Маргааш Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой Монгол бахархлын өдөр тохионо. Монгол бахархлын өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг жилд нэг хүнд олгодог уламжлалтай. Гэтэл энэ жилийн Монгол бахархалын өдрийн хөтөлбөрт одон гардуулах үйл ажиллагаа багтаагүй байна.
Тодруулбал,
- 09.00 цагт Төрийн далбаа мандуулах
- 10.00 цагт Төрийн туг цэнгүүлэх
- 11.40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
Эндээс харахад, энэ жил Чингисийн одонг гардуулахгүй юм байна. Гэхдээ 2020 онд цар тахлаас үүдэн энэхүү одонг гардуулаагүй хэдий ч энэ оны гуравдугаар сард Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад нөхөн олгосон.
Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож яваатай ч холбоотой байж магадгүй.
Ерөнхийлөгч эх орондоо ирж, дараа нь "Чингийсийн одон"-гардуулахыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч олгох ёстой өдрөөсөө хойшилж буй бололтой, хөтөлбөрт тусгагдаагүй байгаа юм.
Манай улсын хувьд 2005 оноос "Чингис хаан" одонг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон аж.
Сэтгэгдэл