын талаарх зохицуулалт орхигдсон байдаг. Хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж буй төсөлд уг асуудлуудыг тусгасан бөгөөд төслийн 84-88 дугаар зүйлд алба хаагчийн баталгаа болон улс төр, хууль зүй, нийгэм, эдийн засгийн баталгаатай холбоотой зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн галт зэвсэг хэрэглэх, хүний биед үзлэг хийх, нэгжлэг хийх, саатуулах зэрэг ажиллагааг журмаар зохицуулж байсныг хуулиар зохицуулахаар тусгасан гэв. Цагдаагийн цолтой холбоотой зохицуулалтыг хуулийн төслийн 74 дүгээр зүйлд тусгасан бөгөөд өнөөдрийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд албан тушаалын цол гэдэг ойлголт бий ч цаашид албан хаагчийн мэргэжлийн болон хувийн ур чадварыг харгалзахаас гадна цаг хугацааны шаардлагыг хангасан тохиолдолд цолыг нь нэмэхээр тусгасан байна.
Цагдаагийн байгууллага бол төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг тусгай алба, орон нутаг дахь цагдаагийн байгууллагын удирдлагуудын томилогоо, нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахдаа тухайн аймаг, сумдын удирдлагуудтай хамтран ажиллах талаарх зохицуулалтуудыг хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг анхаарч ажиллах нь зүйтэй, "олон нийтийн цагдаа"-гийн эрх хэмжээний талаарх зохицуулалтуудыг нягтлах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүд хэлж байв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 90.9 хувь нь дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Б.Анир
Сэтгэгдэл