21 АЙМГИЙН ДУУНЫ ЭХЛЭЛ БОЛСОН “ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ОРОН” ХЭРХЭН БҮТЭВ

Хилийн 0224 дүгээр тусгай салбарын Захирагчийн Ⅰ орлогч, штабын дарга МУСТА, дэд хурандаа У.Пүрэвсүрэнгээс түүний “Цэнхэр тэнгэрийн орон” дуу хэрхэн бүтсэн талаар сонирхлоо.

-“Цэнхэр тэнгэрийн орон” дуу Увсчууд төдийгүй нийт монголчуудын сонсох дуртай дуу болсон. Та энэ дуу хэрхэн бүтсэн түүхийг манай уншигчдад ярьж өгөхгүй юу?

-Унасан газар, угаасан усаа хайрлахгүйгээр эх орноо хайрлах, ээжийгээ хайрлахгүйгээр эмэгтэй хүнийг хайрлах тухай ойлголт байхгүй. Унасан газар, угаасан ус минь цэнхэр тэнгэрийн орон. Эх орон, Монгол Улс минь ч цэнхэр тэнгэрийн орон. БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Сансарт хүн нутаг орон, аймаг, сум гэхээсээ илүү эх дэлхийн тухай боддог болов уу. Сансрын уудмаас дэлхийг харахад нялх цэнхэр яргуй шиг харагдсан. Бөв бөөрөнхий, цэв цэнхэр...” гэсэн байдаг. Тийм л агуулгаар энэ дууны нэр өгөгдсөн юм. Бид 2014 онд бригадаар явахдаа баруун аймгуудаар тойрлоо. Ховд аймаг хүрэн бор уулстай, Баян-Өлгий мөн тийм бор шаргалдуу. Увс нутагт очиход Үүрэг нуур, Цагаан шувуут уул нь цэнхэртэж харагдахгүй юу. Манайх чинь их уулсын орон шүү дээ. Тэгэхэд, “Найруулагч аа, таны нутаг ямар үзэсгэлэнтэй юм бэ” гэж манай залуучууд дуу алдаж байсан юм. Ингээд л,

 “Ийм л нутаг даа, миний цэнхэр хязгаар

Тэнгэрийн диваажин миний унасан газар” гэдэг шүлгийн мөр анх буусан. Манай нутаг Увс, Ачит, Айраг, Хяргас гээд маш олон нууртай, Хархираа, Ханхөхий, Цаст цагаан дэглий зэрэг олон сүрлэг хайрхантай, хотон, дөрвөд, баяд, илжгэн халх, сартуул гээд олон ястантай хэрнээ “Увс нуур”-аас өөр олонд түгсэн дууны уран бүтээл ховор. Ингээд л нутгийнхаа бүх сайхан зүйлийг энэ дуундаа багтаах юмсан гэж бодож дөрвөн бадаг шүлэг бичсэн дээ. Аялгууг нь СТА, ая зохиогч Б.Пүрэвсүрэн хийсэн юм. Бидний дууг нэг өдөр МУГЖ, дуучин С.Жавхлан сонсоод дуулах санал тавьж, тэр жил нь манай нутгийн 90 жилийн ой тохиож, энэ ойд зориулсан бүтээл төрсөн түүхтэй.

Аав минь надад, “Миний хүү өндөр уулсын оройг харж яваарай. Бодол нь уудам байдаг юм. Өргөн их нуурынхаа цаад үзүүрийг харахыг хичээгээрэй, сэтгэл чинь тэр хэрээр цалгиатай байдаг юм” гэдэг байв. Тэгээд,

“...Аргалын утаа уугиж л байдаг тэнд гэр минь бий

Алтайн уулс нь дүнхийж л байдаг тэнд бодол минь бий

Шаргал талаар хөлтэй найранд уянга минь бий

Сарьдаг хөхийн уулсын ширхэг чулуу зүрхэнд минь бий” гэсэн дөрвөн мөр бичигдсэн. Харин “Шаргал талаар хөлтэй найранд уянга минь бий...” гэдэг мөртөөр энэ дуу маань найрын дуу болоосой гэж мөрөөдөж бичсэн юм. “

Тэр үед,

“Мандах наран дор нутаг минь байдаг юм

Маргах юмгүй тэнд дулаахан байдаг...” гэдэг дуу ид гарч ирж байсан даа. Тэгэхэд би мандах наран зүгт Сүхбаатарын нутаг байдаг бол миний нутаг наран шингэх зүгт шүү дээ гэж бодоод,

“Намар намартаа найрын дуу намдаж үзээгүй

Наран шингэх нутагт минь төлийн дуу тасраагүй...” гэсэн мөрүүд тэр бодрол дээрээс орж ирсэн.

