Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улс төр   УИХ 16:06 , 2017-1-5

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.05 Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтсоны дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснийг тэмдэглээд тус хуулийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхдээ үзэл баримтлалыг нь хэлэлцэх зохицуулалттай болсныг анхаарах нь зүйтэй хэмээн сануулав.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Ийнхүү 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.

Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу уг тогтоолын төслийг бусад байнгын хороод хэлэлцэн, санал дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Хууль зүйн байнгын  хороонд хүргүүллээ. Хууль зүйн байнгын хороо “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ Улсын Их Хурлын гишүүд болон бусад байнгын хороодоос ирүүлсэн саналын томьёолол бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Ё.Баатарбилэг, Л.Болд нар асуулт асууж, тодруулав. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариулт өгөхдөө “Хууль тогтоомжийн тухай хуулиар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газраас хуулийн төсөл боловсруулахдаа тодорхой шаардлагуудыг хангах үүрэг хүлээж байгаа. Тиймээс энэ зохицуулалтад нийцүүлэн дээрх үндсэн чиглэлийн төсөлд холбогдох 43 байгууллагаас санал авахад 430 хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэсэн санал ирүүлсэн. Эдгээрийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт нийцүүлэн зохицуулалт хийснээр 200 гаруй хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй хэмээн үзэж үндсэн чиглэлийн төсөлд тусгасан” гэв. Тус төсөлд Монгол Улсын иргэн бүр оршин суугаа газар нутагтаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, сайжруулах саналууд тусгагдсан гэдгийг мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд онцолж тайлбарласан. Нийгэм, амьдралын өөрчлөлтөд нийцүүлэн хууль, эрх зүйн баримт бичгүүдийг өөрчлөх нь зүй ёсны үзэгдэл хэдий ч ирэх дөрвөн жилд 200 гаруй хуулийг өөрчилнө, шинэчлэн найруулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар онцоллоо. Энэ нь манай улсад мөрдөгддөг хуулийн 40 орчим хувь, тиймээс хэчнээн хуулийг шинэчилсэн найруулах, хэчнээн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг тодорхойлохгүй бол энэ нь гадаад орчинд “эрсдэл” болж харагдаад байгааг хэллээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн зорилтын чухал хэсэг нь Монгол Улсын хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах гэдгийг салбарын сайд онцлоод үндсэн чиглэлийн төсөлд 230 хуулийн төслийг боловсруулна гэж тусгасан нь хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөн 260 орчим болсныг тайлбарласан юм. Үүнээс анхдагч хуулийн төсөл 65, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 99, шинэчилсэн найруулга хийх 85 хуулийн төсөл, олон улсын гэрээнд нэгдэн орох талаарх 10 хуулийн төсөл болон хууль хүчингүй болгох 1 хуулийн төслийг боловсруулахаар тусгасан хэмээн хариулт өгсөн юм.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарлах эсэхийг Улсын Их Хурлын гишүүд тодруулж байв. Бодлогын түвшинд хууль эрх зүйн орчны талаарх төлөвлөлт, зохион байгуулалт шаардлагатай учир Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журамд нийцүүлэн энэхүү үндсэн чиглэлийн төслийг боловсруулсан болохыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт тайлбарлав. УИХ-ын тогтоолоор дээрх үндсэн чиглэл батлагдсанаар хууль санаачлагчдын эрхэд халдан, хязгаарлалт болохгүй хэмээн хариулсан.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 56 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. Мөн энэ асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.

2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалт байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан боловч мөн хуульд заасан баривчлах шийтгэлийг хэн оногдуулах тодорхой зохицуулалт байхгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болоод байгаа аж. Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль зүйн байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм. Харин хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Г.Занданшатар, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 77.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06