БНСУ-ын хилийн эргүүлийн онгоц өнгөрсөн нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06.10 минутийн орчим зүүн эргийн далайд эргүүл хийж байхдаа, тээвэрлэж байсан тэсрэх бодис, пуужин зэргийг далайд санаандгүй унагаажээ.
Уг онгоц нь онцгой тохиолдолд ослын буулт хийхээсээ өмнө ачаагаа хөнгөлдөг бөгөөд үүний тулд тээвэрлэж байсан тэсрэх бодисуудыг идэвхжүүлээгүй байдлаар далайд унагаадаг байна.
Гэвч энэ удаа туслах нисгэгч товчлуур андуурч дарсанаас болж пуужин 2 ш, тэсрэх бодис 2 ш, усан доор дэлбэрэх бодис 2 ш, нийт 6 ш тэсрэх бодисыг далайд унагаасан явдал болжээ.
Тэсрэх бодисууд нь идэвхжээгүй байдлаар далайд унасан ба Хойд Солонгос улсын усан хилээс 67 км зайд, Өмнөд Солонгос улсын зүүн эргээс 48 км зайд, далайн гүнд шигдэн орсон байгаа ажээ.
Мөнгөөр тооцвол дунджаар 4 тэрбум 500-н сая вон буюу 3 сая 782 мянган доллароор үнэлэгдэх бодисуудыг санаандгүй унагаасан байна.
Энэ талаар Өмнөд Солонгос улсын Батлан Хамгаалах яамнаас "Далайд санаандгүй унагаасан тэсрэх бодисууд нь идэвхжээгүй байдлаар унасан тул цаашид дэлбэрч, тэсрэх аюулгүй. Бид ойрын хугацаанд эрж олоод, далайгаас гаргаж, аюулгүй болгохоор ажиллаж байна" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл