Волейболын спортыг сонирхдог залуусыг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, волейболын спортоор хичээллүүлэн багийн ажиллагаанд сургаж, эрүүл чийрэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготойгоор Монголын Волейболын Залуучуудын холбооноос волейбол сонирхогчдын дунд зохион байгуулдаг “В” зэрэглэлийн УАШТ энэ сарын 13, 14, 15-нд болно.
Тус тэмцээн нь мэргэжлийн тамирчид болон сонирхогчдыг нэгтгэсэн томоохон тэмцээн тул волейбол сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа юм.
Тиймээс бид тус тэмцээний талаар МВЗХ-ны үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяртай ярилцлаа.
-Энэ удаагийн “В” зэрэглэлийн УАШТ-ий онцлог юу вэ?
-Манай холбоо шат дараалалтай тэмцээн уралдаан зохион байгуулах зорилтууд тавьсан. Үүнийхээ хүрээнд Мэргэжлийн тоглогч болохоор хичээллэж байгаа тамирчдад тохирсон тэмцээн зохион байгуулах гэж байна. Энэ нь “B” зэрэглэлийн тэмцээн юм. 2016 оны хамгийн сүүлд зохион байгуулагдсан МВХолбооны цомын тэмцээнд оролцон тоглосон үндсэн тоглогчийн хоёр тоглогчоос гадна сэлгээний тоглогчид оролцох боломжтойгоороо онцлогтой. Тэгэхээр багууд их жигд бас ур чадварын түвшингээ харах боломж бүрдэх юм.
Мөн Монголын Волейболын тамирчдыг багийн ажиллагаанд сургах, Багш дасгалжуулагчийн уялдаа холбоог сайжруулах, Дасгалжуулагчийн ёс зүйн харилцааг сайжруулах, дасгалжуулагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, дасгалжуулагчийн нэр алдрыг алдаршуулах, багийн зохион байгуулалт болон багийн системтэй үйл ажиллагааг сайжруулах зорилгоор энэ удаагийн “В” зэрэглэлийн тэмцээнээс эхлэн шилдэг дасгалжуулагчдыг шалгаруулан алдаршуулж байхаар болсон гэдгээрээ онцлогтой юм.
-Ямар хүмүүс оролцож байгаа вэ?
-Монголын Волейболын Холбооноос 2016 онд зохион байгуулагдсан Холбооны цомын тэмцээнд оролцсон үндсэн 6 тоглогчийн 2 тоглогч талбай дээр байж болно. Бусад замен буюу сэлгээний тоглогчид шууд оролцох эрхтэй. Үндсэн хоёр тоглогчийн нэг тоглогч нь өндрийн тоглогч байна. Нэг тоглогч нь голын хаагч буюу нам хагасын тоглогч байна. Үндсэн 6-д тоглосон холбон тоглогч багт орох бол өндрийн тоглогчийн оронд байж болно. Бусад оролцогчдын хувьд нээлттэй. “B” зэрэглэлийн тэмцээн учраас шалгуур нь өрсөлдөхүйц хэмжээний баг байх заавартай байгаа. Манай тэмцээнд 35 наснаас дээш туршлагатай мастеруудаа хүндэлж оролцуулдаг уламжлалтай.
-Энэ удаагийн тэмцээнд нийт хэдэн баг оролцох вэ?
-18 багийн 200 гаруй тамирчин оролцоно. Оролцох багууд бүгд гадна, дотны легонер тамирчдаас бүрдсэн байна лээ. Тэгэхээр тоглолт бүр сонирхолтой, өрсөлдөөнтэй болно гэсэн үг.
-Танайхаас зохион байгуулдаг тэмцээнүүд бусад тэмцээнүүдээс юугаараа давуу талтай юм бол. Тамирчдад ямар боломж олгодог вэ?
-МВЗХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “D”, “C” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд зохиогдож эхэлснээсээ хойш маш олон хүнийг хамарч чадсан тэр дундаа хөдөө орон нутгаас Ховд, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ гэх мэт маш олон аймгийн баг тамирчид зорин ирж оролцдогоороо онцлогтой юм байна. Хөдөө орон нутагт сайн тамирчид маш их байна. Тэд боломж байна гэдгийг мэдэрсэн Баянхонгор аймгийн баг С зэрэглэлд Мөнгөн медаль авсан, Д зэрэглэлд Ховд Эрдэнэт гээд ихэвчлэн орон нутгаас оролцож байгаа багууд медальд байранд шалгарч байна. Манайхаас зохион байгуулж байгаа тэмцээн уралдааны гол зорилго нь сонирхогчоос мэргэжлийн тамирчид ангилал бүртээ тэмцээн уралдаантай байх бодлогыг баримтлан ажиллаж байна.
-A, B, C, D зэрэглэлийн тэмцээнүүдийг зохион байгуулж эхэлснээс хойш тамирчдын ур чадварт ямар өөрчлөлт гарч байна?
-Тамирчдын ур чадвар эрс дээшилсэн. Оролцох багийн тоо нэмэгдсэн, Өрсөлдөөн ч нэмэгдсэн, Нэг баг дараалан 3 удаа түрүүлэх нөхцөлийг тэмцээнд оролцож байгаа тамирчид багуудад олгохгүй байгаа нь өрсөлдөөн их байгаагийн шинж. Нэмж хэлэхэд А зэрэглэлд тоглож байгаа тамирчдын зарим нь тэр хэмжээндээ хүрэх болоогүй тамирчид байдаг энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэглэл тогтоосон тэмцээнгүй болохоор замбараагүй орж ирж байгаа юм. Бид энэ байдлыг арилгах ёстой. Ингэснээр тэмцээн чанартай бол үзэгчдээ хүндэл буй хэрэг юм.
-Та Монголын волейболын спортын ирээдүйг ямар байгаасай гэж хүсч байна вэ?
-Монголын Волейболын тамирчид юунд хүрэх нь ойлгомжтой байгаасай гэж хүсч байна. Бүх шатанд хөгжөөсэй гэж хүсдэг. Доороос төрөн гарч ирэх тамирчдыг маш олон болгомоор байна. Багш дасгалжуулагчдыг зэрэглэл бүрт нь ур чадварыг нь сайжруулах, дотоодын өрсөлдөх чадвар сайжраасай гэж л хүсч байна.
-Тийм болоход хэдий хэр хугацаа шаардах вэ?
-Зөв баг ажиллавал маш хурдан хөгжих боломжтой.
Т.Гэрэл
Сэтгэгдэл