Энэ дуу дөрвөн бадагтай. Дууны дундаж стандарт нь дөрвөн минут орчим байдаг. Энэ дууг дөрвөн бадагтай нь дуулахаар  долоон минут гаран болчихсон тул нэг бадгийг нь хасах шаардлагатай болсон юм. Гэтэл хайран санагдаад хасах бадаг үнэхээр олдоогүй. Тэгээд дунд нь “Намар намартаа найрын дуу намжиж үзээгүй...” гээд миний уншсан хэсэг бол нэг бадаг нь юм шүү дээ. Энэ бүтээл нутгийнхны төдийгүй монголын ард түмний сонсох дуртай дуу болсонд зохиогчийн хувьд баярлаж явдаг.

-Энэ дуугаа санамсаргүй энд тэнд явах үедээ сонсохоор танд ямар санагддаг вэ?

-Хүн бүтээлээрээ овоглогдож явах сайхан. Уран бүтээлчдийн хүрээнийхэн намайг “Цэнхэр тэнгэрийн орон”-ы У.Пүрэвсүрэн гэдэг юм. Түүнийг нь сонсоход надад тааламжтай санагддаг. Ийм том утга агуулгаар овоглогдож яваа хүн тэргүүн гудайж болохгүй шүү дээ. Мөн бүтээлээс бүтээлийн хооронд улам чанаржих хариуцлага ирдэг юм билээ. “Цэнхэр тэнгэрийн орон”-оос хойш төрсөн миний уран бүтээлүүд илүү чамбайрсан юм шиг надад санагддаг. Энэ дуу маань их өгөөжтэй бүтээл. Учир нь энэ дууг залгаад Монгол орны 21 аймгаас сүлд дуу бүтээлгэх санал ирж эхэлсэн. Саяхан би найм дахь аймгийнхаа дууг хүлээлгэж өглөө. Ховд, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Архангай, Дорноговь аймгуудын дууг хийлээ. Мөн 16 аймгийн дууны шүлгийг бичиж дуусаад байна. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн “Өнөд орших Өлгий нутаг” гэдэг миний үг, аяар бүтсэн уран бүтээлийг ийнхүү хүлээлгэж өгсөн юм. Энэ дууг дуучин МУГЖ С.Жавхлан дуулж, өнгөрсөн зун бид клипийг нь хийлгэсэн. Тун удахгүй казах хэл дээр дуулагдаж эхэлнэ. Энэ дууны утга санаа нь Баян-Өлгий аймаг олон ястны /уриантай, казах, тува/ үүрд дээдлэх өлгий нутаг шүү. Энэ олон ястнууд эвтэй найртай сайхан байгаасай, энэ сайхан нутгаараа бахархаж яваасай гэсэн утга агуулгатай.

-Уран бүтээлч хүний жаргал юу вэ?

-Уран бүтээлч хүнд ус агаар шиг хэрэгтэй зүйл бол тун нь таарсан урам юм. Миний хувьд заримдаа өөрийгөө урамшуулж боддог л доо. Миний сумандаа зориулсан дуу “Буурал даргын нутаг”, аймагтаа зориулсан дуу нь “Цэнхэр тэнгэрийн орон”, харин хил, хилчдэдээ зориулсан дуу бол “Эх орон тайван байна”. Чин хүсэл минь гэвэл уран бүтээлийн гүнзгий туршлага сууж, аймгуудыг хураасан бүтээл хийж бяр суусныхаа дараа Монгол эх орны тухай сайхан бүтээл хийхийг зорьж байгаа. Энэ зорилгын минь учиг ийнхүү хөвөрч л явна даа.

-Хил хамгаалах байгууллага 2022 оныг офицеруудын манлайллын жил болгон зарлаж, “Дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун хилчин” зорилт дэвшүүллээ. Үүнийг уран бүтээлч хүний хувьд хэрхэн хүлээж авч байна?

-Хүн энэ хорвоод зөвхөн ажиллаж, амьдрахаар ирсэн гэвэл ташаа ойлголт. Хорвоод амьдарна гэдэг нь өөрийн гэсэн тод мөрөө үлдээж, хүмүүн заяанд мэндэлсэн гайхамшигтай хувь тавиландаа амьдарсан шиг амьдраад буцахыг, үр хүүхэддээ сайн сайхнаар нэрээ дуурсгахыг, эх орондоо сайн сайхан зүйлийг хийж бүтээж үлдээгээд нэр төртэй явахыг хэлдэг болов уу. Манай байгууллагын зорилт үүнтэй уялдсан зорилт болсон гэж бодож байна. “Биеэ засаад гэрээ зас” гэж монголчууд ярьдаг. Биеэ засахын тулд ажиллаж амьдарч байгаа орчиндоо сэтгэл хангалуун байх ёстой. “Торгон хилийн зааг дээр би л байхгүй юм бол энэ хил сэтэрнэ, би энд байхгүй бол эх орны минь үнэ цэн алдагдана” гэсэн итгэл үнэмшлээр хийж буй ажилдаа эзэн нь байж, сэтгэл хангалуун явах ёстой. Сэтгэл хангалуун байсан цагт хүнд итгэл төрнө. Хүн хийж байгаа ажлаасаа урам зориг, эрч хүч авч чадвал энэ учиг сүвлэгдэх л ёстой. Дайн тулаанд тугаа гудайлгахгүйн төлөө  хичнээн мянган цэрэг эрс амиа өргөдөг шүү дээ. Туг гудайх л юм бол тэнд байгаа мянган цэрэг шууд сөхөрнө. Тэр бол ямар нэг зүйлд үлгэрлэл байх ёстой гэсэн санаа. Тэр үлгэрлэл офицеруудад байх ёстой. “Үлгэрлэхгүй бол үглээд яах вэ” гэж үг бий. Үүнтэй уялдуулаад ХЦДБЧ-аас 2022 оныг уран бүтээлчдийн манлайллын жил болгохоор зорилго, зорилт, уриалгаа гаргасан.

 

 “Цэнхэр тэнгэрийн орон”

Сүрлэг Хархираан торгон салхи хацар илбээд

Сүүн давалгаатай Увс нуур тольдон мэлтийгээд

Зүрхэн еүдэн уул эцгийн суудлаар ханхайгаад

Зүймэл газрын зэрэглээ тэнгэрийн салхитай мяралзаад

Тийм л нутаг даа миний цэнхэр хязгаар

Тэнгэрийн диваажин миний унасан газар

Ижийн минь сэтгэл шиг цагаахан зон олон

Энэ биений үл тасрах амь нутаг минь

Үүлэн нөмрөг газрын энгээр зураглан нүүгээд

Үдшийн намуухан сэвшээнд залуу хос алхлаад

Үнэний төлөөх өвгөдийн сургаалийг түүх хүүрнээд

Үлгэрийн цэнхэр орон минь бодол эзэгнэн оршоод

Ийм л нутаг даа миний цэнхэр хязгаар

Тэнгэрийн диваажин миний унасан газар

Ижийн минь сэтгэл шиг цагаахан зон олон

Энэ биений үл тасрах амь нутаг минь

Аргалын утаа уйгиж л байдаг тэнд гэр минь бий

Алтайн уулс дүнхийж л байдаг тэнд бодол минь бий

Шаргал талын хөлтэй  найранд   уянга минь бий

Сайхан нутгийн ширхэг чулуу ч зүрхэнд минь бий

Тийм л нутаг даа миний цэнхэр хязгаар

 Тэнгэрийн диваажин миний унасан газар

Ижийн минь сэтгэл шиг цагаахан зон олон

Энэ биений үл тасрах амь нутаг минь

Намар намартаа найрийн дуу  намжиж үзээгүй

Наран шингэх нутагт минь малын буян тасраагүй

Холоос гүйдэлтэй морь хаврын уянгатай янцгаасан

Хонгор үрсийн инээд жаргал даллан цангинсан

Ийм л нутаг даа миний цэнхэр хязгаар

Тэнгэрийн диваажин миний унасан газар

Ижийн минь сэтгэл шиг цагаахан зон олон

Энэ биений үл тасрах амь нутаг минь

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39