ЯРУУ НАЙРАГЧ, ЗОХИОЛЧ Г.АЮУРЗАНА: ЗҮГЭЭР Л ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХЭД АУГАА ИХ ҮЙЛС БОЛДОГ ТИЙМ АЖИЛ ХАРИУЦАЖ ЯВАА ХҮМҮҮС МӨН АЗТАЙ ЯА

-Сайн байна уу? Цаг гарган ярилцаж байгаа танд маш их баярлалаа. Таны уран бүтээлийн олз омог хэр арвин байна?

-Сайн. Сайн байна уу? Одоо нэг шинэ роман дээр сууж байна.

-Унших, бичихэд хэр их цаг зарцуулж байна?

-Ер нь хамаг цагаа зарцуулчих санаатай. Гэхдээ удтал хөдөлгөөнгүй сууснаас болоод нуруу хөшиж чилж өвддөг болсон. Харин нохой тэжээж эхэлснээс хойш овоо ойр зуур орон гаран ажилтай болчихоод байна.

-Эр хүн болгонд цэрэгтэй холбоотой дурсамж байдаг. Цэргийн хүний тухай анхны сэтгэгдэл хэзээ төрж байв?

-Миний бага нас цэрэг хүнийг дээдэлж хүндэлдэг цаг үед өнгөрсөн. Бараг л ухаан ороод анх биширсэн хүмүүс бол дүрэмт хувцастай эрчүүд байсан.

-Багадаа цэргийн хүн болъё гэж мөрөөддөг, байлдаантай кино үзэж, байлдаж тоглодог хүүхэд байв уу, эсвэл...?

-Цэрэг хувцас өмсөхийг мөрөөддөггүй, байлдаантай кинонд донтдоггүй хүүхэд гэж бидний үед огт байгаагүй. За, тэгээд тольтой суран бүс, тоглоомын буу бол жинхэнээсээ өдрийн бодол, шөнийн зүүд байлаа шүү дээ. Орост сурч байсан нагац ах минь намайг зургаан настай байхад цэнхэр өнгийн автомат буу авчирч өгсөн нь миний энэ насанд тохиолдсон хамгийн том баярын нэг байв. Хоёр ширхэг том зай ордог, гохыг нь дарахаар тачигнаж дуугараад урд нь гэрэл анивчдаг, янзын эд байж билээ. Хожим нь цэрэгжлийн хичээл миний хамгийн дуртай хичээл болсон. АКМ-г би норматив хугацаанаас нь хамаагүй хурдан задалдаг байсан. Бас “Дөл” гээд нэг уралдаан болдог, тэр тэмцээний хүрээнд ХБХБ тэмдгийн норм биелүүлэх гээд сүртэй юм болдог байв. Турникт найм суниах ёстой. Би нэг дор арван зургаа суниаж, чаддаггүй хүүхдийн өмнөөс ангийнхаа оноонд нэмэр болдог байснаа санаж байна.

-Бид эх орон, хил хязгаар, уран бүтээлийн талаар ярилцах болохоор анх хилийн дээс алхаж байсан үеийн дурсамжаар яриагаа үргэлжлүүлье. Эх орныхоо хил хязгаарыг анх үзээд танд ямар сэтгэгдэл төрж байв?

-1988 онд Москвад суралцахаар явсан. Галт тэрэг шөнөөр хил гардаг, бас хил гарах үед хөшгөө буулгахыг шаарддаг байсан тул цэрэг, гаалийн ажилтнуудаас өөр юу ч хараагүй. Өглөө босоход цонхоор Байгаль далайн хөвөө цэлэлзэж байж билээ.

-Анх М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар эх орноосоо гарч, эрт цагт Монголын нутагт харьяалагдаж асан түүхэн газрын гудамжаар алхаж явсан нь цэл залуухан зохиолч Г.Аюурзанын хувьд “Тверийн бульвар”-аа бичих үүдэл байжээ. Москва хот, оюутны амьдрал дунд хайрламаар дурсамж олон биз. Та манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Залуу насныхаа цөөнгүй жилийг тэнд өнгөрөөсөн болохоор Москвад их хайртай. Сайхан хот шүү дээ. За, тэгээд залуу явна аа гэдэг өөрөө ямар ч газар орныг онцгой болгох ид шид юм даа. “Амь тавьж буй шувууны далавч”-аа би оюутан цагийнхаа дурсамжаар бичсэн.

-“Сэтгэл зүрхний минь нийслэл харийн саарал хот” хэмээн таны зохиолын нэг гол баатар өгүүлдэг. Таны хувьд Москва ийм сэтгэгдэл төрүүлж чадах байх?

-“Арван зүүдний өр”-ийн тухай шүүмж бичсэн Оросын нэг судлаач “саарал хот гэхээр чинь Санкт-Петрбург л гэж бодлоо” гэж хэлж байсан. Москва соц үедээ саарал барилгаар дүүрэн байсан. Тэнгэр нь намар оройноос эхлээд хавар болтол бүрхэг. Аравдугаар сард, оросуудын “бабье лето” гэж нэрлэдэг зурвасхан үед нар гараад, тэгээд голдуу бүрхэг өвөлжинө шүү дээ. Гэхдээ хамаг мөрөөдөл, шаналал, баясал минь тэнд хамгаас хүчтэй оргилсон юм шиг санагддаг учраас залуу насны минь зүрхний нийслэл гэмээр хот бол яах аргагүй Москва.

-Хойно сурч байсан цэл залуу зохиолчийн хүсэл мөрөөдөл юу байв?

-Яруу найргийн дээд түвшин. Ерөөсөө би ганцхан л зүйлээр амьсгалж, амьдарч явсан.

-Өнөөдөр тэр хүсэл мөрөөдөл биелсэн гэж та боддог уу?

-Би бусдад биш, өөртөө зориулж шүлэг бичдэг. Бусдад юу гээд хэлэгдчих бол гэж боддоггүй, өөртөө үнэнч явахаа эрхэмлэдэг. Хар залуугаасаа бичсэн бүх шүлгээ энэ жил эргэн харж шилмэл түүврээ эмхлээд, сүүлийн үед бичсэн шинэ шүлгүүдтэйгээ хамт дэвтэрлэж саяхан гаргалаа. “Бясалгал” гэдэг ном гарсан. Бараг л нэг насныхаа ажлыг өөрийнхөөрөө дүгнэсэн минь тэр. Хүрье гэж зорьсондоо би хүрч чадсан гэж өөртөө бардам хэлнэ.

-Эрч хүч, дэврүүн хүсэл мөрөөдлөөр дүүрэн эргэж ирсэн залуу насны он жилүүд хэрхэн өнгөрөв? Гэр бүл, ажил төрөл гээд амьдралын анхны юм бүхэн давхцаж байсан биз ээ.

-Хамгийн сайн шүлгүүдээ би 24 наснаасаа хойш бичиж эхэлсэн юм билээ. Хамгийн сайн шүлгүүд, хамгийн сайн эхнэр, хамгийн хөөрхөн хүүхдүүд, төсөөлж ч байгаагүй аз жаргал. Эргээд бодоход, залуу нас дэндүү хурдан дуусчихдаг эд юм. Одоо би хөгширчихөөгүй байгаа ч, хэн ч намайг залуу гэж хэлэхгүй. Гунигтай ч юм шиг. Гуниглах хамгийн том шалтгаан нь хайран цагийг дэмий үрсэн тохиолдол дэндүү их байжээ.

-Та “Чөлөөт цагаараа өөрийнхөө амьдралаар амьдардаггүй” цөөхөн хүний нэг. Таны амьдралын зарчим хэзээ анх бүрэлдэн тогтсон, түүнд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Надад уран зохиолоос өөр шимтэх юм үнэндээ байгаагүй. Тиймээс өөр зам, өөр сонирхол, өөр шунал байж болно гэж төсөөлж явсангүй. Ийм үзэлтэй болоход нөлөөлсөн зүйл бол ном.

-Амьдралын хором бүрийг үнэ цэнтэй байлгадаг хүний хувьд амьдрал үнэхээр хайрламаар сайхан зүйл мөн үү?

-Тийм ээ, энэ бол гайхамшиг. Бид хүн болж төрсөн, хэн нэг маань хил дээр үндэс угсаа нэгтнийхээ орон зайг хамгаалж, хэн нэг маань дуу зохиож, хаа нэгтээ бүсгүй хүн хүүхэд төрүүлж байна гэдэг бол гайхамшиг. Хөдөөний ядуу жаал ном бичиж, түүнийг нь огт танихгүй хүмүүс уншаад, зарим нь номоор минь дамжуулаад намайг ойлгож, магадгүй хайрлаж байна гэдэг гайхамшиг. Бас зарим нэг хүн надад атаархсандаа ч юм уу намайг зүгээр шүлэг зохиол бичдэгийн минь төлөө адлан доромжилж, гүтгэн муучилж байна гэдэг ч мөн гайхамшиг. Амьдрал гэж ийм сайхан зүйл шүү дээ.

-Эх орны тусгаар тогтнол, үнэ цэнийн талаарх таны бодлыг сонирхъё?

-Эх орон гэдэг бол хийсвэр ойлголт биш, лоозогнох төдий хоосон үг биш. Улс төрчдийн хөзөр, яруу найрагчдын тайзнаас хашгирдаг панаал биш. Эх орон гэдэг бол ухамсартай хүн бүхний хувьд “Чи хэн бэ?” хэмээх шалгуур нь. Эх орноо гэх сэтгэлгүй бол тэгээд чи дуусаа. Чамайг дэмий төрүүлж, буруу хүмүүжүүлж, бүр адгийн новш болгож хаяжээ гэсэн үг. Эх орон гэдэг зөвхөн газар шороо, ард түмэн, гэр орон, үр хүүхэд биш. Энэ бол энэ газар шороон дээр түмэн үеэ элээсэн хүмүүсийн итгэл найдвар, сайхан мөрөөдөл, туулж ирсэн амьдрал, бүтээсэн соёл, бас монгол хэл юм. Бид монголоороо ярьдаг, монголоороо ойлголцдог, монголоороо амьдардаг азтай хүмүүс. Дэлхий дээр өчнөөн сая монголчууд эх хэлээрээ ярьдаггүй, яриад ч бие биеэ төдийлөн сайн ойлгодоггүй, монгол гэдгээрээ бахархах биш харин ад үзэгдэж яваа. Гэхдээ чухам тэд байсны ачаар л, тэд бидний өмнөөс золиос болсны хүчээр Монгол Улс гэж өнөөдөр оршиж байгааг би ямагт санаж явдаг. Тиймээс би өвөрмонгол, буриад хүмүүсийг үнэн сэтгэлээсээ хайрладаг. Тэд хэл соёлоо гээж байгаа нь үнэн. Гэхдээ тэдний буруу биш. Тэд бол бидний төлөө золигдсон хүмүүс.

-“Харийн нутаг”, “Хүний газар” хэмээх ойлголтыг та хэрхэн хүлээж авдаг вэ? “Харийн нутаг давчдах” үе гарч байв уу?

-Уран зохиолын буянаар би дандаа сайхан хүмүүстэй уулзаж, сайн хүмүүстэй таарч явсан. Би аль ч газар оронд явсан, үргэлж сайн сайхныг нь олж харж чаддаг.

-Эх орноосоо гарч харь газар одоод, эргэж ирэх бүрт танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-“Дэнж гоёсон гэртээ ирлээ” гээд Эрдэнэбат гавьяатын дуулдаг нэг сайхан дуу бий. Тэр дууг сонсох бүрт сэтгэл амраад явчихдаг юм. Ийм мэдрэмжийг одоо яаж ч илэрхийлмээр юм бэ дээ? Гэр орон гэж гоё хоршоо үг шүү. Гэр орон, эх орон, эх нутаг. Сүүлийн үед би Монголоос өөр хаана ч жаргалтай байж чадахгүйгээ улам сайн мэддэг болсон.

-Анх яруу найрагт яагаад хөл тавих болов? Хүсэж мөрөөдөж асан тэр зүйлээ олж авч чадсан уу?

-Хүүхэд насандаа ангийнхаа охинд дурлаад, тэгээд санаандгүй Явуухулангийн шүлгүүдийг олж уншсан. Ингээд л архинд орсон хүн шиг болчихсон доо. Уран зохиол, яруу найрагтай холбоотой амьдрах ёстойгоо ойлгосон ч гэх юм уу...

-Яруу найрагч хүнд ямар үечлэлүүд байдаг гэж та боддог вэ?

-Ёстой бодож үзээгүй юм байна. Мэдээж, анхны гэнэн цагаан шүлгүүдийн үе гэж байх болов уу. Ихэнх хүн тийм маягаар шүлэг тэрлэж байгаад, буурь суумагцаа орхичихдог юм гэнэ лээ. Би бол буурь суух нь байтугай, бүр хэтрээд явчихсан. Яваа яваандаа бага сага дөр суусаар, гуч орчим насандаа би өөрийгөө яруу найрагч гэж нэрлэж зүрхэлдэг болсон.

-Таны “Бясалгал” хэмээх шинэ шүлгийн түүвэр хэвлэгдэн гарсан даруйдаа уншигч олны ширээний ном болсон. Үүнтэй зэрэгцэн “Яруу найрагчийнхаа хувьд зодог тайлж байна” гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгдсэн байх юм. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Сүүлийн нэг жил би шүлэг бичээгүй. Өмнө нь надад ийм зүйл тохиолдож байсангүй. Тэгэхээр шүлэг бичихээ болих нас гэж бас байдаг гэлцдэг нь үнэн бололтой. Нэгэнт  бичигдэхгүй, санаанд мөр шад орж ирэхгүй байхад хөөцөлдөөд яах юм бэ? Одоо хүүрнэл зохиолдоо бүх бодлоо чиглүүлье гэж шийдчихсэн чинь бүр сэтгэл амарчихсан.

-Яруу найраг бол таны хувьд хамгийн чухал, магадгүй амьдралаас хамгийн их хайрласан зүйл тань байх. Яруу найрагт зориулдаг эрч хүчийг юунд зориулж, тэр том орон зайг юугаар нөхөх вэ? Таны үргэлжилсэн үгийн зохиолууд нөхөж чадах болов уу?

-Чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Хэлбэр нь л өөр болохоос угтаа эд чинь нэг л юм.

-Таны хамгийн олон дахин хэвлэгдсэн бүтээл?

-“Шинэ үеийн номын сан” цувралын хар номууд. “2х2=6”-г хэд ч хэвлэсэн юм бэ, мэдэхгүй. Би өөрөө л лав 30-40 мянга гаргасан байх. Мэр сэр хулгайч нар ч бас нууцаар хэвлүүлж зарсан байдаг. Романуудаас бол “Гурамсан цадиг” байх аа. “Бөөгийн домог” ч юм уу?

-Шавьтай болъё гэж боддог уу?

-Үгүй чиш. Би юугаа заах вэ? Миний номуудыг уншихад л надаас илүү би тэнд байгаа.

-Уйтгар гуниг, ганцаардлын мөн чанар юу вэ?

-Өөр рүүгээ өнгийх хамгийн том боломж.

-Та философич хүнийхээ хувьд өөртөө хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Би өөрийгөө философич гэж хэлж зориглохгүй. Гэхдээ амьдралыг мөн ч өрөвдөлтэй гэнэхнээр харж байгаа, улс төр гэх мэт аахар шаахар зүйлс рүү тэч ядан үсчсэн зарим нэг нөхөд өөрийгөө ийм том үгээр цоллож зарлаад явахыг хараад, тэдний дэргэд би философи ойлгодог хүн юм биш үү? гэж бодогдох удаа гардаг л юм.

-Таны бүтээлээр кино, эсвэл жүжиг хийх санал ирж байсан уу?

-“Хэвтрийн хүн”-ээр кино хийнэ гээд найруулагч Бямбаа хэдэн жил яриад яваа. Жинхэнэ кино урлаг гэж юу байдгийг үнэхээр ойлгочихсон, сайн уран бүтээлч учраас Бямбаа ах тэр киногоо барьж аваасай гэж боддог. Киноны сургуулийн залуус “Хар ая” гээд нэг өгүүллэгээр хоёр ч янзын богинохон кино хийчихсэн, надад үзүүлж байсан. Сүүлийн үед “Бөөгийн домог”-оор кино хийе гэсэн хоёр ч санал ирсэн. Нэг нь буриадууд, нөгөө нь монгол залуус байгаа.

-Та Монголын уншигчдыг “Шинэ үеийн номын сан”-тай болголоо. Яруу найраг бол “Болор цом”-оос тэс өөр зүйл гэдгийг ойлгууллаа. Гадаадын утга зохиол энд, харин манайх тэнд гэдгийг тодорхойлж өглөө. Энэ бүхэн таны цуврал хар номууд, антологууд, орчуулгын бүтээлүүд болон “Балчир шүлэг”-ээс эхлээд “Бясалгал”-ыг хүртэлх яруу найргийн түүвэр, “Ганцаардлын дасгал” номын өмнөтгөлд бичсэн өмнөх үгээс харагддаг. Одоо та юунд зорьж тэмүүлж явна вэ?

-Сайн сайн, жинхэнэ түвшний романууд бичихийг л.

-Эх орны хил хязгаарт үүрэг гүйцэтгэж байгаа манай хилчдэд оюун санааныхаа хил хязгаарыг тэлэх хэр их боломж байгаа гэж та үзэж байна?

-Ер нь уншиж байж хүний бодол санааны цар тэлдэг юм шүү дээ. Ном уншдаггүй хүнтэй ярих  сэдэв олддоггүй. Ан гөрөө, хүүхэн шуухан, архи дарсны паян ярьсаар яваад насаа бардаг хүмүүс зөндөөн бий, өөрсдөд нь сайхан байдаг биз. Гэхдээ энэ бүхэн чинь утгагүй шүү дээ. Ан гөрөө хийсэн ч утга учиртай, архи уусан ч голтой хүмүүс байдаг. Ялангуяа ном уншдаг, юм боддог хүмүүс тийм байдаг шүү дээ. Тийм хүмүүсийн амьдрал дүүрэн, хавь орчныхон нь ч бусдад гай тарихааргүй болж төлөвшдөг.

-Та хилчдийн талаар ямар бодол, төсөөлөлтэй байдаг вэ?

-“Хил манаагүй эрийг эр гэдэг юм уу?” гээд манай нутгийн өвгөн ах Тангадын Галсангийн нэг мөр бий. Сайхан үг шүү.

-Яг одоо хилийн застав хэмээх нам гүм, аниргүй орчинд хилчид маань суугаад бидний ярилцлагыг уншиж байгаа. Та тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-“Зүгээр л үүргээ гүйцэтгэхэд аугаа их үйлс болдог тийм ажил хариуцаж яваа хүмүүс мөн азтай яа. Та нарын үүрэг ийм л гайхалтай зүйл шүү дээ, хилчид минь” гэж хэлмээр байна.

-Баярлалаа. Танд уран бүтээлийн од, хийморь ерөөе. Хилийн бяцхан салбарт хүрэлцэн ирэх боломж хэзээ нэгэн цагт гарах байх. Хилчид бид таныг талархан угтах болно. Ингэхэд таны ярилцлагатай хамт аль нэг шүлгээс тань оруулж болох уу?

-За тэгвэл үүнийг оруул даа.

Л.Ө.

You’re my reality. I’m your mirage. Paul Celan

Аньсагыг минь бүлээцүүлж нарны гэрэл шиг төөнөхөд чинь сэрсэн ч гэлээ,

Гялбахгүйн тулд би урд насандаа нүдээ нээгээгүй юм.

Алган дээр минь шувуу шиг үүрээ засахыг чинь

Харахын тулд би хойт насандаа мод болно.

Нүдээ нээгээгүй ч гэсэн, яг л энэ дүрээрээ

Нүүрнээсээ инээд сацруулан зогсохыг чинь үзсэн.

Мартахгүйн тулд би мөнхийн санагалзлаараа

Манант он жилүүдийн төгөлд тэмдэг тавьсан.

Учирсан дороо чамайг таниад, өлмийд чинь

Навчис дэвсэхийн тулд би хойт насандаа мод болно.

Намайг ахиад л иржээ гэдгийг мэдрээрэй!

Намар байх болно.

 

 Хошууч Ж.ОЮУН-ЭРДЭНЭ

"ТЭД БА БИД" номын хоёрдугаар дэвтэрээс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ7 цаг 7 минутын өмнө“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ7 цаг 8 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ7 цаг 12 минутын өмнөОнцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа8 цаг 2 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 37 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39